Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургууль, цэцэрлэгийн захирлын сонгон шалгаруулалт эхэллээ


УИХ-аас 2003 онд гаргасан төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгчийн сонгон шалгаруулалтаар сонгох нь зүйтэй гэсэн тогтоолын дагуу 2013 онд төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоол гаргасан. Үүнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэмжиж 2007 оноос хойш захирал болсон хүмүүсийг сонгон шалгаруулалтад оруулахаар захирамжилж Нийслэлийн боловсролын газарт энэ ажлыг даалгасан билээ. Үүний дагуу одоогоор нийслэлийн хэмжээнд 79 сургууль, цэцэрлэгт халаа сэлгээ, шилжилт хөдөлгөөн хийгдсэн гэсэн албан бус тоо бий. Гэвч ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалт эхнээсээ хэл ам дагуулж 62 дугаар сургуулийн багш нар эрхлэгчээ эсэргүүцэн хамтарч ажиллаж чадахгүй хэмээн олон хоног ажил хаяж багагүй шуугиан тарьсан. Сонгон шалгаруулалтаар А.Батжаргал гэгч нь тус сургуулийн захирлын албанд тэнцсэн ч будлиантай болсон хэмээн хуучин захирал Ш.Сарантуяа нь шүүхэд хандаж, гурван ч шатны шүүхийн шийдвэрийг өөрийнхөө талд гаргуулж чадсан. Тиймээс тэрээр 62 дугаар сургуулийн захирлын албанд буцаан томилогдсон ч багш нарынхаа эсэргүүцэлтэй нүүр тулж, арай хийнэ асуудлыг намжааж чадсан билээ. Тухайн үед сонгон шалгаруулалттай холбоотойгоор  нас нь болоогүй байхад тэтгэвэрт шахан гаргасан, өөр ажил тулган өгсөн, нэг сургууль, цэцэрлэгт хоёр захирал, хоёр эрхлэгчийн цалин олгохдоо тулсан асуудал хүртэл гарсан байдаг. Энэ мэт асуудлаас болж ажил хаялт зарлах сургууль, цэцэрлэг цөөнгүй байсан ч тэгсхийгээд намжсан гэдэг. Тэгвэл нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтын дараагийн шатны шалгалтуудын хуваарь гарчээ.  Энэ удаад ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд долоо, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд  22 нийт 29 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулахаар болжээ. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол  “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, нийслэлийн Боловсролын газрын даргын 2014 оны А/09  дугаар тушаалаар батлагдсан “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах заавар”, 2015 оны А/27 дугаар тушаалаар батлагдсан зааварт оруулсан нэмэлт, өөрчлөлт болон зааврын дагуу батлагдсан “Нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын удирдамж”-ийн дагуу явуулахаар болжээ. Ямартай ч өнөөдрөөс эхэлж буй сонгон шалгаруулалтын шалгалт гурван өдөр үргэлжлэх юм байна. Үүнтэй зэрэгцээд багш нар захирал, эрхлэгч нарыг хэрхэн сонгон шалгаруулж болох талаар цахим ертөнцөөр үзэл бодлоо илэрхийлж буй. Тэдний гаргасан саналуудыг тоймлон хүргэе. Багш нарын хувьд захирлыг дээрээс томилдог биш доороос багш нараас санал авч томилдог бол гар нийлж ажиллахад илүү ойр байх болов уу хэмээн саналаа хэлж байна. Мөн  нам дагасан мануухайнууд зөөлөн суудалд тухлаад хахууль авч шинэ багш ажилд авсан шигээ налайж сууна. Юун тэр боловсролын шинэчлэл хол очиж хуц гэх маягтай хэмээн хэлэгнэж байна. Мөн  манай боловсролын салбар хөндлөн тогтолцоотой болохоор орон нутгаас сургуулийн удирдлагыг томилдог. Даварсан зарим удирдлага яамны ямар ч даргын шаардлагыг хүлээж авахгүй, бодлого сайн хэрэгжүүлэхгүй байх тохиолдол багагүй л гардаг. Боловсролын салбарыг босоо удирдлагатай болгож, томилгоог улс төрөөс хараат бус болгосон цагт асуудал бага ч болов шийдэгдэх байх гэж байна.
Харин зарим нь боловсролын салбар бодлогын хувьд босоо тогтолцоотой ч хүний нөөцийн хувьд хөндлөн тогтолцоотой эрлийз маягийн. Их сургуулийг улс төрөөс хараат бус болгохын тулд удирдах зөвлөлд улстөрч оруулахгүй, томилогдох хугацааг сонгуулийн хугацаанаас зөрүүлж, бүрэн эрхийн хугацааг найман жилээр болгох зэргээр бодлогын шийдэл яригдаж байгаа сураг байсан. Зөв замдаа орж байнадаа л гэж харж байна гэв. Түүнчлэн хууль эрхзүйн үүднээс зохицуулах хэрэгтэй байна. Нэг сургуульд л гэхэд 10 жилд таван захирал солигдсон. Тэрийгээ дагаад менежерүүд, багш нар нь хүртэл солигдож байна. Ийм сургуулиас үр дүн гарах уу, дээш нь дамжуулж өгнө үү гэсэн саналыг хүртэл хэлж байлаа. Мөн дээрээсээ хэзээ ч цэвэршихгүй гэдгийг хүн бүр мэддэг хэрнээ итгэхийг хүсдэггүй. Жирийн бага цалин авдаг хэрнээ амьдрахын эрхэнд ажлаа хийсээр байдаг хэн нэгнийг ажлаас нь гаргах гэвэл нэлээд эсэргүүцэхтэй адил маш их мөнгөний амтанд орсон луйварчид нэг л өдөр сайн дураараа яваад өгнө гэдэгт итгэж байгаатай адил зүйл болов уу. Тиймээс шинэчлэл өөрчлөлт дээрээс биш доороос эхлэх нь боломжтой гэж зөрүүдэлмээр байна. Төрийн албан хаагчийн шалгалт, тухайлбал сургуулийн захирлын сонгон шалгаруулалт багш, сурагч, эцэг, эхийн нүүрэн дээр нээлттэй ил тод яваад байгаа юм шиг мөртлөө, ярилцлага гэдэг нэрийн дор гурав дахь шалгалт нь явагдаад яг тэр мөчид өнөөх авлига, арын хаалганы асуудал сөхөгддөг. Энэ мэт албан тушаал наймаалцах ажлаа ядаж боловсролын салбарт хийдэггүй байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсч, өөр өөрсдийн санаа бодлыг бидэнтэй хуваалцсаныг нь салбарын удирдлагуудад нь уламжилъя.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан