Монгол Улсын Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч М.Бат-Эрдэнэ Бүгд найрамдах өмнөд Судан улсад болсон "ДАНКОН Марш /25 км-т 10кг ачаатай гүйх/" 80 орны 320 энхийг сахиулагч оролцсон тэмцээнд бахархам амжилт үзүүлэв. Тэрбээр тэмцээний бүх цаг үеийн дээд амжилтыг 02 цаг 07 минут болгон шинэчлээд байна.
"Данкон марш"-ийг Данийн цэргийн хүчин 1972 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Энэхүү маршид Дани улстай холбоотон гадаадын улс орны цэргүүд урилгаар оролцож, 25 км болон 100 км замд маршаар гүйдэг байна.
НҮБ-ын энхийг сахиулагч 80 гаруй орны 320 энхийг сахиулагч дотор Хятадаас хамгийн олон буюу 82 энхийг сахиулагч оролцсон бол Монголоос 11 энхийг сахиулагч оролцжээ. Эхний гараанд Монгол, Хятад, Балбаас оролцогчид хурд хүчээ сорин өрсөлдөв. Хятадаас оролцогчид тэмцээнийг эхэндээ хошуучилж байсан ч, эцсийн мөчид Монголын баг тэргүүлж чаджээ.