Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй найман хувийн сургуульд мэргэжлийн бус багш ажиллаж байгаа зөрчлийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар илрүүлжээ. Улсын ахлах байцаагч А.Мөнхзаяагийн мэдээлснээр найман хувийн сургуульд мэргэжлийн бус багш ажиллаж байсан аж. Мөн багшлах эрхгүй, дөнгөж сургуулиа төгссөн хүн ажиллаж байсан гэнэ. Шалгалтад төрийн бус өмчийн буюу хувийн 19 сургуулийг хамруулсан байна. Эдгээрийн 18 нь мэргэжлийн бус нийгмийн ажилтантай гэх зөрчил илэрчээ.
Энэ зөрчлийг Нийслэлийн боловсролын газраас даруйхан арилгуулахаа мэдэгдээд байгаа юм. Нийслэлийн боловсролын газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул “Төрийн өмчийн, төрийн бус өмчийн гээд аль ч сургуульд мэргэжлийн багш нар ажиллах ёстой. Зургаан сар тутамд тухайн сургууль дахь сул ажлын байрны захиалгыг авч улмаар наймдугаар сард багшлах мэргэжлүүд дээр шалгалт авдаг. Ингээд тэнцсэн багш нарын жагсаалтыг сайтад байрлуулах замаар сургуулиудад сонголт олгодог. Энэ удаагийн шалгалтаар мэргэжлийн бус багш ажилласан зөрчил илэрсэн. Эдгээр сургуульд тусгай арга хэмжээ авна” гэв.