Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Энхжин: Ой тогтоолтын спорт нь хүний сурах үйл явцыг хөнгөвчилдөг


Ой тогтоолтын Дэлхийн аваргын мөнгөн медальт, зураг цээжлэх төрөлд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож 30 зургийг 14,4 секундэд  алдалгүй санасан Т.Энхжинтэй ярилцлаа.


-Өсвөр насны эрэгтэй хүүхдүүд ихэвчлэн сагсан бөмбөг, хөлбөмбөг, бөхөөр хичээллэдэг. Ингэхэд оюуны спортоор хичээллэх сэдлийг хаанаас олж авсан бэ?
-Би Солонгосын  нэг нэвтрүүлэг үзэж байсан чинь маш олон оронтой тоог цээжээр боддог хүүхдийн тухай гарсан юм. Тэрийг үзээд их сонирхолтой гоё санагдсан. Ийм сургалт манай улсад байдаг болов уу гээд судалж эхэллээ. Тэгээд 2012 онд оюуны спортын дэлхийн аварга Монголоос тодорч тухайн үед манай тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн тухай мэдээ үзсэн. Тэгэхэд л Монголд ийм спортын клуб байдгийг мэдсэн дээ.
-Ой тогтоолтын талаар судалж байхад хадаас үг ашиглах арга байдаг гэсэн. Хэдэн хадаас үгтэй вэ?
-Ой тогтоолтод тогтсон арга, техник гэж байхгүй. Маш олон төрлийн арга байдаг. Тэр аргуудаас өөртөө тохирсон аргыг нь олж сурах хэрэгтэй. Би хадаас үг хэрэглэдэггүй. Харин PVO гээд Tony buzan гэдэг хүний аргыг өөрчлөөд өөрийн болгон ашигладаг.
-Tony buzan-ны “Ой тогтоолтын нууц”-аас гэсэн ном монгол хэл дээр орчуулагдсан байсан. Чиний хувьд ямар эрдэмтний номыг ашиглаж байна вэ?
-Ном сурах бичиг ашигладаггүй. Манай Хатанбаатар багш тэмцээнд орохоос хэдэн өдрийн өмнө бидэнд өөрөө хичээл заадаг.  Багш 30-аад орны ой тогтоолтыг судалж аргуудыг нь эзэмшсэн болохоор бидэнд ихийг зааж сургадаг. Миний хувьд өөрийнхөө аргын талаар зөвлөгөө авч асуудаг.
-Чиний хувьд зураг цээжлэх төрөлд дэлхийн рекордыг эзэмшиж байгаа. Насны хязгаар гэж байдаг уу?
-Яг үндсэн тэмцээн бол насны хязгаартай. Миний орж рекорд тогтоосон тэмцээн бол дэлхийн 24 орны тамирчин оролцдог насны хязгааргүй тэмцээн байсан. Дэлхийд эрэмбээрээ эхний 24-т ордог тэмцээн юм. Тамирчид дундаасаа хамгийн залуу нь би байсан.
-Арван долоон насандаа дэлхийн рекордыг эзэм­шинэ гэдэг бол гайхалтай амжилт. Гэсэн хэдий ч хүн амжилтдаа ханадаггүй гэдэг. Ирээдүйн зорилго цааш­дын амжилт чинь юу болохыг сонирхмоор байна?
-Би дэлхийн аваргын мөнгөн медальтай. Дэлхийн аваргын алтан медаль авах зорилго тавьсан. Алтан медаль авсан хүүхдийг гадаа­дын мундаг их сургуулиуд урилгаар сургадаг юм билээ. Тиймээс гадаадын их сургуульд урилгаар сурахыг зорьж байна.
-Ямар мэргэжлээр су­рах төлөвлөгөөтэй байна вэ?
-Миний хувьд математик, физикийн хичээлдээ сонир­холтой. Тиймээс инженер болно гэж боддог. Гэхдээ ой тогтоолтоо хажуугаар нь хөгжүүлнэ.
-Цээжилж болохгүй зүйл гэж байх уу?
