Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Афганистан хүүхдэд хамгийн халтай улс

Хүний эрхийг хамгаалах шинжээчдийн ажлын хэсэг Афганистаны хэд хэдэн мужид явуулсан судалгааныхаа эцэст уурхайд ажилладаг хүмүүсийн дөрөвний нэг нь хүүхэд байна хэмээн дүгнэлтээ гаргажээ. Зургаан сарын хугацаанд Герат, Парван, Баглан, Тахар мужид судалгаа хийсэн байна. Ажлын хэсгийн ахлагч Аттаулла Атта Засгийн газарт нь хүүхдийн эрхийг хамгаалах талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг зөвлөжээ. “Афганистаны жирийн иргэдийн эрхийг хамгаалах талаар нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүний эрхийг хамгаалах асуудлаарх туслах Иван Шимонович мөн хэлж байсан удаатай.
Тус улсад насанд хүрээгүй төдийгүй тэдний олонхи нь найман нас ч хүрээгүй хүүхдийг байлдааны ажиллагаанд оролцуулж байгаа 97 тохиолдол. Түүгээр ч үл барам алан хядагч, амиа золиослогч болгон ашиглаж байгааг НҮБ-ын түшмэл мэдээлэлдээ дурдлаа. Тэдний ихэнхийг сөрөг хүчний зэвсэгт “Талибан” хөдөлгөөн, Хаккани бүлэглэл ашиглаж буй гэв. Хүүхдүүдийг  тэсрэх бодис суурилуулах ажил хийлгэх, бэлгийн боол болгон ашиглах явдал түгээмэл аж. Алан хядагч болгохоор Пакистанд илгээж бэлтгэдэг баримт ч гарч иржээ.
Нэг удаа 15 настай хүү Афганы Газни мужийн Мукур дүүрэгт амиа золиослогч болж цагдаагийн хэсгийн байр луу дайрч бөмбөг дэлбэлээд цагдаагийн гурван ажилтан, энгийн хоёр иргэний амийг хөнөөн 16 хүнийг шардуулсан.
Цагдаагийнхан 12 настай хүү өөрийгөө дэлбэлэн амиа алдсан тохиолдол ч гарч байжээ. Кунар мужид бөмбөг тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж байсан жаал хүү тэсрэх бодист өртөн шархадсан гэнэ. Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Газни хотод алан хядагчидтай нэгдсэн 11 хүүхдийг саатуулсан бол Афганистаны баруун нутагт 132 хүүхэд сайн дураараа тулалдаж байгааг илрүүлжээ.
Хамгийн аймшигтай нь “Талибан” хөдөлгөөний нийтэлсэн захидалд 10 хүүхэд хулгайлснаас хоёрыг нь Афганы үндэсний аюулгүй байдлын хүчний талд тагнуул хийсэн хэргээр цаазалж хороосон гэж дурдсан байдаг. Хоёрыг нь цаазлахын өмнө тамлан зовоосон гэдэг.
Талибан хөдөлгөөнийхөн зарим сургуулийг өөрсдийн хяналтад авч сурагчдын тархийг угаах замаар хүүхдүүдийг тулаанд бэлтгэх, алан хядагч болгох эхлэлийг тавьдаг байна. Мэдээж тэднийг Коран судрыг дагаж, ямар ч тушаалыг үг дуугүй биелүүлэх, алан хядахад сургадаг гэнэ. Үүний зэрэгцээ охидын сургууль, сургалтын бусад байгууллагыг айлган сүрдүүлэх, дарамтлах байдал тасардаггүй аж. Багш, сурагчид руу хүчил цацна гэж заналхийлсэн захидал Нангархар мужийн сургуулиудад ирсэн бол Забуль мужид “Талибан” хөдөлгөөнийхөн Засгийн газрыг эсэргүүцэж 40 сургуулийг хаажээ. Энд 13 багшийн амийг хөнөөж, найман багшийг зэвсэгт этгээдүүд хулгайлсан юм.
Афганистаны Боловсролын яам тус орны өмнөд нутагт 539 сургуулийг хаахад 115 мянган хүүхэд сурах эрхгүй болж, хохирсон хэмээн мэдээлсэн. Мөн зүүн өмнөд бүсэд 39, баруун нутагт 18 сургуулийг хаагаад байна.
Үүнээс гадна зэвсэгт бүлэглэлийн аюулаас сэргийлэх гэж Афганистаны үндэсний аюулгүй байдлын албаныхан сургуулийг цэргийн зориулалтаар ашиглаж хичээл тасалдуулах явдал 15 удаа гарчээ. Засгийн газрын шийдвэрээр сургууль эмнэлгийг цэргийн зориулалтаар ашиглаж болох хуулийн заалттай гэнэ.
Афганистаны Кундуз мужийн Хар тамхитай тэмцэх албаны удирдагч Абдул Башир Муршайдын хэлснээр хар тамхинаас хараат 30 мянга хүн бий. Ихэнх нь бага наснаасаа хар тамхи зөөж, татаж өссөн. Нийслэл Кабулд гэхэд л 300 мянган хүүхэд хар тамхины наймаанд орооцолдсон байдаг. Тэднийг гашиш, героин өөр бусад зүйл наймаалахад ашигладаг. Олонхи нь ар гэрээ тэжээхийн тулд хар тамхи зөөвөрлөн наймаалж, зарим нь ах дүүстэйгээ хамтран үүнээсээ орлого олдог гэсэн юм.
Ийм учраас Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллага Афганистаныг хүүхдэд хамгийн халтай орон гэж зарлаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан