Б.ЦЭДЭВСҮРЭН
МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэтэй дээд боловсролын шинэчлэл болон саяхан болсон МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар яригдсан асуудлын талаар ярилцаа. МУИС-ийн Багш нарын холбооноос түүнийг хууль бусаар томилогдсон хэмээн үзэж буй. Энэ талаар түүнээс лавлахад “Чи наад асуудлаа БСШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газраас лавла. Тэд сайдад хуулийн дагуу энэ хүнийг томилож болно гэж зөвлөсний дагуу намайг энэ албан тушаалд томилсон. Төрийн албан хаагчийн дүйцүүлэх томилгоо хийхэд заавал сонгон шалгаруулалт хийх шаардлагагүй юм билээ. Би өөрийнхөө өмнөөс өөрөө тайлбар хийх нь ашиг сонирхлын зөрчил болно биз дээ. Миний хувьд хэвлэлээр гарсан болгоны араас хэл ам хийж хөөргөмөөргүй байна. Их сургууль бол хов живний бай биш. Монголын ард түмэн энэ нэрийг их хүндэтгэдэг” гэсэн юм.
-Дээд боловсролын шинэчлэл МУИС дээр хийгдэж эхэлсэн цагаас л Багш нарын холбоо эсэргүүцлээ илэрхийлж байна. АНУ-ын их, дээд сургуулийн загварыг “гэнэт” авч ирж нааж байгаа нь гурван сая хүнтэй манай улсад яасан ч тохирохгүй гэх юм. Энэ шинэчлэлийн хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллаж байсны тань хувьд асуултаа шинэчлэл хэзээнээс хийгдэж эхэлсэн талаар эхлүүлэх нь зөв болов уу?
-Их сургуульд хийгдэж байгаа шинэчлэл бол бүр холоос эхэлнэ. Монгол Улс яагаад ардчилал, хүний эрхийг дээдэлсэн нийгэм рүү шилжсэн юм бэ. 1980-аад оны сүүлээр Монгол Улс ардчиллын зарим үнэт зүйлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж ирсэн. Үндсэн хуулиа өөрчилж, засаглалын системээ шинэчилж эхэлсэн. Үзэл сурталд захирагдах биш иргэн хүн өөрөө өөрийнхөө хүслээр амьдрах боломжийг бүрдүүлж эхэлсэн. Өмнө нь хувь хүн гэсэн ойлголт байсангүй. Ард түмэн гэсэн нэгдсэн ойлголтод бариулаад тэрний хүсэл зоригийг илэрхийлэгч нь эрх барьж байсан нам болох маягаар явж байсан тэр системийг дарангуйллын систем гэж нэрлээд байгаа биз дээ.
Хүн сайн сайхан амьдарна гэдгийг засаг төрийг толгойлж байсан хүмүүс л тодорхойлж байлаа. Тэр хүмүүс таван жилийн дараа арван жилийн дараа нийгэм ямар байхыг шийдэж төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэгч дотроо барьж, хүмүүсийн хувь заяаг шийдэж ирсэн. Үүнийг л бид шүүмжилж хүмүүнлэг, энэрэнгүй, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэж Үндсэн хуулиа албан ёсоор тунхагласан шүү дээ. Дагаад боловсролын байгууллагуудын үүрэг, шинж чанар өөрчлөгдөж эхэлсэн. Өмнө нь мэргэжилтэн бэлтгэдэг системтэй байлаа. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтаа тохирсон систем. Дөрөв, таван жилийн дараа сургууль төгсч гарч байгаа 25, 50, 100 хүнийг ийм үйлдвэрийн энэ албан тушаалд томилно гээд төлөвлөчихөөд түүндээ зориулж сургаж байсан. Тийм учраас ажилтан бэлтгэдэг систем гэж нэрлэж байгаа юм. Цаана нь байгаа үйлдвэр аж ахуйн газрууд нь ч үүнийг дагаад хэдэн хүн ажиллах, хэдэн төгрөгөөр цалинжуулах гээд уялдаатай болж ирнэ.
-Гэхдээ энэ систем 1990 оноос эхлээд байхгүй болчихсон?
-Яг тийм. Зах зээлийн нийгэмд орж, эдийн засаг хүртэл хувийн секторт шилжсэн шүү дээ. Монгол хүн хаана, хэдэн төгрөгийн цалинтай ажиллах юм. Ажил олгогч ажиллах хүндээ ямар нөхцөлийг санал болгох юм гээд гэрээ хэлцлийн нөхцөл рүү шилжиж төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг байхгүй болсон. Ингэхээр хүмүүс зах зээл дээр өөрийнхөө ажлын байрыг өөрөө сонгох эрхтэй болчихож байгаа юм. Зарим нь өөрөө ажлын байр бий болгосон. Ийм шинэ орчин бүрдэхээр хүмүүсийн эзэмшиж байсан боловсролд өөрчлөлт гарна биз дээ. Үүнд илүү сайн нийцэж тохирох боловсролын систем хаана байна вэ гээд бүгд л эрэлд гарсан. Энэ дундаас чөлөөт зах зээлийн нийгэмд боловсролын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас Хойд Америкийн боловсролын системийг баримжаа болгоод 1990-ээд оноос сонгочихсон. Тэр дагуу өөрчлөлт хийж эхэлсэн. Тэр үеэс дуулдаж сонсогдоогүй бакалавр, магистр гэсэн нэр томъёо орж ирсэн. Үнэн чанартаа бид бакалаврын боловсрол олгохоор чигээ тогтоосон ч хөтөлбөрөө өөрчлөлгүй мэргэжилтэн бэлтгэсээр ирлээ. Тийм учраас мөн чанарт нь нийцүүлж хийх шилжилтийг өнгөрсөн хичээлийн жилээс эхэлж хийсэн юм. Тэгэхээр эх сурвалж бол Галтбаяр захирлаас ч өмнө тавигдсан байгаа биз дээ. Галтбаяр захирлыг ажлаа авч баг нь бүрдсэний дараагаар энэ ажлыг жинхэнэ утгаар нь яаж хийх вэ гээд шийдлээ хараад эхлүүлсэн хэрэг.
Үүнээс өмнө маш нарийн мэргэшсэн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байсан. 10, 11 дүгээр анги төгсч байгаа хүүхдийг их сургуульд оруулаад дөрвөн жилийн дараа нефтийн эсвэл нийллэг эдлэлийн химич болгоно гээд мэргэжлийг нь сонгуулаад түүнийх нь дагуу элсэлт авч байсан. Гэтэл дөрвөн жилийн дараа төгсөөд гаргахад нь тийм ажлын байр байх ч юм уу, үгүй ч юм уу. Хэн ч хэлж чадахгүй байна. Өнөөдөр байгаа компаниудыг хар. Томоохон компаниуд гурван жилийн дараа аль салбарт бизнес хийж байх вэ гэдгийг хэлж чадах уу. Өнөө жил барилгын бизнес эрхэлж байснаа ирэх жил уул уурхай руу орчихсон дараа нь зам тээвэр, хөнгөн үйлдвэр гэх мэтчилэн ажил олгогчид хүртэл өөрсдөө хөдөлгөөнд оршиж байна. Ажлын байрны захиалгыг дөрөв юм уу таван жилийн дараах байдлаар хэн ч өгч чадахгүй байна. Тэгэхээр чиний эзэмших боловсрол дараа нь яаж хэрэглэгдэх вэ гэдгийг сурч байх явцад нь хөдөлгөөнд байлгаж, хөрвөх чадварыг бий болгох нь бидний сонгож аваад байгаа өргөн суурьтай систем юм. Өргөн суурин дээрээс богино хугацаанд аль ч салбар руу хөрвөж ажлын байр руу богино хугацаанд алдагдал багатай очиж чадах системийг бий болгож байна. Энэ бол сонголт биш. Амьдралын бодит чанар.
-Хойд Америкийн систем нь өөрөө манай улсад арай томдсон гэж яриад байгаа...
-Хойд Америк байна уу, Англи, Франц, Герман байна уу аль нь ч чөлөөт зах зээлийн нийгэмд энэ системээр л ажиллаж байна. Хөдөлмөрийн зах зээлд хүмүүсийн ажил эрхэлж байгаа талаар сүүлийн үед хийсэн судалгааг харж болно. Өнөөдөр их сургуульд хуулийн мэргэжлээр элсээд сургуулийн зүгээс санал болгож байгаа хөтөлбөрөөр сурч төгсөөд дараа нь тэтгэвэрт гартлаа тэр мэргэжлээрээ баталгаатай ажиллана гэж хэн ч хэлж чадахаа больсон. Мэдлэг өөрөө маш хурдан хуучирч байна. Ажил дээр гарсны дараа тэр хүн бас байнга тасралтгүй суралцаж байхгүй бол болохгүй нь ээ. Насан туршийн боловсрол гэдэг ойлголт зүгээр нэг судлаачдын тунхаглал биш. Хүн өөрөө идэвхтэй, бусад хүнтэй ажлын байрандаа өрсөлдөх чадвартай байхгүй бол нэг байрандаа тэсч үлдэх боломжгүй байна. Өнөөдрийн бодит байдал энэ. Байнга л мэдлэгээ сэлбэж байхгүй бол дороос залуучууд олноороо гарч ирнэ. Тэд илүү соргог байна. Хүн хэн болох вэ гэдгээ өөрөө сонгоно. Чөлөөт сонголтын нийгэм. Үүнд тохирсон үйлчилгээг л бид бий болгохоор ажиллаж байна.
-Тэгвэл нэг системийг тэр чигээр нь хуулаад авчирчихсан хэрэг биш гэсэн үг үү?
-Тэд чинь өөрсдөө хөдөлгөөн дунд байна. Өнөөдөр хамгийн тэргүүлэх эгнээнд байгаа олон улсын сургуулиудыг зэрэглэж байгаагаар бол Харвардын их сургууль, Масачусетсийн их сургууль, Стэнфорд, Йелийн их сургууль, Кембридж, Оксфорд л эхний хэдэн байрт жагсдаг. Тэд ч гэсэн өнөөдөр хөдөлгөөнтэй байна. Байнга л хөтөлбөрөө шинэчилдэг. Тэд 100 юм уу арван жил энэ хөтөлбөрөөрөө яваагүй. Бүх улсын их сургуулийн хөтөлбөр хөдөлгөөн дунд байна. Яагаад гэвэл тэдний үйлчилгээг хүлээж авдаг хүмүүс тавьж байгаа шаардлагаа өөрчлөөд байна. Тэрэнд нь хүрч чадахгүй бол оршин тогтнох нөхцөлгүй болно. Энэ дунд л Монголын сургуулиуд явж байгаа юм. 1990, 1995, 2000 онд байсан чигээрээ хүний хэрэгцээг хангаад явна гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Зүгээр л амьдралын шаардлагаар хувьсч өөрчлөгдөж байгаа юм. Үүнийг их сургуулийн багш нар ч гэсэн өөрсдөө мэдэж байгаа. Харин өөрчлөх хэлбэр дээр өөр өөр байр суурь байна. Тэр бол байх л асуудал. Хүн бүр өөр өөрийн саналаа оруулах ёстой. Өнөөдөр их сургууль дээр өрнөж байгаа процесс бол ерөөсөө л энэ.
-Төрийн өмчийн их, дээд сургуулиудад энэ шинэчлэл нэг гараанаас эхэлсэн гэхэд болно. Гэтэл яагаад МУИС дээр хэл ам гараад байдаг юм бэ гэсэн асуулт гарч ирж байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Их сургууль дээр хийгдэж байгаа шинэчлэл бол бусад сургуулиас арай өөр. Яагаад гэхээр ШУТИС инженер бэлтгэдэг. Инженер гэдэг нь мэргэшсэн ажил. Техникийн үзүүлэлтүүд байдаг ч юм уу харьцангуй тогтвортой байх хэсэг нь нэлээд том байр суурь эзэлдэг. АШУҮИС бол эмч бэлтгэж байна. Багш бэлтгэх систем мөн адил. Нэг л төрлийн мэргэжилтэн бэлтгэж байна. МУИС бол суурь шинжлэх ухааныг хамарсан цор ганц сургууль. Физикч, химич, математикч, эрхзүйч, социологич, сэтгүүлч гээд л бүх салбарт мэргэжилтэн бэлтгэж байна. Тэдний олонхид нь чөлөөт сэтгэлгээ, өргөн хүрээтэй философи суурь нь болдог. Төгсч гарсны дараа тэд мэдлэгийн салбарт ажилладаг. Классик, сонгодог, компренсив их сургууль. Үүгээрээ бусад их сургуулиас ялгарч байгаа юм. Тэгэхээр өмнө нь мэргэжилтэн бэлтгэж байсан сонгодог их сургуулийг чөлөөт сэтгэлгээний өргөн суурьтай хөтөлбөрт шилжүүлэхээр нэлээд өвөрмөцөөр хийгдэж байна. Зарим хөтөлбөр орвонгоороо өөрчлөгдөнө. Ийм болохоор урьд өмнө мэргэжилтэн бэлтгэхдээ харьцангуй олон жилээр өөрчлөлгүй хэвшсэн хөтөлбөрийг агуулгынх нь хувьд өөрчлөхөөр энэ байдалд дассан сэтгэлгээнээсээ хүмүүс салж чадахгүй байгаа юм. Багш нарт өөрийнхөө итгэл үнэмшилтэй зөрчилдөж байгаа зүйл гарч байна. Тэрнээс зөрчил гарч байна л гэж харж байна. Зөрчил гарахаас ч өөр арга байхгүй.
-Анх шинэчлэл хийгдэж байхад оюутнууд багш нарыгаа сонгоно гэхэд багш нар ажилгүй болох нь гэж байсан. Гэтэл саяхан болсон Удирдах зөвлөлийн хурлаар багш нараа хувийн сургуулиуд руу алдаж байгаа учраас цалинг нь нэмнэ гэж ярьсан байх юм...
-Багш нарыгаа сонгодог систем ялангуяа МУИС дээр байхаас өөр арга байхгүй. Энд Монгол Улсын хамгийн шилдэг хүүхдүүд ихэвчлэн оюуны салбарыг сонгож орж ирж байгаа юм. Тэр хүмүүст хэрхэн сурах вэ гэдэг сонголтыг илүү өргөн хүрээнд хийх боломжийг бий болгох ёстой. Эмч нарын хувьд ийм сонголт арай бага. Хүн эмчлэх технологи нь өөрөө шалгагдаад, тогтчихсон. Түүнийг л сурах хэрэгтэй. Тэгж байж хүний амь настай холбогдох эрхийг авч байгаа юм. Гэтэл социологич хүн харьцангуй хараат бус, чөлөөтэй сэтгэх хэрэгтэй. Тиймээс оюутан нь өөрөө хөтөлбөрөө боловсруулдаг энэ байдал улам бүр нэмэгдэж байна. Мэдлэгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бол энэ зарчимд шилжих шаардлагатай. Өмнө нь багш зөвхөн өөрийнхөө уншиж судалсан, итгэж үнэмшсэн зүйлээ оюутанд тулгадаг байр суурь их сургуульд байдаг байсан. МУИС ямар нэг зүйл дээр эргэлздэг, өөрийнхөөрөө болгож баталдаг, асууж сурагладаг тийм л хүмүүсийг бэлтгэх ёстой. Ингэж байж мэдлэгийн орон зайд амьдарч чадна. Тэгэхээр хөтөлбөрөө шинэчлэх шаардлага гарч байна. Багш лекц уншаад хүүхэд түүнийг нь хэр зэрэг цээжилснээ шалгуулдаг систем ард хоцорсон. Харин оюутандаа сонголтыг үлдээдэггүй багш их сургуульд байж болохгүй. Оюутныхаа сонголтыг урамшуулж, сонголт хийж байгаагаар нь бахархаж чаддаг багш л энд хэрэгтэй. Удирдах зөвлөлийн хурлаар багш нараа алдаж байна гэсэн яриаг би сонсоогүй. Ер нь их сургуулийн багш нарын хөдөлмөрийг сайн үнэлэх ёстой. Хамгийн шилдэг багш нарыг энд байлгах хэрэгтэй. Зөвхөн Монголоос төдийгүй гадаадаас шилдэг багш нарыг урьж ажиллуулах чадвартай болгох ёстой. Ялангуяа манай залуу чадвартай багш нар АНУ, Германы сургуульд ажиллаж байна. Тэр хүмүүсийг буцааж авчраад энд ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Тиймээс сургалтын төлбөрийн хэмжээ үүнийг даахаар байх шаардлагатай гэж ярьсан. Тэгвэл буруугаар ойлгоод тайлбарлаад яваа хүн байгаа юм байна.
-Удирдах зөвлөлийн хурлаар ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрийг нэмэх асуудлыг хэлэлцсэн гэсэн. Эцэслэн шийдэгдсэн үү?
-Статистикийн ерөнхий хорооноос гаргасан албан ёсны инфляцын түвшинг харгалзан үзсэн. Одоо жилийн хагас л болж байна. Үүнээс хойш хаашаа ч эргэж магадгүй. Ер нь сургалтын төлбөрийг тогтоох төлөвлөгөөгөөр ирэх жил хийх ажлын зардлын хэмжээг бодож бодит тоо гаргасан. Сургуулийн төсөвт сургалтын төлбөрийн эзлэх хэмжээ буурч байгаа. Өнгөрсөн жил байснаас 2-3 хувь буулгаж тооцсон. Өөрөөр хэлбэл, сургуулийн удирдлага өөртөө үүрэг авч байна. Бусад эх үүсвэрээс зардлаа санхүүжүүлэх боломжийг бий болгох юм. Гэсэн ч үнэ тарифын өөрчлөлт болон оюутнуудад чөлөөт сонголт бий болгох, номын санг баяжуулах зэрэг бүх зардлыг тооцоод хоёр, гурав, дөрөв, тав дахь жилдээ суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг 15 хувиар нэмэх бодитой хэрэгцээ байна гэсэн тооцоо хийсэн. Үүнийг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээд 12 хувь болгож бууруулсан. Шинээр элсч байгаа оюутнуудын хувьд шинээр төлбөрийн харьцаанд орох гэж байна. Тиймээс түрүү жилийн төлбөрөөс жаахан өснө. Төлбөрийн хэмжээ удахгүй эцсийн дүнгээрээ зарлагдана. Гэхдээ үүнийг бусад сургуультай харьцуулахад ойролцоо байна. МУБИС-ийн Удирдах зөвлөл сургалтын төлбөрөө шинэчлэн тогтоосон талаар мэдээлэл авсан. Бидний хувьд хэрэгцээ илүү байгаа л даа. Гэсэн ч эдийн засгийн байдал, оюутанд очих ачааг бодолцож үзээд шийдвэрээ гаргасан.
-1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө акталсан гэж Удирдах зөвлөлийн хурлаар ярьсан гэсэн. Тэр ямар хөрөнгө байсан юм бэ?
-Ер нь аливаа юм элэгдэж актлагддаг. Акталсан бараа бүтээгдэхүүн анх бичигдсэн үнээрээ тооцоо гаргахад 1.9 тэрбум болж байгаа юм. Тэр дунд хүн ашиглахаар зүйл ч байгаагүй. Оюутнууддаа дэлгэж үзүүлсэн. Хэрэв энэ дундаас ашиглах зүйл байвал аваарай гэсэн чинь хэн ч юу ч аваагүй. Сүүлийн жилүүдэд огт ашиглаагүй олон тооны ном байсан. Агуулгын хувьд хуучирсан. Олон гар дамжаад хэрэглэхэд ч хэцүү болчихсон байсан. Тэрийг хадгалаад байх байр сав ч дутмаг байна. Ихэнх нь л ном. Хуучин тавилга хэрэгсэл ч байна. Засах гээд ч засвар авахаа больчихсон. Элэгдлээ нөхчихсөн. Тэгээд ч энэ сургууль чинь Монгол Улсын хамгийн ахмад нь болохоор тавилга хэрэгсэл маань хуучирч муудаж байна. Хэрэв хүсвэл акталсан зүйлсийг үзэж болно.
-Ном гэж ярьснаас шинэчлэлийн хүрээнд ном сурах бичиг ч гэсэн өөрчлөгдөх үү?
-Сургууль бол өөрөө шинэ агуулгатай номнуудыг захиалж бичүүлж байна. Энэ ажилд 200 гаруй сая төгрөгийн төсөв гаргасан. Ихэнх номыг электрон хэлбэрээр авна. Одоо дэлхийн их сургуулиудын номын сан электрон хэлбэр рүү шилжиж байна. Оюутнуудын хэрэглэж байгаа тоног төхөөрөмжүүд ч гэсэн электрон хэлбэрт шилжих нөхцөлийг бүрдүүлчихсэн. Тиймээс бид зарим номын сангаа сонголттой болгож байна. Хүн заавал ном уншихын тулд номын санд ирээд цаг заваа үрээд байх шаардлагагүй. Зохиогчийн эрхийн тал дээр зөвхөн бүртгэлтэй, тухайн хичээлийг сонгосон оюутнууд тухайн номыг хэрэглэх нөхцөлөөр хангана. Бид ашиг олох зорилгогүй болохоор зохиогчийн эрхийг зөрчихгүй.
-МУИС оюутнууддаа степент өгөх гэж байгаа гэсэн...
-Өнгөрсөн жилээс цөөн оюутанд олгосон. Ер нь их сургуулийг дэмжигчдийн хөрөнгөөр тэтгэлгийн санг бүрдүүлнэ. Энэ жил төгсөгчдийн уулзалт болсон. 1997 оны төгсөгчид 53 сая төгрөгийн санг их сургуулийг дэмжихэд зориулж үүсгэлээ. Энэ бол нэг жилийн ганцхан ангийнхны хандив. Тиймээс цаашид багш нарын судалгааны ажил болон оюутнуудыг дэмжсэн сан бүрдүүлнэ. Их сургуульд оюутнуудад зориулсан 10 гаруй тэтгэлэг байдаг. Үүнийг 200 гаруй оюутанд өгдөг. Ихэнх нь гадны эх үүсвэртэй. Тухайлбал, БНСУ, Японы байгууллагуудын хөрөнгө оруулалт үүнд хамаарна. Зарим оюутан нэг сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг авдаг. Монголчууд өөрсдөө мэдлэгийг дэмждэг болж байна. Энэ бол соёл. Өнөөдөр амжилттай сурч байгаа оюутнууд ирээдүйд амжилттай бизнес хийгээд эргээд сургуулиа дэмжинэ. Энэ бол академик ертөнц дотор тогтсон хамгийн сайн соёл. Үүнийг Монголд бий болгох хэрэгтэй.
-Шинэчлэл рүүгээ эргээд оръё. Зарим хүн оюутнууд өөрсдөө хөтөлбөрөө зохионо гэдгийг ойлгохгүй байна. Математикч болох гээд элссэн хүүхэд сэтгүүлч болоод төгсчих вий гэсэн болгоомжлол байна л даа. Та үүнийг тайлбарлаад өгөөч?
-Ер нь сурч байх явцад хүний сонголт өөрчлөгддөг. Английн Империал коллеж гэж дэлхийн шилдэг 20-ийн тоонд ордог сургууль байна. Тэр сургуулийн инженерийн ангийн оюутнуудад судалгаа явуулсан байгаа юм. Шинэхэн оюутнуудаас сургуулиа төгсөөд инженер болох уу гэхэд 80 хувь нь тийм гэж хариулсан. Сургуулиа төгсөхийн алдад тэр хүүхдүүдийн тал хүрэхгүй хувь нь үлдсэн байна. Энэ чинь дээр ярьсан сурч байх явцдаа сонголтоо хийдгээс хамаарч байгаа юм. Нөгөө талд сургуулийн санал болгож байгаа нөхцөл хязгаарлагдмал. Сонголтоо өргөн байлгахын тулд сурч байх явцдаа амжилт гаргах хэрэгтэй. Надтай хамт суралцаж байгаа хүүхдүүдээс би түрүүлж сонголтоо хийх ёстой. Үүний тулд хөдөлмөрлөнө гэдгийг бүгд ойлгосон байгаа. Одоогоор салбар бүртээ уялдаатайгаар сонголт хийх системийг бий болгож байгаа учраас сонгож элссэн мэргэжлээсээ тэс өөр мэргэжлээр сурна гэж байхгүй.
-Хамгийн сүүлийн асуулт. УБИС-ийг МУИС-ийн харьяанаас гаргасан нь буруу гэж үзэх хүмүүс байна. Учир нь тус сургууль бакалавр олгох зөвшөөрөлгүй учраас 300 гаруй хүүхэд хохирох нь гэх юм. Үүнийг тайлбарлаад өгөөч?
-Бакалавр олгох зөвшөөрлийг БСШУЯ олгодог. Үүнийг холбогдох хүмүүсээс нь асуу. Би зөвшөөрөл олгохгүй шүү дээ.