Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаазын ялын орчин үеийн хэлбэрүүд

Саявтар БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайдыг эх орноосоо урвасан хэмээн зенитийн их буугаар буудан цаазалсан. Тэгэхээр өнөөдөр, орчин цагт дэлхийн улс орнууд цаазын ялыг хэрхэн гүйцэтгэдэг вэ.
Цаазаар авах нь өнөөдөртөө дэлхийн улс орнуудад онц хүнд гэмт хэрэгт оноодог ялын дээд хэмжээ. Харин дэлхийн улс орнууд цаазын ял хэрэгжүүлэх ямар хэлбэрийг ашиглаж байна вэ. Хамгийн түгээмэл зургаан арга хэлбэр.

1.    Буудан хороох

Буудан алах нь цаазын бусад хэлбэрүүдийг бодвол хамгийн түгээмэл нь гэж болно.Винтов, гар буугаар ихэнх тохиолдолд 4-12 сумаар, зарим тохиолдолд нөхцөл байдлаасаа болоод хэдэн ч сумаар буудаж болно. Буудаж байгаа хүмүүсийн зарим нь сургуулийн хоосон сумаар буудах практик бий. Ийм тохиолдолд хэн нь тухай гэмт хэрэгтнийг үхлийн сумаар буудсаныг мэдэх аргагүй.

ОХУ, Белорусь, Герман зэрэг оронд социализмын үед цаазын гол арга нь буудан хороох явдал байсан. Америкт бол ганцхан Оклахома мужид хэрэглэж  байгаа. Хятадад бол шүүгдэгчийг өвдөг дээр нь сөхрүүлж байгаад буудан алах аргыг хамгийн түгээмэл хэрэглэдэг. Харин ч авлига авсан, төрийн түшмэлүүдийг олон нийт өмнө цаазалж жигшүүлдэг.


2.    Дүүжлэх

Хүний биеийн жингээр нь дарж, амьсгалыг нь боогдуулдаг энэ арга цаазын хамгийн эртний аргын нэг. Хамгийн эрт Езус бурханд хүнээр тахил өргөдөг  эртний заншлыг дүүжилж гүйцэтгэдэг байсан тухай 17 дугаар зуунд Сервантес бүтээлдээ дурссан нь бий.

Орост дайны жилүүдэд болон дайны дараа нацистуудтай хамтран ажиллаж байсан хүмүүсийг ингэж дүүжлэн хороож байж. Нюрнбергийн олон улсын шүүхээс гуравдугаар рейхийн 12 удирдагчид  дүүжлэн хороох ял өгсөн байдаг.
Өнөөдөр дэлхийн 19 оронд дүүжлэн хороох ялыг гүйцэтгэж байна.

3.    Үхлийн халдвар

Гэмт хэрэгтэнд үхлийн халдвар бүхий шингэн тарьдаг арга. ХХ зууны эцэс, XXI  зууны эхээр хэрэглэж ирсэн энэ аргыг 1977 онд шүүхийн шинжээч Жее Чапмэн боловсруулсан гэдэг.

Шүүгдэгчийг тусгай оронд бэхлээд венийн судсанд нь хоёр гуурс  бэхэлнэ. Эхлээд ерийн мэс засалд хэрэглэдэг бага дозын натрийн уусмал тарьж дараа нь зүрхний ажиллагааг зогсоох хлорид калия тарина. Хамгийн анх АНУ-ын Техас мужид 1982 онд хэрэглэсэн энэ цаазаар хүн 5-18 минутын дотор үхнэ. Тариа шахах тусгай төхөөрөг байдаг ч олон мужид гараар тарьдаг.

4.    Цахилгаан сандал

Америкийн хэд хэдэн мужид цаазын ял гүйцэтгэдэг арга. Өндөр түшлэгтэй, ялтныг суулгаад хөл гарыг нь хөдөлгөхгүй бэхэлдэг ширэн бүстэй, тусгай дуулгатай энэ сандлыг америкийн олон мужид хэрэглэдэг. 2700 вольтын цахилгаан гүйдэл тусгай утсаар хүний биед дамжиж амийг нь хөнөөнө.

Хамгийн анх 1890 оны наймдугаар сарын 6-нд Нью-Йоркийн Обернийн шоронд алуурчин Уильям Кеммлерийг цаазлахад хэрэглэсэн. Өнөөдөр АНУ-ын долоон мужид энэ аргыг хэрэглэж байгаа.

5.    Толгойг нь авах


Гильотин, сэлэм, сүх, хутга зэрэг тусгай багажаар толгойг нь тасдах энэ аргыг эртнээс хэрэглэж ирсэн. Толгойг нь тайрсны дараа хэдхэн минутын дараа тархины ажиллагаа зогсч хүн үхнэ. Цаазын ял гүйцэтгэдэг алуурчны ярианаас үзэхэд толгойг нь цавчсаны дараа хэдэн минутын дотор нүүр, биеийн булчин ажиллаж таталдан  хөдөлдөг гэсэн байдаг.

Өнөөдөр дэлхийн 10 оронд цаазын ялыг толгойг нь авч гүйцэтгэх хууль үйлчилдэг. Ийм орны тоонд ихэвчлэн шариатын хууль үйлчилдэг, лалын орнууд, Колумба, Мексик зэрэг хар тамхины наймааны үүр болсон орнууд орж байна.

6.    Чулуугаар цохиж алах

Лалын орнуудад ихэвчлэн үйлчилдэг эртний иудын цаазлах ёсон. 1989 оны нэгдүгээр сарын 1 гэхэд дэлхийн зургаан орон энэ аргыг хэрэглэж байж. Сомалид 2008 оны аравдугаар сарын 27-нд 13 настай охиныг гурван эрэгтэй ээлжлэн хүчирхийлсний дараа төрөлх Кисмайдо хот орох зам дээр ингэж хороосон нь  дэлхий даяар тарсан.

2015 оны нэгдүгээр сарын 16-нд “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн иракын Мосул хотоос барьцаалсан нэгэн эмэгтэйг гэр бүлээс гадуур явсан хэмээн бас ингэж цаазалсан байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан