Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Материалаа хугацаанд нь өгөөгүй оюутнуудын хохь

А.ЦАГААН

Удтал хүлээлгэсэн оюутны үндэсний тэтгэлгийн 70200 төгрөгийн сураг өнгөрсөн пүрэв гарагт гарч оюутнууд бөөн баяр хөөр болов. Сангийн яамнаас ирэх сарын 1-нд шилжүүлнэ гэж байсан ч гэнэтхэн л манай дансанд мөнгө нь ороод ирсэн болохоор холбогдох газрууд руу нь шилжүүлчихсэн хэмээн Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн хэлж байлаа. Энэ удаад сурлагын амжилт нь 3.0-аас дээш голч дүнтэй 44 мянган оюутан 1-3 сарын тэтгэлгээ авч буй юм. Ямартай ч сургалтын төлбөрөө төлж дуусгаад бүтэн нойртой хоноё хэмээн зарим нь санаа амарч байхад бусад нь бухимдсаар. Учир нь, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар болох Сувилахуйн сургуулийн сургалтын алба оюутнуудынхаа нэг, хоёр, гуравдугаар сарын голч дүнг буруу шивснээс болж тэтгэлэг авах боломжгүй болсон олон оюутан байгаа гэх. Энэ мэт алдаа гаргасан сургууль ч цөөнгүй бололтой. Миний голч 3,4 байхад үндэсний тэтгэлгээс хассан байна, сургалтын алба дүнгээ буруу бодсоноос болоод 70,200-г авч чадахгүйд хүрлээ гэх оюутнуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай. Тэр ч бүү хэл бид тэтгэлгээ авсан бол төлбөрөө гүйцээж төлөх байсан юм хэмээн бухимдах оюутнууд хаана, хэнд хандахаа мэдэхгүй сууна.

Энэ асуудалтай холбоотой­гоор АШУҮИС-ийн Санхүү эдийн засгийн газрын дарга Э.Содномжамцтай холбогдож дараахь тодруулгыг авлаа.

Э.Содномжамц: Сургуулиас болоод тэтгэлэг аваагүй оюутнуудын тоо харьцангуй бага

-Танай сургуулийн зарим оюутны голч дүн буруу бичигдсэнээс болж үндэсний тэтгэлэг болох 70,200-г авч чадахгүй болсон гэх юм. Энэ үнэн үү?

-Нэг биш нэлээд олон хүүхдийн асуудал байгаа юм. Голч дүн нь 3,0-ээс дээш байж үндэсний тэтгэлэг 70,200-г авах ёстой. Тэтгэлэг авч чадаагүй хүүхдүүдийн зарим нь голч нь хүрэхгүй байгаа юм. Харин заримынх нь хүрч байгаа хэрнээ дүнгээ программд оруулаагүйгээс болоод өнөөдөр ийм асуудал үүсчихээд байна. Дүнгийн хуудас материалаа өгөөгүй байснаас л үүдэлтэй. Ямар ч гэсэн бидний зүгээс боломжоороо Сургалтын төрийн сангийн мэргэжилтнүүдтэй холбогдож зарим хүүхдийн асуудлыг шийдээд явж байна. Ер нь бол сургуулийн зүгээс болоод тэтгэлэг авч чадаагүй оюутнуудын тоо харьцангуй бага. Өөрсдөөс нь болсон зүйл их байна.

-Сургалтын алба оюутнуудынхаа дүнг буруу бичсэнээс болоод энэ асуудал үүссэн юм биш үү?
-Цагаа тулахаар хойд хар овоохой гэдэг шиг өөрсдөөсөө бурууг зайлуулж байгаа юм болов уу даа. Тодорхой хүүхдийн овог нэг, дугаар нь байх юм бол шалгуулаад өгч болж байна.

-Сургалтын төрийн сангаас эдгээр хүүхдийн тэтгэл­гийг нөхөж олгоно гэнэ үү?
-Нөхөж олгуулахаар бид ажиллаж байна. Заримыг нь Сургалтын төрийн сангаас, үлдсэнийг нь Хөдөлмөрийн яамнаас гээд аль алинаар нь өгүүлэх гээд манай нягтлангууд хангалттай сайн ажиллаж байна.

-20 гаруй хүүхдийн асуудлыг шийдсэн гэлээ. Цаана нь энэ маягаар хохирч буй хэчнээн оюутан байгаа вэ?
-Өнөөдөр 20 гаруй хүүхдийн асуудлыг шийдээд материалыг нь холбогдох газрууд руу явуулсан байгаа. Цаана нь үлдэж байгаа оюутнуудын тоог хэлж мэдэхгүй байна. Тэдний дунд материалаа бүрдүүлж өгөөгүй, голч дүн нь хүрэхгүй байгаа хүүхэд ч бий.

-Тэгэхээр оюутнуудын хариуцлагагүй байдлаас үүдэлтэй гэж ойлгож болох нь ээ?
-Тийм. Сургуулийн зүгээс юу гэж оюутнуудаа хохироохыг бодох билээ дээ. Нэг ч гэсэн хүүхдээ тэтгэлэгт хамруулахыг бодно шүү дээ.

Ямартай ч аль алиных нь буруугаас болж асуудал үүссэн гэдгийг дээрх тодруулга нотлоод өгчихлөө. Харин Сургалтын төрийн сангийн мэргэжилтнүүд энэ асуудалд ямар байр суурьтай байгааг сонирхохоор холбогдоход “Нэгэнт тооцоо хийгээд баталгаажчихсан шүү дээ. Манай Сургалтын төрийн сангийн программын алдаанаас шалтгаалаагүй болохоор нөхөн олгох боломжгүй” гэлээ. Тэгэхээр дээрх оюутнууд үндэсний тэтгэлгээ нөхөж авч чадахгүй нь тодорхой боллоо. Мөн энэ асуудалтай холбоотойгоор Монголын оюутны холбоонд хэчнээн оюутан гомдол гаргаж буйг лавлахаар Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалаас тодруулахад “Яг одоогоор манайд өргөдөл бичиж хандсан оюутан байхгүй байна. Сургалтын тө­рийн сан руу л хандаж байгаа байх. Хэрвээ гомдол гаргавал бид асуудлыг нь шийдэж өгөхөд бэлэн байна” гэв.

Оюутнуудын зүгээс тавьж буй бас нэг гомдол нь урамшууллын тэтгэлэг олгогдохгүй байгаа явдал. Сургалтын амжилтаас нь хамаарч үндсэн тэтгэлэг болох 70 мянга 200 төгрөг дээр нь 3.6-гаас дээш голчтой бол 50 хувь, 3.8-аас дээш бол 75 хувийн нэмэгдлийг олгох ёстой. Үүнийг журмын дагуу олгож байгааг холбогдох албаныхан хэлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан