Улаанбаатарт зохион байгуулах даншиг наадмын бөх, морь, сурын бай шагнал нь улсын наадмын байтай адил бөгөөд энэ удаагийн даншигт барилдах бөхчүүдийг цол харгалзалгүйгээр, сугалаагаар оноолт тааруулан барилдуулна.
Наадмаас начин, заан, арслан цолыг бөхчүүдэд шинээр олгож, дараа жилийн даншигт зөвхөн уг наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдах юм. Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадмыг нийслэлийн Буддын шашны сүм хийдүүд ирэх сарын 8-9-нд нийслэлд зохион байгуулна.
Энэхүү наадмаар дамжуулан үндэсний соёл, уламжлалыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэх юм. Иймд НЗДТГ-аас уг наадмыг дэмжин ажиллаж, аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох Mongolian Tourism Market (MTM)-ийг наадмын үеэр зохион байгуулж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид "Саран хөхөө" дуулалт жүжгийг дэглэн олон нийтэд толилуулна. Мөн наадамд зориулан Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэхээс гадна Буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдана.
Энэ үеэр Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байна. Наадмын хөтөлбөрт Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоон худагт нээнэ. Мөн Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачдын үзэсгэлэн зохион байгуулах юм.
Наадмын өдрүүдэд Хүй долоон худагт 256 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох бөгөөд аймгуудын дунд урлагийн шилдэг үзүүлбэр, хамгийн амттай айраг шалгаруулна.