Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Отгонцэцэгтэй хамтран шалгуулагчдын сонирхсон асуултад хариулж байна.
-Энэ жилийн шалгалтуудын үргэлжлэх хугацааг хэлж өгч болох уу?
/Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн төгсөгч/
-ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут байна. Харин монгол, англи, орос хэл, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байгаа.
-Гэрээний хуудас гэж юу юм бэ?
/Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн төгсөгч/
-Гэрээний хуудас гэдэг нь шалгуулагчийн зурагтай хувийн мэдээлэл бүхий шалгалтад орсныг гэрчлэх хуудас юм. Шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги танхимд мөрдөх дэгийг ёсчлон биелүүлэхээ гарын үсэг зурж баталгаажуулдаг.
-Шалгалтын дэвтэр гэж чухам юуг нь хэлээд байгаа юм бол. Хэлж өгч туслаач ээ?
/Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн төгсөгч/
-Шалгалтын дэвтэр гэж тухайн хичээлийн агуулга бүхий даалгавруудтай, 4-8 хуудас бүхий диаграмм, хүснэгт, бүдүүвч, зураг, эх бичвэр бүхий материалыг хэлээд байгаа юм. Энэ дашрамд хэрэг болох зарим мэдээллийг хүргэе. Сонгох хэлбэрийн даалгаварт өгөгдсөн хариултуудаас зөвийг сонгох хэрэгтэй гэдгийг анхаарна уу. Шалгалтын дэвтэр дээр бичигдсэн хувилбар хариултын хуудсанд бөглөсөн хувилбартай таарч буй эсэхийг нягтлан хараарай. Шалгалт бүрийн үргэлжлэх хугацаа, авах оноо өөр өөр учир дэвтэр дээрх гүйцэтгэх заавар санамжийг сайтар уншиж, хугацаагаа зөв зарцуулаарай.
-Хариултын хуудсыг бөглөхдөө юуг анхаарвал зохилтой вэ?
/Сүхбаатар дүүргийн Хөгжим бүжгийн коллежийн төгсөгч/
-Хариултын хуудсыг компьютерийн программ ашиглан, машинаар уншуулж, дүгнэхэд зориулсан тусгайлан бэлтгэсэн хариулт тэмдэглэх зориулалттай бичгийн хэмжээтэй хуудас юм. Хариултын хуудсыг бөглөхдөө дараахь хэдэн зүйлийг сайтар анхаараарай. Нэгдүгээрт, сонгох хариулттай даалгавруудаас зөвхөн нэг хариулт сонгож, хариултын хуудсан дээрх даалгаврын дугаараар будаж тэмдэглэ. Хоёр болон түүнээс дээш хариулт тэмдэглэсэн тохиолдолд тухайн даалгаврын хариулт хүчингүй болдог. Хоёрдугаарт, нөхөх хариулттай даалгаврыг гүйцэтгэхдээ хариултын хуудас болон шалгалтын дэвтрийн зааврыг анхааралтай унш. Гуравдугаарт, хариултын хуудсыг бөглөхдөө хар болон хар хөх өнгийн үзгэн болон тосон бал ашиглан бөглөж талбайгаас илүү гаргалгүй нямбай будаарай. Дөрөвдүгээрт, хариултын хуудсан дээр заавраас өөр тэмдэглэгээ хийсэн тохиолдолд хариултын хуудас хүчингүй болох бөгөөд дахин олгохгүйг анхаарах хэрэгтэй.
Эцэст нь гэж хэлэхэд хариултын хуудсыг тусгай машинаар уншуулдаг учир шалгалтын дэвтэр дээрээ зөв тэмдэглэсэн ч хариултын хуудсан дээр хариугаа тэмдэглээгүй бол хариулт хүчингүй болно. Иймд хариултын хуудсан дээр тэмдэглэгээ хийсэн эсэхээ сайтар хянаарай.