Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд дээд сургуульд элсэх шалгуурыг нэмж, элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 400 болгосон. Иймд өнөөдрөөс орон даяар эхэлж байгаа ЭЕШ-д сурагчид 400-аас дээш оноо авч байж аливаа их дээд сургуульд элсэх эрхтэй болох юм. Өмнө нь ЭЕШ-ын оноонд босго тогтоогоогүй байхад сурагчид авсан оноондоо тааруулан сургуулиа сонгодог байсан. Харин энэ жилээс бүх сургууль элсэлт авахдаа 400 ба түүнээс дээш онооны босгыг давсан сурагчдыг л бүртгэх юм байна. Мөн төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлийг сонгон суралцах хүүхдүүд ЭЕШ-д 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70 хувийг, 751-800 оноо авбал сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөх юм байна.