УТМА-ийн багш Б.Батболд 100 хүнийг үнэгүй сургана гэсэн мэдээллээр УТМА-ийн “Цахиур 100” хөтөлбөрийн удирдагч Б.Батболдоос товч тодруулга авсан юм.
-“Цахиур 100” хөтөлбөр гэж ямар санаачлага болох тухайд та тайлбарлаач?
-Манай академи “Цахиур 100” хөтөлбөр санаачлаад үйл ажиллагаа нь үндсэндээ эхлээд байна.. Нэрний тухайд хүмүүст сонирхолтой байх шиг байна. Энэ тухайд “цахиур хагална”, “хэт цахих”, “эрдмийн хэт цахивал хөгжлийн гал бадарна” гээд л ярьдаг шүү дээ. Ер нь бидний Монголчуудын сэтгэлгээнд цахиур, цахина гэдэг бол оч гал ноцоох гэсэн ойлголттой холбогдож буудаг. Иймээс бид Цахиур гэсэн нэрийг онцолсон. Гадуур /нийгэмд/ сурах хөгжих эрмэлзлэлтэй, ажилд орох гэхээр мэргэжил, боловсролын асуудалтай тулгардаг хүмүүс олон байдаг юм шиг анзаарагддаг. Эдгээр хүмүүсийн ажил, амьдралд жаахан ч гэсэн тус дэм үзүүлэх, өөрсдийн хувь нэмрээ оруулах чин хүсэл биднийг хөтөлж байгаа гэж болно. Мөн бид төгсөгчидөө тохирох ажлын байраар хангахыг эрмэлздэг.
Үнэндээ гадна дотнын улс орны хямралын үе дэх туршлага гэдэг юм уу, гарцыг харахад хүмүүсийнхээ боловсрол, амьдрах чадавхийг дээшлүүлсэн дүр төрх харагдаж байна. Гэтэл энэ үед хувь хүмүүсийн төлбөрийн чадвар сулардаг бодит үнэн бас байна. Иймээс цаг үеэ, нөхцөл байдлаа мэдэрсэн хөгжлийн төсөл хөтөлбөр гэж үзэж болно.
-Сурахыг хүссэн хүмүүс Академийн үндсэн бүх мэргэжилээс сонгож суралцах боломжтой юу?
-Ер нь бол болно. Гэхдээ энэ удаад академийн мэргэшүүлэх үндсэн мэргэжлүүдээс Хүний нөөцийн удирдлага, Төрийн удирдлага, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, Бизнесийн удирдлага гэсэн 4 мэргэжлүүдээр суралцах боломжтой. Эдгээр мэргэжил тус бүрээр бид эхний 25 хүнийг сургах төлөвлөгөөтэй байгаа.
-Хөтөлбөрийн ач холбогдолыг ер нь хувь хүмүүсийг чадваржуулах тал дээр юм байна гэж харж болох уу?
-Тэгж харж болно. Манай Академи энэ зун Сэлбэ зуслантай хамтран “Инээж буй Нархан” төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төсөлийн хүрээнд бид 1000 хүүхдийг үнэ төлбөргүй амраах төлөвлөгөөтэй ажиллаж байна. “Цахиур 100“ хөтөлбөрт хамрагдсан хүмүүст хүүхэд, нийгмийн сайн сайхан, хөгжлийн төлөөх бидний үйл ажиллагааг дэмжин ажиллах, төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох гэсэн болзол тавигдаж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр маань хувь хүнийг чадваржуулах, хөгжүүлэхээс гадна хүүхдийн сайн сайхан, хөгжилд тодорхой хуву нэмэр оруулж байгаагаараа бас онцлог юм.
-Элсэгчидэд тавигдах шаардлага бий юу?
-Манай академи хөгжье, суръя гэсэн хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэнд нээлттэй байдаг. Бидний хамт олны уриа “Хөгжлийн төлөө тэмүүлсэн Монгол хүн бүрийг хайрлана, дэмжинэ” юм. Ингэхээр шаардлага бол ерөнхийдөө суръя, өөрчлөгдье, хөгжье гэсэн чин хүсэл эрмэлзэл гэж болно.
-“Инээж буй Нархан” гээд төсөлийнхээ тухайд товчхон тайлбарлавал?
-Ний нуугүй ярихад би ч зусланд амарч чадахгүй, боломжгүйгээр л хүүхэд насаа өнгөрөөсөн хүн. Гэхдээ зусланд амрах хүсэл мөрөөдлөөр дүүрэн л байлаа. Манайх Төв аймгийн Баянчандмань сумд байдаг байсан. Ээж маань үйлчлэгч тэгээд мэдээж хүүхдээ бусад айлын /дарга айл/ хүүхдүүдийн адил амраах боломжгүй л байсан байх л даа. Иймэрхүү нөхцөл байдалд байгаа олон хүүхдүүд зуны амралтыг гэртээ, хотод өнгөрүүлдэг. Мөн зуслан амралтанд гарч үзээгүй олон хүүхдүүд байна. Ер нь хүүхдийнхээ энэ хэрэгцээг хангахад хүндрэлтэй, боломжгүй гэр бүлүүд ч зөндөө байдаг.
Үнэндээ сурагчидад, хүүхдүүдэд зуслан амралт гэдэг үлгэрийн ертөнц мэт мөрөөдлийн газар нь байдаг шүү дээ. Ингээд бид энэ зуны амралтаа энэ төслийн хэрэгжилт, үр дүнгийн төлөө зориулахаар шийдээд зориглон ажиллаж эхлээд байна.