-Байхгүй. Бүхий л зүйлийг цээжилж болно. Хүний нэр, царай, тоо, үг, гадаад үг, юу нь ч мэдэхгүй дүрсийг хүртэл цээжилдэг. Мөн хурдан уншлага заадаг. Манай багш л гэхэд минутад мянга гаруй үг уншдаг.
-Монголд ой тогтоол­тыг хөгжүүлэх ямар бо­лом­жуудыг харж байна вэ?
-Хятад бол ерөнхий боловсролын сургуульдаа нэг цогц болгоод оруулчихсан байдаг. Туркт ерөнхий боловсролын сурагчдад ой тогтоолтын хичээл ордог. Хатанаа багш нэг туршилт хийсэн юм. Тэр нь нэгдүгээр ангийн хүүхдүүдэд үзэх ёстой хичээлийн агуулгыг нь нэг сарын дотор заагаад дуусгасан боловч холбогдох яамны мэргэжилтнүүд хүлээж аваагүй юм билээ. Ер нь, ой тогтоолт хүний сурах үйл явцыг маш их хөнгөвчилж өгдөг. Мөн олон дахин ном уншихгүй, дахин эргэж харахгүй гээд олон давуу талтай. Жишээлбэл, би дэлхийн аваргад явна гээд хоёр сар хичээлээсээ чөлөө авсан. Нэг улирлынхаа хичээлийг үзээгүй гэсэн үг. Хичээлдээ ирсэн чинь газар зүйн хичээл дээр амаар шалгалт авна гэсэн. Тэгээд би хичээлээ хорин минутад агуулгын нь уншаад асуугдсан. Тэгэхээр маш их цаг зав хэмнэнэ. Хичээлээ богино хугацаанд сураад чөлөөт цагаараа академик мэдлэг гэлтгүй хөгжим, спорт, бүжиг гээд олон зүйлийг оролдож үзэх боломж гарах юм. Энэ нь хувь хүний хөгжилд нь сайн нөлөөлөл болно.
-Ой тогтоолт хэмээх оюуны спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ?
-Хоёр дахь жилдээ хичээллэж байна. Манай багшийг Баасандорж гэдэг. “Megamind” клубийн багш.
-Бэлтгэл сургуулилтдаа хэр их цаг зав зарцуулдаг вэ?
-Одоохондоо өдөрт гучин минутыг зарцуулж байгаа. Тэмцээн дөхөхөөр сарын өмнөөс эрчимтэй бэлдэж эхэлдэг. Өдөрт дунджаар 7-8 цаг бэлтгэл хийдэг.
-Ой тогтоолтын спор­тоор хичээллэж эхэлснээс хойш амьдралд тань гарсан өөрчлөлт юу байв?
-Анх тамирчин болно гэж бодоогүй л дээ. Сурлагаа сайжруулах зорилгоор л хичээллэж эхэлсэн.  Тэр үед их сонирхолтой санагдсан учир тууштай хичээллэж тамирчин болохоор шийдсэн. Хамгийн анхны гарсан өөрчлөлт гэвэл сурлага маань сайжирсан. Мөн  олон улсын тэмцээнд орол­цох нь их сайхан санагддаг.
-Энэхүү спортоор хичээллэхэд хамгийн ихээр нөлөөлсөн хүн хэн байсан бэ. Эсвэл өөрийн тань сонголт байв уу?
-Анх энэ спортыг өөрөө судалж мэдээд бүртгүүлсэн хэрэг. Аав, ээж маань ч гэсэн судалж үзээд намайг их дэмжсэн. Одоо ч миний хамгийн сайн дэмжигчид. Тэмцээнд явахад  зардал мөнгөнөөс авахуулаад бүхий л зүйлээр тусалдаг. Бэлтгэл хийгээд оройтоход үргэлж намайг хүлээгээд сууж байдаг. Эхний зургаан тэмцээнд явахдаа хувиасаа зардал мөнгөө гаргаж байлаа.  Харин сүүлийн тэмцээнд оролцохоор явахад “Голомт банк” тодорхой хэмжээний санхүүгийн тусламж үзүүлсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан