Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭЕШ ОРОН ДАЯАР 10:00 ЦАГТ ОРОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛЭЭР ЭХЭЛНЭ

Энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсч, их дээд сургуульд элсэн орох  43087 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Улсын хэмжээнд нийт 52 шалгалтын төвд 10 хичээлийн 182142 шалгалтыг  5556 зааланд зохион байгуулахаар болсон. Шалгалт маргааш Улаанбаатарын цагаар 10:00 минутад орос хэлний, 13:00 цагт хими, 16:00 цагт англи хэлний хичээлээр тус тус эхэлнэ.
Шалгуулагчид шалгалтын байр, анги танхим, хаана сууж шалгалт өгөх талаархи мэдээлэл агуулсан суудлын хуваарь буюу шар хуудсаа дөрөв хоногийн өмнөөс харьяа Боловсрол, соёлын газраараа дамжуулж, Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид ЭМШУИС-ийн 139 тоотод байрласан Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнээс өчигдөр авч дуусав. Харин хөдөө орон нутгийн өмнөх оны шалгуулагчид аймгийнхаа Боловсрол соёлын газраас  болон ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаасаа хүлээн авчээ.

Хэдийгээр Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ зохион байгуулж, авдаг болсноос хойш олон жил өнгөрсөн ч хэл амгүйхэн шиг ном журмаараа  болж байсан нь үгүй. Жил бүр л шалгалтын тестнийх  хариу нь таараагүй, өгөгдлүүд нь буруу байсан зэрэг гомдол дагуулах болсон. Ямартай ч, энэ жил Боловсролын үнэлгээний төвийн захирлын суудал эзэнгүй байгаа болохоор үүрэг гүйцэтгэгчтэйгээр шалгалтаа зохион байгуулах нь. Гэхдээ өмнө нь даргын алба хашиж байгаагүй түүнийг улс орныг хамарсан, олон хүүхдийн хувь заяаг шийдсэн шалгалтыг хэл амгүйхэн шиг зохион байгуулж чадна гэдэгт олон хүн эргэлзэж буй юм. Харин энэ талаар салбарын сайд нь “Үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Цэрэндулам бүх ажлыг зохион байгуулаад л явж байна. Өөртэй нь биечилж уулзаж үүрэг даалгавар өгсөн. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг өндөр хэмжээнд зохион байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэдгээ хэлэв.
Тэрээр мөн өнгөрсөн жилийн шалгалтын тест нэлээд алдаатай хэвлэгдсэн байсан болохоор  тестийг боловсруулахад гар бие оролцсон багш нарын хөлсийг өгөөгүй гэдгээ ч нуугаагүй. Тиймээс энэ жилийн хувьд шалгалтын тестийн хариу нь таарахгүй байсан, тестийн нууцлал, найдвартай байдлыг хангаагүй, ашиг хонжоо харж задруулах гэж оролдсон гэдэг гомдол сонсохгүй гэж найдъя даа. Ингээд маргааш шалгалт өгөхөөр бэлтгэлээ базааж буй хүүхдүүддээ зориулж хэрэг болох мэдээллүүдийг нь хүргэж байна.

Цагаасаа хоцорсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй нь

Шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай аж. Мөн шалгалт өгөх анги, танхимдаа 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байгаарай. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй гэнэ. Харин шалгалтад орохдоо дараахь материалуудыг бүрдүүлсэн байх ёстой юм байна.

Бүртгэлийн хуудас/баталгаажуулсан байх/
Суудлын хуваарь бүхий шар хуудас
Бүрэн дунд боловсролын үнэмлэх
Иргэний үнэмлэх

Анги, танхимд баримтлах дэг

Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном дэвтэр, ноорог цаас, зэрэг зүйлсийг авч орох, ашиглахыг хориглодог.  Мөн шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдын дэмжлэг авсан, тусгайлан бэлтгэсэн зүйл, ном зохиол ашигласан, бусдад тусалсан, өөрийнхөө оронд өөр хүн оруулсан, хоорондоо ярилцсан зэрэг хэлбэрээр хуурч мэхлэхийг оролдвол шалгалтын анги, танхимаас хөөж гаргах аюултай. Түүгээр ч барахгүй шалгалтын явцад саад учруулах ямар нэг үйлдэл, хөдөлгөөн зан авир гаргасан шалгуулагчийг шалгалтын журам зөрчсөнд тооцож шалгалтаас гаргадаг байна.

Шалгалтын дүнг ирэх сарын 1-нд нийтэд зарлана

Бүх шалгуулагчийн гэрээний болон хариултын хуудсыг Боловсролын үнэлгээний төв дээр  төвлөрүүлэн, шалгагч машинаар засч, дүн, оноог нэгтгэн гаргадаг байгаа.
Харин шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn веб сайтад тавих юм байна. Мөн ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг ирэх сарын 1-ний өдрийн 09.00 цагт www.eec.mn веб сайтад байрлуулаж, нийтэд мэдээлнэ гэнэ шүү.

Дүнгийн батламжийг ирэх сарын 3 хүртэл тараах нь

Шалгуулагчдын батламжийг ирэх сарын 1-3-ны өдөр хүртэл тараахаар болжээ. Шалгуулагч шалгалтын дүн, оноогоо өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан www.eec.mn веб сайтаас үзэж болох аж. Энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа сурч буй сургуулийнх нь захиргаанаас томилогдсон багш, ажилтнаасаа, орон нутгийнхан аймгийн Боловсрол, соёлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаасаа авах юм байна.
Харин Улаанбаатар хотын өмнөх онд төгссөн шалгуулагчид батламжаа БҮТ-ийн заасан газраас хүлээн авах нь. Батламж хоёр жилийн хугацаанд хүчинтэй байдаг учир үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгодоггүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан