Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зургаан настнуудын бүртгэл дууссан ч арын ажил нь сунжирсаар...

Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ тулгамдсан асуудал болоод байгаа. Тиймээс өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн хамран сургах тойргийн аргаар сурагчдын элсэлтийг зохион байгуулах болсон. Ингэхдээ Нийслэлийн боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээнд тохируулан жил бүр хамран сургах тойргийн жагсаалтыг шинэчилж байгаа. Үүний дагуу энэ жилийн нэгдүгээр ангийнхны буюу зургаан настнуудын бүртгэл өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилсэн юм. 2015-2016 оны хичээлийн жилд 27614 зургаан настан нэгдүгээр ангид элсэх урьдчилсан тоо гарсан билээ.
Бүртгэл зохион байгуулах журамд энэ сарын 25 гэхэд дүүргүүдийн боловсролын хэлтсээс бүртгэлийн нэгдсэн дүнг нэгтгэж 30-ны өдөр Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганад танилцуулах ёстой. Ирэх хичээлийн жилийн бүртгэлийг одоо урьдчилж явуулж буй нь 2015-2016 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилготой юм.

Ингээд Нийслэлийн боловсролын газраас бүртгэлийн талаар тодруулахаар холбогдлоо. Ажлын хэсгийн ахлагч Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуултай холбогдоход тэрээр “Нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын сонгон шалгаруулалт явж байгаа. Би сонгон шалгаруулалтын комисст багтсан учраас бүртгэлийн талаар мэдээлэл аваагүй байна” гэсэн. Уг нь, зургаан настнуудын бүртгэл дуусаад 12 хонож байна. Бүртгэл дууссан хугацаанаас долоо хоногийн дотор дүүргийн боловсролын хэлтсүүд дүнгээ нэгтгэж Ц.Жаргалантуулд өгөхийг Нийслэлийн боловсролын газрын даргын тушаал дунд заасан. Гэсэн ч тэрээр одоог хүртэл бүртгэлийн дүнгээ аваагүй л байна.

Зургаан настнуудын 80 хүрэхгүй хувь бүртгүүлсэн бололтой

Нийслэлийн боловсролын газраас томилсон ажлын хэсгийн ахлагч ажлаа мэдэхгүй байсан учраас зарим дүүргийн боловсролын хэлтсийн дарга нар руу холбогдож бүртгэлийн дүнгээ нэгтгэсэн эсэхийг лавлалаа.
Сонгинохайрхан дүүрэгт өнөө жил 5875 хүүхэд сургуульд элсэхээс 4422 хүүхэд бүртгэлд хамрагдсан байна. Тус дүүргийн 67 дугаар сургууль ачаалал ихтэй байх нь. Тус сургуульд энэ жил тус дүүргийн долоо, найм, 24 дүгээр хороонд оршин суудаг 725 хүүхэд элсэн суралцах урьдчилсан тооцоо гаргасан ч 495 хүүхэд л бүртгүүлсэн байна. Мөн “Ирээдүй” цогцолбор сургууль жил бүр ачаалал ихтэй байдгийг тус дүүргийн Боловсролын хэлтсийн алхах мэргэжилтэн Ч.Гэрэлцэцэг хэлж байсан. Тус сургуульд 225 хүүхэд элсэн суралцах урьдчилсан тооцоо гарснаас 107 хүүхэд бүртгүүлсэн байна. Мөн 65 дугаар сургуульд гурав, дөрөв, 26 дугаар хорооны 548 хүүхэд бүртгүүлэхээр урьдчилсан тоо гаргасан ч 482 хүүхэд бүртгүүлсэн гэнэ.

Харин хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн хувьд өнөө жил 5223 зургаан настан ерөнхий боловсролын сургуульд элсэх урьдчилсан тоо гарсан. Тэгвэл тус дүүргийн бүртгэл 80 гаруй хувьтай хийгдсэн байна. Энэ талаар тус дүүргийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Өлзийсайхан “Манай дүүрэгт урьдчилсан байдлаар 140 бүлэг нэмэгдэнэ гэсэн тоо гарсан. Энэ тоо буурах нь. 14 дүгээр сургуулийн барилгыг нурааж, шинээр барих ажлыг концессын гэрээгээр хийхээр боллоо. Энэ нь сайн хэрэг ч гэлээ энэ хичээлийн жилд тус сургуулийн ойролцоохь “Шавь” цогцолбор болон 111 дүгээр сургууль ачаалал ихтэй байх нь” хэмээн ярьсан.

Хийснээ дахиад л хийх нь

Зургаан настнуудын бүртгэлийг урьдчилан гаргасан ч хамран сургах тойргийн дагуу бүртгэлдээ хамрагдаагүй хүүхдүүд хоёр шалтгаантай. Нэг нь хувийн өмчийн сургуулийг сонгосон. Нөгөө нь шилжилт хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй, эсвэл есдүгээр сараас өмнө шилжилт хөдөлгөөн хийх хүүхдүүд хэмээн таамаглаж байна. Өнгөрсөн жилээс Хүүхэд бүрийг хөгжлүүлэх цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор эцэг эхчүүд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд хүүхдээ сургах сонирхолтой болсон нь сургуулиудын ачаалал нэмэгдэх болсон нэг шалтгаан. Мөн энэ жил шинээр батлагдсан хамран сургах тойргийн жагсаалтаас харахад Баянзүрх дүүрэгт орон сууцны барилга хамгийн олноор баригджээ. Ихэнх нь баригдаж дуусаагүй учраас тус дүүргийн Боловсролын хэлтсээс гаргасан 5223 гэсэн урьдчилсан тоо намар болоход нэмэгдэх хандлагатай байна. Энэ мэт шалтгаанаас үүдэн намар буюу хичээлийн жилийн эхэнд нэгдүгээр ангийн бүртгэлийг дахин явуулах шаардлага гарч байгаа юм.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн сургууль нийт зургаан настнуудын 10 хүрэхгүй хувийг л элсүүлэх хүчин чадалтай аж. Тиймээс бүртгэлээс хоцорсон хүүхдийн 3000 гаруй нь төрийн өмчийн сургуульд элсэн суралцах ёстой болж байна. Эцэг, эхчүүдийн хойрго байдал, хороо дүүргийн ажилтнуудын ажилдаа идэвхгүй хандлагаас үүдэн хийсэн ажлаа дахиад л хийх нь.
Энэ жил 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор ЕБС төгсөх хүүхдийн тоо урьд жилүүдийнхээс хэд дахин цөөн байгаа нь мөн л ачаалал нэмэгдэх үндсийг бий болгож байна. Гэсэн ч Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 14, III. XI сургууль, СХД-ийн 24 дүгээр хороо, БЗД-ийн 11, 21 дүгээр хорооны шинэ сургуулиуд ашиглалтад орно. Шинээр олон сургууль ашиглалтад орох учир хүүхдүүдийг гурваар суулгахгүй арга хэмжээ авна. Харин зарим сургууль гурван ээлжээр хичээллэнэ. Бүртгэл дууссаны дараа тодорхой болно” гэсэн гэрэлтэй мэдээг дуулгаж байсан. Зургаан настнуудын хувь заяа бүртгэл хариуцсан мэргэжилтнүүдийн идэвхгүй үйл ажиллагааны дүнд хэрхэн хаашаа эргэх нь шийдэгдэх цаг ирэх л байх... 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан