Ерөнхий боловсролын сургуулиудын болон сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэгүүд амарсан тул хүүхэд багачууд маань зуныг зугаатай өнгөрүүлэхээр “ура” хашгирч байна. Хэдийгээр зуны гурван сарын хугацаанд эрх дураараа тоглож наадна хэмээн багачуул маань баяр, хөөртэй байгаа ч эцэг, эхчүүдийнх нь хувьд асуудал нэгээр нэмэгдэв. Элдвийн мөнгө төгрөг нэхээд дараа болдог байсан цэцэрлэг нь их нэмэртэй байж хэмээн өөр хоорондоо ярих. Аргаа барсан тэд хүүхдээ есдүгээр сар хүртэл хэнд, хэрхэн харуулах вэ хэмээн толгойгоо гашилгаж сууна.
Ах, дүү олуулаа нь хэн нэгнээр нь хүүхдээ харуулчихна. Зарим нь өвөө, эмээд нь даатгаад тодорхой хэмжээний урамшуулал амлана. Гэхдээ энэ мэтээр хараад өгөх хүн байхад огт харуулах хүнгүй нэгэн ч байна. Зээлнээс зээл, өрнөөс өрийн хооронд өдөр хоногийг өнгөрөөж буй болохоор ажлаасаа гарч гэртээ хүүхдээ харна гэдэг нь тэдний хувьд хамгийн том асуудал. Хэрвээ та сайтар ажигласан бол энэ хэдэн хоногт хүүхдээ дагуулчихсан ажил руугаа явж буй эцэг, эхтэй олон таарсан болов уу. Яахав эхний хэдэн өдрийг энэ мэтээр аргалж болох ч есдүгээр сар хүртэл чамгүй урт хугацаа шүү.
Ерөнхий боловсролын сургуульд сурдаг хүүхдүүдийн хувьд хоол, ундыг нь бэлтгээд өгчихвөл нэг их асуудал гаргаад байхгүйхэн шиг гэртээ сууж чадна. Мөн тэдний амралтынх нь хэдэн өдрийг хүүхдийн зусланд өнгөрүүлэх сонголт ч эцэг, эхчүүдэд байгаа. Гэхдээ мэдээж хөрөнгө, мөнгөнийх нь боломж бололцоо нь бүрдвэл шүү дээ. Хэрвээ ийм боломж гарахгүй бол зуны амралтаа зугаатай биш цоожтой хаалганы цаана өнгөрөөнө гэсэн үг. Харин цэцэрлэгийн насны хүүхэдтэй айлд иймэрхүү боломж хомс. Гэрт нь цоожлоод явах боломжгүй учир хэн нэгнээр харуулахаас өөр аргагүйд хүрнэ. Зуны хувийн цэцэрлэгийн эрэл суралд гарвал олонхийнх нь төлбөр 250-350 мянган төгрөгийн үнэтэй байна. Шаардлага нь ч өндөр. Нэг сар хэрэглэх ариун цэврийн цаас, нойтон сальфетик, нүүр гарын шингэн саван, барааны саван, угаалгын нунтаг гээд амандаа орсон болгоноо нэхэж байна. Тэр ч бүү хэл агааржуулагч хэрэгтэй гэх. Тэгэхдээ захьсан зүйлсийг авахдаа хамгийн сайныг нь аваарай гэж дарамтлах янзтай. За энэ ч яахав гэхэд хүүхдээ 17 цаг гэж ирж авахгүй бол илүү цагийн хөлс авна гэж байна. Хувийн цэцэрлэгт өглөө болгон яг таг хүргэн, 17 цагт нь хэл амгүйхэн шиг хүүхдээ авах эцэг эх тийм ч олон биш. Мөн энэ асуудалтай холбоотойгоор сүүлийн хэд хоног зарын сайтууд “Хүүхэд харах хүн хайж байна”, “Хүүхэд харуулна”, “Гэртээ амьдруулж хүүхдээ харуулна” гэдэг зараар бялхаж байх шиг.
Зарим нэг рүү нь утас цохиж үзвэл “Өөрсдийгөө хамгийн найдвартай нь, сард 200 мянган төгрөг өгчихвөл өөрийн хүүхэд мэт харж хандах болно. Яахав миний санал болгож байгаа цалин хөлс өндөр байвал жаахан ярьж болно шүү” гэж байна. Бас л мөнгө санхүүгийн бололцооноос үүдээд асуудал гарч ирж байгаа юм. Сард авдаг цалингийнхаа талаас илүүг нь хүүхдээ харуулахад зарцуулчихвал яаж үлдсэн цөөн хэдээр нь хоногийн хоолоо залгуулж, байрны мөнгөө төлж, хувцас авах болж байна вэ.
Бидний багад лагерь бүрт шахуу хүүхдийн цэцэрлэг, ясли байсан болохоор эцэг, эхчүүд нь ч санаа зовох зүйлгүй амар тайван ажилдаа хамаг анхаарлаа хандуулж чаддаг байлаа. Ажилчдын автобус нь ирж аваад буцаагаад ажил тарсны дараа эцэг, эхчүүдийг хүргэж ирнэ. Энэ мэт тэдний ар гэрийнх нь бүхий л асуудлыг шийдчихдэг байж. Гэтэл өнөөдрийн нийгэмд эхнэр нөхөр хоёулаа хөдөлмөрлөөд ч хоногийн хоолныхоо мөнгөнөөс илүүг олж чадахгүй болохоор хүүхдээ харуулах хувийн цэцэрлэг, хүүхдийн асрагчтай болно гэж мөрөөдөх эрхгүй болчихоод байна. Энэ мэт зовлон бэрхшээлээс болж өнөөдөр олон чадварлаг боловсон хүчин ажилгүйчүүдийн эгнээд жагсахад бэлэн байгаа гэдэгтэй мөрийцэж ч болох.
Төр засгаас хүн амаа нэмэгдүүлж, төрөлтийг дэмжинэ гэсэн хэрнээ төрөх эмнэлгээс эхлээд эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал яг л бахь байдгаараа. Энэ мэт жишээнээс харахад манай улсад залуу гэр бүлээ дэмжих бодлого үгүйлэгдээд байх шиг. Угтаа бол манай улсад хүүхдийн төлөө за гэж хэлье, бүхнийг хүүхдийн төлөө гээд чамин ганган нэртэй төр засаг хувийн байгууллагууд тоймгүй их бий. Элдвийн болсон болоогүй бэлэг сэлт тарааж байхаар улсын тодотголтой байгууллагуудтайгаа хамтраад гадаад дотоодоос орж ирж буй хөрөнгө оруулалтаар зуны улиралд ажилладаг, ясли цэцэрлэг олноор нь барьж байгуулж эцэг, эхчүүддээ буян үйлдвэл болохгүй гэх зүйл үгүй. Хожим нь бид хүүхдүүдийн төлөө ийм ажил хийсэн гэж бахархаж, бардамнан ярьж хэлэх зүйлтэй болох бус уу. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй хүүхдүүдээ, алс ирээдүйгээ бодсон ч яах аргагүй зун ажилладаг цэцэрлэг, яслитай болчихвол хамаг хэрэг бүтэх нь тэр. Хөөрхий эцэг, эхчүүд нь ч ажилтайгаа үлдэнэ шүү дээ.