Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хувийн хэвшлийн зарим дээд сургууль дампуурч мэдэх нь

-Энэ жил их, дээд сургуулиудад 25210 оюутан шинээр элсэнэ-

БСШУ-ы сайд Л.Гантөмөрийн тушаалаар 2015-2016 оны хичээлийн жилд Монгол Улсын их дээд сургууль, коллежийн бакалаврын түвшний сургалтын өдрийн ангид элсүүлэн сургах оюутны тоог баталжээ. Ирэх хичээлийн жилд МУИС 3500, ШУТИС 3980, ХААИС 1600, Батлан хамгаалахын их сургууль 270, Боловсролын их сургууль 2500, СУИС 1000, АШУҮИС 1400 оюутан шинээр элсүүлэх тухай уг тушаалын хавсралтад заасан байна. Харин энэ жил хамгийн бага элсэгч авах сургуулиудын тоонд Азийн боловсролын дээд сургууль, Дизайн урлагийн коллеж, Сутай дээд сургууль тус бүр 20 оюутан элсүүлэх тоогоороо багтжээ. Хяналтын тоо ёсоор бол энэ жил 25210 элсэгч их, дээд сургууль, коллежид хөл тавих нь. Ямартай ч тушаалаар баталсан элсэгчдийн тоог мөрдөж ажиллахыг дээд боловсролын сургалтын байгууллагын захирал нарт үүрэг болгосон байна. Мөн тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга нарт даалгажээ.  
Энэ жилийн хувьд 12 дугаар ангийн тогтолцоонд шилжсэн анхны төгсөгчид их, дээд сургуульд элсэн орно. Гэхдээ ердөө 19,300 сурагч төгсч гарах учир сургуульгүй хоцорно гэж айлтгүй. Мөн өмнөх оны төгсөгчдийг оролцуулаад ЭЕШ өгөхөөр ердөө 25 мянга гаруй шалгуулагч бүртгүүлээд байгаа юм. Гэвч тэд энэхүү шалгалтыг өгөхөөсөө өмнө заавал монгол хэл бичгийн шалгалтаас 400 оноо авах босгыг давах ёстой болсон. Шалгалт нь өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд болж шалгуулагчдын 84,7 хувь нь тэнцсэн байдаг. Харин дахин шалгалтад 6500 хүн бүртгүүлсэн ч ердөө 3703 нь өгч тэдний 570 нь шалгалтдаа унаснаар ЭЕШ өгөх боломжгүй болсон. Ингээд бодохоор удахгүй болох ЭЕШ-ыг 20 гаруй мянган залуу өгөх болж таарч байна. Шалгалтдаа хангалттай оноо авч чадвал их, дээд сургуулийн босгыг давна чадахгүй бол ирэх жилийг хүлээнэ. Эсвэл босго оноонд тэдийлэн ач холбогдол өгдөггүй, сургалтын төлбөрөө төлж л байвал боллоо гэх хандлагатай хувийн хэвшлийн сургуульд шингэнэ гэсэн үг.
Тэгэхээр оюутнуудын тоог цөөлсөн биш төгсч гарч буй нь цөөн учир хувийн дээд сургуулиуд оюутнуудын хомсдолд орж мэдэх нь. Учир нь, БСШУ-ы сайдын баталсан элсэгчдийн хяналтын тоог төрийн өмчийн сургуулиуд нь шингээчихвэл ирэх хичээлийн жилд  зарим их, дээд сургууль хаалгаа барих нь гарцаагүй. Ингэж хэллээ гэж зарим хувийн сургуулийн захирал гомдох л байх. Гэхдээ л хувийн сургуулиуд орлогынхоо ихэнх хувийг сургалтын төлбөрөөс олдог нь хэнд ч нууц биш. Дээрээс нь манай дээд боловсролын тухай хуульд сургалтын төлбөрөөс өөр бусад хэлбэрээр орлого олох эрх зүйн зохицуулалт бараг байхгүй гэж хэлж болно. Олсон орлогынхоо ихэнхийг багш нарынхаа цалинд тавиад туучихдаг болохоор элсэгчдийн тоо буурч буй нь хүссэн хүсээгүй хувийн дээд сургуулиудын тоог цөөлж, дампуурал руу түлхэх нь дамжиггүй. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан