Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөх визэнд Монголын чөлөөт бөхийн холбоо буруутай, бас буруугүй


Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо болж эрэгтэй баг тамирчид маань  нэг алт, гурван хүрэл медаль хүртэж багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт үзүүллээ. Гэвч олон улсын хэмжээний мастер, Ази тивийн аварга Д.Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер Н.Золбоо, Д.Гомбодорж наргүйгээр шигшээ багийнхны гаргасан амжилт. Хэрэв тэд энэ удаагийн тэмцээнд оролцсон бол энэ амжилтыг ахиулах бүрэн боломжтой байлаа хэмээн чөлөөт бөхийн хорхойтнууд халаглаж сууна. Ийнхүү халаглахад хүргэсэн гол буруутан нь Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд өөрсдөө гэдгийг чөлөөт бөх сонирхогчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Үүнийг нь Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаярын хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэл бататгасан гэхэд болно. Тэрээр “Багийн мэдүүлгийг бид сарын өмнө явуулсан боловч гурван хүний виз ирээгүй. Тэмцээнд явахын өмнөх өдөр бид бэлтгэлтэй байхад холбооноос над руу утасдаад, үлдсэн гурван хүний виз гарсан гэж хэлсэн.  Визээ аваад харахад нөгөө гурвын маань овог, нэр таарч л байсан. Гэтэл Дубайгийн хил дээр очиход  Д.Гомбодорж, Н.Золбоо хоёрыг хуурамч визтэй байна гээд саатуулсан. Харин Д.Хүдэрбулгыг Дохад очиход нь оруулаагүй” хэмээн ярьсан юм.  
Гэтэл үүний эсрэг Монголын чөлөөт бөхийн холбоо бид буруугүй хэмээн байр сууриа илэрхийлж байна. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнхөөс тодруулахад “Бичиг баримтын зөрчил Монгол Улсын гавьяат тамирчин Мандахнаран, олон улсын хэмжээний мастер Номин нарт байсан юм. Учир нь, тэд паспортоо шинээр солиулсан учир хуучин, шинэ паспортын дугаар зөрсөн асуудал гарсан ч хил дээр шууд нэвтрүүлсэн.  Монголын чөлөөт бөхийн холбоо нь тамирчдын хуурамч визний гэгдэх асуудалд ямар ч холбоогүй. Тэмцээн зохион байгуулагч Катарын талаас виз мэдүүлэх асуудалд системийн алдаа гарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэв. Мөн Монголын чөлөөт бөхийн  холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж энэ сарын 25-нд эх орондоо ирнэ. Тэр үед дэлгэрэнгүй үнэн зөв мэдээллийг тамирчид дасгалжуулагчдын хамтаар ард түмэнд өгнө гэдгээ мэдэгдэв.
Гэвч чөлөөт бөхийн хүрээнийхэн холбооны ерөнхийлөгчөө хүлээгээд суухгүй нь. Учир нь, тэд Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хороо байгуулжээ. Мөн өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж холбооны “гал тогоонд” болж буй бүх болохгүй, бүтэхгүй байгаа асуудлыг хөндөж сэтгэлээ уудлах гэнэ. Тэр бүү хэл түр хорооныхон холбооныхоо удирдлагуудад шаардах бичиг хүртэл хүргүүлэх юм байна. Аливаа спорт хамтын бэлтгэл сургуулилт, итгэлцэл дээр хөгжиж амжилт олдог. Гэтэл сүүлийн жилүүдэд сэргэн мандаж буй спортын төрлийн тоонд зүй ёсоор багтсан чөлөөт бөхийнхөн маань дотроо хагаралтай байдгийг энэ удаагийн хэрэг явдал ил болголоо хэмээн ажиглан суух хүн олон байна.
Монголын чөлөөт бөхийн холбоо үнэхээр тамирчдынхаа төлөө үйл ажиллагаагаа явуулдаг уу, эсвэл эрэгтэй шигшээ баг нь энэ холбооны  өргөмөл эсвэл дагавар хүүхэд шиг адлагддаг уу гэдэг нь хоёр талын байр суурь бататгаж, асуудал эцэслэн шийдэгдэхэд л тодорхой болох нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан