Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Сэрээтэр: Будлиан хийхдээ ичээгүй байж барилдсанаасаа ичих хэрэг байхГҮЙ

Монголын чөлөөт бөхийн хүрээнийхэн, дасгалжуулагчид, шигшээ багийн тамирчид нэгдэн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хороо байгуулж удирдлагуудаа тав хоногийн дотор огцор хэмээн шаардаж буй. Энэхүү шаардлага ёсоор бол тав хоногийн хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болж буй юм. Холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, олимпын хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сэрээтэртэй ярилцлаа.  

-Туулж өнгөрүүлсэн амьдра­лынхаа ихэнх цаг хугацааг чөлөөт бөхөд зориулсан хүний хувьд холбоонд үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-Энэ асуудлыг их олон талаас нь харж байгаа. Ер нь, манайхан олимп дөхөхөөр түр хороо байгуулаад л, холбоогоо муу хэлдэг заншил тогтчихож. Цаанаа ямар утга учиртай байдгийг нь сайн мэдэхгүй юм. Хэд хэдэн олимпын өмнө ийм асуудал гарч буйг үзлээ. Сөүлийн олимп руу явах жилээ холбоог буулгаад л танаас өөр хүн байхгүй гэж ирээд намайг холбооны удирдлагаар тавьж билээ. Долоо хоног Улаан-Үдэ яваад ирсэн чинь та олимп руу явахаа больсон, энд ажиллавал ажилла, боливол боль гэх маягтай юм хэлсэн. Уг нь, би чинь цэргийн сургуульд багшилдаг байсан юм шүү дээ. Мөрөөрөө ажлаа хийж явсан хүнийг дуудаж авчирчихаад ийм юм ярихаар хэн дуртай байх билээ. Тиймээс би өөрөө ажлаа олно гэж гарч яваад Багшийн дээдийн сургуульд ирж багшилсан. Тухайн үед би нэг их юм хэлээгүй. Сөүл явж ирсний дараа дахин холбоог шинэчилнэ гэж бужигнуулжж байгаад холбооныхоо ерөнхийлөгчөөр Чинбатыг тавьсан. Тэгэхэд нь бид холбоогоо сайн мэддэгээр нь Чинзоригийг тавья гэж санал оруулж байлаа. 1990-ээд оны үед мөнгө төгрөгтэй хүн байхгүй, тамирчид маань хоол ундгүй тэмцээнд ордог байлаа шүү дээ. Тэмцээнд сайн тамирчид явж чаддаггүй, удирдлагууддаа хов хүргэж чадсан нь явдаг байлаа.

-Л.Чинбатын үед чөлөөт бөхийн холбоо овоо өндийсөн ч хэрүүл, маргаан нь хэвээрээ байсан гэдэг?  
-Чинбат ажил ихтэй байдаг хүн юм билээ.  Манай холбооны удирдах зөвлөлд пүүс, компанийн мэдлэгтэй, боловсролтой, мөнгө төгрөгтэй хүмүүс байдаг. Чинбатын үед овоо сайхан жигдрээд тамирчид хүртэл өдөрт хоёр хоол идчихээд бэлтгэлээ хийдэг болсон. Ингээд сайхан болж байтал гэнэтхэн л энэ холбоог өөрчилнө гээд бүгдийг нь халж сольсон. Болгараас хүртэл дасгалжуулагч дуудаж авчирсан. Ердөө жил хагасын өмнө шүү дээ. Багшийн дээдэд ажиллаж байсан намайг хүртэл ирээч гэсэн. Миний хувьд бөхөөр хоолоо олж идсэн, амжилт гаргасан, бөхөд хайртай хүн болохоор саналыг нь хүлээн аваад ирсэн. Тэгэхэд намайг эмэгтэйчүүдийн ахла­хаар тавья гэсэн. Миний хувьд ахлахаар ажилла­маар­гүй байна. Мэх, техни­кийг нь заагаад бэлтгэл сургуулилт дээр нь анхаарч чадлынхаа хэрээр туслая гэлээ. Тэгээд Төмөрбаатарыг эмэгтэйчүүдийн ахлахаар тавьж байлаа. Харин эрэгтэй­чүүдийг жижиг Сэрээтэр, Баяраа хоёр ахалж ажиллаж байсан. Тэгтэл бас л олимп дөхсөн чинь дотроо хэрүүл шуугиан хийж эхэлсэн. Ахлахыг чинь халая, танд ямар санал байна гэдэг байгаа. Тэгэхээр нь би та нар боль, их гараан дээр морио сольдоггүй юм гээд их уурласан.  Олимп болоход ердөө хоёр сар үлдсэн байхад ахлахаа солино гэдэг чинь байж болохгүй асуудал. Тэрний оронд биднийг бүгдийг нь хал гэсэн. Тэгж л нэг тогтсон юм даа.

-2008 оны олимпоос чөлөөт бөхийнхөн ганзага хоосон ирсэн нь дотроо зөрчил ихтэй байснаас үүдсэн гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Үүнтэй та санал нийлэх үү?
-Олимпын эрх авах гэж бид хэчнээн зовсон гээч. Дасгалжуулагчид нь хоорондоо миний хүүхэд сайн гэж хэрэлдээд л. Бид чинь хэн нь сайн бөх вэ гэдгийг нь мэдэлгүй яахав. Хамгийн сайныг нь, тэр дундаа олимпын эрх авах бололцоотой нэгнийг нь л тэмцээнд авч явахыг бодно шүү дээ. Үүнээс болж бөөн хэрүүл шуугиан болж, бүр дотроо зодоон цохион дээрээ тулсан. Тэгээд 2008 оны олимпоос эрэгтэй нь ч тэр, эмэгтэй нь ч тэр медальгүй ирсэн. Харин тэр олимпод жүдочид маань сайхан барилдсан. Тэр олимпоос ирэнгүүт л Төмөрбаатар бид хоёрыг хоёуланг нь халсан.

-Гэхдээ тухайн үед таныг олон улсын шүүгчээр ажиллах боломжтой байсан гэдэг юм билээ.
-Тэр тийм шүү. Олон улсын шүүгчдийн дээд зэргийн эрхийг аль эрт авчихсан байсан юм. Эрхийг нь авчихсан юм чинь олимп, дэлхийн аваргын тэмцээн шүүх байх гэж бодож байтал “Та 46 нас хүрсэн байна. Таныг халлаа” гээд Басхүү олон улсын үнэмлэхийг минь хураагаад авчихсан юм. Ер нь олон улсын тэмцээн шүүх тал дээр хоёр хүн л эрх мэдэлтэй байсан. Басхүү, түүний дүү хоёр. Хоёулаа л олимп, дэлхийн аваргын тэмцээнд явна. Энэ мэтээр шүүгчийн хэрүүл хүртэл байсан. Одоо дэлхийн чөлөөт бөхийн ном эргүүлээд харахад миний олон улсын шүүгчийн эрх авсан тухай мэдээлэл огт байдаггүй юм. Үнэмлэхээ нэхэхээр хураалгасан гэдэг. Сүүлд судлаад үзсэн чинь 60 хүртлээ шүүгч хийх боломжтой байсан юм билээ. Тэгээд ийм хэрүүл дунд ажиллаад яахав гэж бодоод чөлөөтийг орхиод үндэсний бөх рүү явсан даа. Үндэсний бөхөөр олон сайхан бөх гаргаж чөлөөтөд суурь болгож явья гэж бодсон хэрэг. Тэгээд сургууль дээрээ эргэж очсон. Сургуулийн удирдлагууд намайг явуулсан бас эргэж авсан. Тиймээс Багшийн дээд сургуулийн удирдлагуудад баярлаж явдаг.

-Тэгвэл Д.Дагвадорж ерөнхийлөгчийн хувьд та юу хэлэх вэ. Ямар ч ажил хийдэггүй, тамирчдаа дарамтлахаас өөр ид шидгүй гэх юм?
-Чинбат ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа удирдах зөвлөлөө хуралдуулаад “Надад газар тариалангаас эхлээд хийх ажил их байна. Би ажлаа өгөе. Өөрийнхөө оронд Дагвадоржийг тавья” гэсэн санал тавьсан юм би­лээ. Тэр хуралд би бай­гаа­гүй. Ямар ч байсан нэр хүнд­тэй сайхан аварга хүн тавигдлаа. Жүдогийн холбоо­ны ерөнхийлөгч Бат­тулга шиг ажлаа явуулах байх гэж бодсон. Ер нь бол би 2008 оноос хойш чөлөөт бө­хийн холбоо руу орж ирээгүй. Үнэндээ ирэх хүсэл ч байгаагүй. Ахмадуудаа хүлээж авахдаа урьдаг. Би ч очдог байсан. Гэтэл дотроо нөгөө хэрүүл нь яг л хэвээрээ. Дагвадоржийн хувьд хийсэн ажил байна уу гэвэл байна. “Найрамдал” зусланд олон дэвжээтэй баазтай болгож, бэлтгэл сургуулилт дээр нь анхаарал хандуулсны эцэст 2012 оны олимпоос манай тамирчид хоосон ирээгүй болохоор холбоогоо сайн авч яваа юм байна гэж харсан, дүгнэсэн. Тамирчдын аж амьдрал нь хүртэл дээшлээд ирж байна. Байраар шагнуулсан хүн өнөөдөр олон байгаа.  Олимпын аваргатай болбол байр, машинаар шагнуулах хүн ч олон бий.

-2016 оны олимп дөхсөн энэ цаг үед дахиад шуугиан тарилаа. Гурван тамирчин Азийн аваргад яваад хасагдаад ирлээ. Энэ хэний буруу вэ?
-Энэ нь хэнээс болсон бэ гэхээр холбооны нарийн бичгийн дарга, дасгалжуулагч, тухайн тамирчны буруутай үйл явдлаас. Үүнийг зөв ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Би Золбоогоос юу болсон талаар асуухад “Хүдэрбулга бид хоёр яахав. Дэлхийн аваргад оролцож болно. Гомбо­доржийн хувьд л жаа­­хан харамсалтай зүйл бол­лоо. Холбооныхон жаахан анхаа­рал муутай ажиллалаа” гэсэн. Уг нь бол энэ асуудал визтэй ямар ч холбоогүй юм билээ.

-Яагаад визтэй холбоо­гүй гэж. Хуурамч визнээс боллоо гэж шуугьж байгаа?
-Хуучин паспортных нь дугаарыг визэнд явуулсан юм байна. Харамсалтай нь гурван тамирчин, нэг дасгалжуулагчийн паспортны хуудас нь дууссан байж. Тэгээд шинэ паспорт аваад явсан гэсэн. Хуучин паспортныхоо хуулгыг аваад явсан бол ямар ч асуудалгүй тэмцээндээ оролцох бүрэн боломжтой байсан юм билээ. Хоёр паспортных нь дугаар зөрсөн болохоор хуучныг нь аваад ир гэх нь зөв шүү дээ. Хуучнаа орхичихсон болохоор яаж хил нэвтрүүлэх вэ дээ. Гэтэл дасгалжуулагч нь орох эрхтэй байсан гэнэ. Яагаад гэхээр хуучин паспортоо канондуулаад аваад очсон байна билээ. Гэхдээ дасгалжуулагч нь би тамирчидтайгаа буцна гээд цааш нэвтрээгүй гэсэн. Надад ингэж л ярьсан. Харамсалтай нь, өөрсдийгөө шоронд байсан мэтээр ярьсан байна. Ямархуу байдалтай байсныг нь хүнээс сонссон л доо. Очсон онгоцоороо буцах ёстой байсан болохоор дөрөв, таван хоног саатсанаа шоронд байсан мэтээр ярьж болохгүй шүү дээ. Үүгээр далимдуулаад удирдлагуудаа муу хэлэх юм. 2008 оноос хойш гаргасан амжилтыг бодоод нэг үзээрэй. Чамгүй олон бий шүү.

-Багш нар тамирчдынхаа өмнөөс барилдаад шившиг боллоо, ичлээ гэж байна. Энэ үнэхээр шившиг мөн үү?
-Тамирчдынхаа өмнөөс барилдчихаад ичээд байх юу байсан юм бэ. Өмнө нь барилдаж л явсан шүү дээ. Жаахан гэдэстэй, настай л болоо биз. Улсынхаа төлөө л дэвжээнд гарсан. Ичлээ, зовлоо, шившиг боллоо гээд л байх юм. Ичих л байсан юм бол анхнаасаа хариуцлагатай байж тамирчдаа явуулах нь яасан юм бэ. Монгол бөх хүн хөгширсөн хойноо нүцгэлээ л биз. Залуудаа нүцгэлж л явсан шүү дээ. Монголынхоо төлөө би ч гэсэн нүцгэлээд гарахад бэлэн байна. Яадаг юм бэ. Буурал толгойтой хөгшин л байгаа биз. Барилдаад ялагдсан ч гэсэн тэр жинд Монголын бөх барилдсан уу, барилдсан гээд дараагийн тэмцээнүүдэд оруулна. Яахав хоёр тамирчин маань өөрсдөө жиндээ барилдсан бол юм дуулгах л байсан байх. Гэхдээ миний хувьд хоёр багшид нь баярлаж байна. Хоёулаа жингээ үзүүлээд барилдана гэдэг чинь  болж байна. Харин ичсэн гэдэг байж болохгүй асуудал шүү. Дотроо будлиан хийхдээ ичээгүй байж барилдсанаасаа ичих хэрэг байхгүй. Ичлээ, барилаа гээд сэтгүүлчдийг дуудаж хурал хийлгэсэн нь илүү зан. Тэрний оронд Дагвадоржтой та ийм зүйл дээр алдаад байна гэж ярьж болно шүү дээ.

-Түр хороонд нэгдсэн тамирчдын цаана багш,  дасгалжуулагчдын хатгаас бий, тэднийг турхирч байна гэх юм. Ийм зүйл байж болох уу?
-Багш, дасгалжуу­лаг­чийнхаа турхираагаар тамир­чин хүн явж болохгүй л дээ. Гэхдээ чи миний шавь байлаа гэж бодоход багш нь халагдах дээрээ тулбал чи багшийгаа л гэж бодно биз дээ. Хөөрхий багшийгаа хаяж чаддаггүй юм, тамирчид чинь. Багшийн буруу ч бай, зөв ч бай хүн чанартай л юм бол хаяж болохгүй. Тэгэхээр багшийгаа дагахаас өөр арга байхгүй. Дасгалжуулагчдын толгой муу ажиллаж байна.  Өөр багшаас ирсэн шавийг шигшээ багийн дасгалжуулагч нар өөрийнх юм шиг хайрлаж дээшээ гаргаж өгөх ёстой. Тэгэхийн оронд тэрний шавь, манай талын хүн гээд нэгнээ муу хэлэхээс цааш юм алга. Шигшээ багийн дасгалжуулагч хүн арван багшийн шавь нараас аль нь сайн гэдгийг нь ялгаж салгаж сурах хэрэгтэй. Тэрнээс энэ манай талын хүн гээд бусад багшийн шавийг хавчиж болохгүй. Спортод хамгийн осолтой зүйл бол энэ. Бусад байгууллагад танил тал, ах дүүгээ ажилд авч болдог юм байгаа биз. Харин спортод бол эсэргээрээ байх ёс­той. Танил талаа хараад бай­вал хэзээ ч амжилтад хүрэх­гүй.
-Тэгвэл энэ байдлаас яаж гарах ёстой юм бол?
-Дээр хэлсэн алдаа дутагдлаа давтахгүй байх хэрэгтэй. Жишээлбэл, холбоо­ны нарийн бичгийн дарга Баянмөнх “Та нарын поспорт бүрэн бүтэн байна уу” гээд хяндаг байх хэрэгтэй. Эртхэн шиг шинэ паспорт авахуулаад дугаарыг нь цаашаа явуулсан бол бүх зүйл бүтэмжтэй байх байсан шүү дээ. Бас энэ асуудалд багш нь ч гэсэн бу­руутай. Өөрөө хуучин пас­пор­тынхоо хуулбарыг аваад явсан хэрнээ яагаад тамирчдадаа хэлж болоогүй юм бэ. Өөрөө мэдэж байсан болохоор л хуулбараа авч явсан байж таарна. Тэгэхээр багш өөрөө алдаа гаргачихаад өөр хүн рүү чихэж байна гэж харж байгаа. Зориудаар ийм  үйлдэл хийсэн ч байж мэднэ. Олимп дөхсөн энэ цаг үед ийм асуудлаар холбооны удирдлагуудаа авч хаяна гээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна.

-Удирдлагуудаа огцруу­лах тав хоногийн хугацаа нь өнөөдөр дуусч байгаа. Д.Дагвадорж ч гэсэн өнөөдөр ирэх сураг байна?
-Олимпод амжилт муутай оролцвол дараагаар нь энэ асуудлаа ярьж болно шүү дээ. Энэ хэд хоногийн дотор удирдлагуудаа огцруулчихаад тэд мундаг тив, дэлхийн, олимпын аварга гаргах юм уу. Тэгж чадахгүй. Иймэрхүү өчүүхэн асуудалд дөрөөлж дээшээ гарах гэхийн хэрэг байхгүй гэж санаж байна.  Чи намайг халсан, дасгалжуулагч болгосонгүй гэх зэргээр бие биедээ атаархсан, жөтөөрхсөн хүмүүс тамирчдаа уруу татаад тоглохоо болих хэрэгтэй. Үүнийг удирдлагууд тас цохиод болиулах хэрэгтэй. Миний хувьд ерөнхийд нь ярилаа. Цааш нь нударгыг нь олж ярья гэвэл хэлэх зүйл их байна. Гэхдээ одоо гал асаахын нэмэр. Тиймээс одоо ярих нь зохимжгүй. Харин нэг тамирчин маань дэлхийн аваргад оролцох боломжгүй болсонд нь л харамсч явна.  Гомбодорж чинь сайн тамирчин байгаа юм.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Энэ олон залууст эвээ олоорой гэж захиж хэлмээр байна. Эрдэмтэй номтой хүмүүсээ гадагш алдах хэрэг байхгүй. Бид чинь эрдэм, номтой хүнээр заалгаж энэ чөлөөтийг эхлүүлээгүй юм шүү. Бүгд л адилхан ардын хүүхэд байсан. Тэр дундаасаа багшийгаа сонгож удирдуулж яваад улсынхаа болоод дэлхийн том цолыг нь хүртэл авсан. Мөнхбат, Баянмөнх гээд бид хэд анх улсын шигшээд ямар ч цолгүй ирж байлаа. Одоо хар л даа. Бүгдээрээ сайхан дархан аварга, гавьяат, баатар болчихсон явна. Энэ нь төрийн минь, эв нэгдлийн  буян гэж бодож явдаг. Надад тусалж байсан олон сайхан бөх бий. Тэдэндээ би баярлаж явдаг. Тэдэнтэйгээ тэмцэлдэж бэлтгэлээ хангаагүй бол ямар амжилт гаргах вэ дээ. Тэгэхээр эргээд тэднийгээ муулж болохгүй шүү дээ. Харин ч дээд зэргээр хүндэтгээд явах хэрэгтэй. Ямар ч гэсэн өмнөхөө муу хэлэхгүй, одоогийн залуусаа хэт сагсууруулж болохгүй. Эцэст нь гэж хэлэхэд манай бөх муудаагүй. Хэзээ ч муудахгүй. Харин сургалт, дасгалжуулалт систем муутай явж байна. Тиймээс л жаахан алдаад байгаа юм. Хамгийн гол нь эв эегүй байна. Жаахан амжилт гаргаад ирэхээр өөрсдөө явах гээд л, удирдлагаа булаацалдаад л. Улс, ард түмний уур амьсгалаар явчих гээд л байх болж. Ийм үйлдэл бидэнд огтоос хэрэггүй. Ах нь ингэж л бодож байна.

0 Сэтгэгдэл
Үнэн шүү дээ, бөхийг огт сонирхдоггүй надад ч гэсэн тэр хүмүүсийн гоншигноод байгаа нь таалагдаагүй
энэ гомбодорж шоронд байх ёстой хүн шдээ.чөлөөт дөө барилдаад л яваа юм уу.овоо мөнгөтэй гар юм бн л даа.мөнгөгүй нэгнээ өөрийнхөө өмнөөс суулгачаад айн
Ene sereeter holboonii asuudal geheesee huvi hun bolon baiguullaga visa haritusaj ajillasan huniil asuudal bn shde.Passportnii dugar zuruh chine medeejiin asuudal bna canondoj uguud l yavuulna biz. Bantsan bantuulsan 2 ni hudlaa piardatsgaagaad
Hahaha, buhiin sain sereeter. Hunii muu sereeter hj yg munduu, mungu ugsun hunii bugsiig ch doloohod belen
Hahaha, buhiin sain sereeter. Hunii muu sereeter hj yg munduu, mungu ugsun hunii bugsiig ch doloohod belen
Хамгийн их уншсан