Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд нацистуудад зүтгэж 1943 онд Беларусийн Хатынь тосгоны иргэдийг биечлэн буудаж хөнөөсөн Владимир Катрюк гэгч өнгөрсөн долоо хоногт Канадын Квебек мужид Монреал хотоос холгүй газарт 94 насандаа гэртээ нас барсан байна. Түүний өмгөөлөгч Орест Рудзик энэ тухайд “Тэрээр олон жилийн турш хүнд өвчтэй байсан” гэжээ.
1951 оноос хойш Канадад амьдарч байсан Владимир Катрюк нацистын гэмт хэрэгтнүүдээс хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан этгээд. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь ил болсны дараа 1999 онд Канад өөрийн иргэншлээсээ хассан боловч 2010 оны арваннэгдүгээр сард Канадын иргэний харьяаллыг нь шүүх сэргээсэн байна.
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо Владимир Катрюктай холбоотой, ард иргэдийг бөөнөөр нь хороосон, Беларусийн Хатынь тосгоны оршин суугчдыг хүйс тэмтэрсэн хэргийг сэргээн, түүнийг эргүүлж өгнө үү хэмээн Канадын талд хандсан ч Канад өнгөрсөн тавдугаар сарын 27-нд татгалзсан юм.
Энэ хэрэг явдлын дараа АНУ-ын Нийгмийн халамжийн удирдах газрын ерөнхий байцаагч нь Нэгдсэн улс нацистын гэмт хэрэгтэн хэмээн сэжиглэгдэж байгаа 130 хүнд 20 сая ам.долларын тусламж, нийгмийн халамж үзүүлсэн гэсэн мэдээллэл бүхий илтгэл гаргасны хэсгээс “Associated Press” агентлаг дэлгэлээ. Энэ бол дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд нацистуудтай хамтран ажиллаж цэргийн гэмт хэрэг өдүүлсэн хэмээн сэжиглэгдэж байгаа 130 хүний тухай яриа.
Долоон сарын өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр нацистын гэмт хэрэгтэн байсан хүмүүст халамжийн тэтгэлэг өгч байна гэсэн шүүмжлэлтэй материал гараад эхэлснээс ийм илтгэл бичиж зургадугаар сарын 2-нд олон нийтэд ил болгож байгаа юм. Энэ мэдээллүүд гарсны дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зарлиг гаргаж нацистын дэглэмтэй холбоотой байсан хэргээр сэжиглэгдэж буй хүмүүст нийгмийн халамжийн тэтгэлэг өгөхийг зогсоох шийдвэр гаргасан юм. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн саруудад нацистын гэмт хэрэгтнүүдээс олон хүн Европоос янз бүрийн замаар АНУ болон Өмнөд Америкийн орнууд руу гарч явсан байдаг. Нэг хэсэг нь холбоотон гүрнүүдийн хууль сахиулагчдад баригдсан бол бусад нь дайны дараа тусгай албаны шугамаар зугтаан ялаас мултарсан юм.
Тэдний зарим нь бүр баруунд, ялангуяа АНУ-д техникийн мэргэжилтэн болж дайны үед үйлдсэн гэмт хэргээ үргэлжлүүлсэн байдаг. Тэдний нэг Вернер Фон Браун гэгч Америкийн сансрын хөтөлбөрийг удирдаж байлаа. Тэр бол гуравдугаар рейхийн СС-ийн офицер байж нацистуудын пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлэн бөөнөөр хорих лагерийн хоригдлуудын хүчийг ашиглаж байгаад дараа нь тэднийг бүгдийг нь устгасан хүн.
АНУ, ЗХУ-ын хоорон дахь хүйтэн дайны үед коммунизмын эсрэг суртал нэвтрүүлгийн мэргэжилтнээр ажиллаж байсан хүн ч олон.
2010 оны арваннэгдүгээр сард Америкийн “Нью-Йорк таймс” сонин АНУ-ын Хуульзүйн яамны нууц илтгэлийн хэсгээс нийтэлсэн дотор дэлхийн хоёрдугаар дайны дараахь жилүүдэд Америкийн тусгай алба нацистын гэмт хэрэгтнүүд, тэдний хамтрагчдаас хэдэн зуун хүнийг олон улсын шударга шүүхээс нууж байсан тухай өгүүлсэн байдаг. Энд “Америк дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн жилүүдэд нацист гэмт хэргийнхээ төлөө эрэн сурвалжлагдаж байсан олон хүний найдвартай хамгаалал болж байснаараа бахархдаг” гэж энэ нийтлэлд бичсэн байжээ. Дэлхийн хэвлэлүүд үүнийг “дуулиантай”, “шуугиан тарьсан” нийтлэл гэж нэрлэсэн юм.
Энэ илтгэлийн 600 дахь хуудсанд дайны жилүүдэд еврейчүүдийг хоморголон устгаж байсан СС-ийн оберштурмбаннфюрер Адольфа Эйхманы тухай бий. Дайны дараа тэрээр АНУ-д очиж Тагнуулын төв газарт ажиллаж байжээ.