Холливудын алдарт од дуучин Женнифер Лопез Үндэсний их баяр наадмаар Монголд ирэх гэж байгаа талаар мэдээлэл тарсан. Үүнтэй холбогдуулж сүүлийн хоёр өдөр цахим ертөнцийн сүлжээгээр иргэд өөр өөрсдийн саналаа бичиж, талцах болов. Зарим нь улс орны эдийн засаг хямралтай байхад тэгээд бүр үндэсний баяр наадмаар гадаадын одыг авч ирэх гэлээ хэмээн саналаа бичсэн бол зарим нь гадаадын од Монголд ирснээр манай улсын нэр хүнд өсч, аялал жуулчлалын салбарт их хэмжээний орлого орно хэмээн үзэж байна.
Тэгвэл албан бус мэдээллээр Жэй Ло-г дөрөвдүгээр сард урьсан аж. Урилгын хариуг төлөөлөгчид нь Монголд очихгүй хэмээн албан ёсоор өгсөн байна. Хоёр сарын турш ямар ч хариу өгөөгүй нь монголчуудын хандалтыг харсан гэнэ. Гэтэл сүүлийн хэдэн өдөр сошиал ертөнцийн гол сэдэв нь хямралтай Монголд хоёр тэрбум төгрөгтэй тэнцэхүйц зардлаар юун шалдан хүүхэн авчрах гээд байгаа юм бэ гэсэн сэтгэгдлүүд маш их явсан учраас гэнэт л Жэй Ло бодлоо өөрчилж хариугаа ийнхүү гаргасан юм байх.
Мөн нэг сая ам.доллараар Жэй Ло-г рекламанд тоглуулах санал хүртэл тавьжээ. “Оюутолгой”-н гэрээ батлагдаж дэлхий нийт, бизнесийн салбарынхан Монголыг онцолж харж байгаа энэ үед үндэсний их баяр наадмаар холливудын алдарт одыг авчирсан бол дэлхий нийтийн анхаарлыг Монгол руу хандуулах байсан биз ээ. Энэ бол маш том маркетинг байх байлаа. Мөн түүнийг авчирахад зориулагдах зардал төсвийн мөнгөнөөс гарахгүй хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.