Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Балбын газар хөдлөлийн гамшгийн уршиг

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Балба улсад тохиосон газар хөдлөл нь 1934 оноос хойшхи хамгийн хүчтэй буюу 7,8 магнитудын хүчтэй байсан. Энэ газар хөдлөлийн улмаас 8051 хүн амь алдаж 17 мянга 866 хүн бэртэж гэмтсэн бол одоо болтол 366 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Газар эхлээд 25-ны өдөр 7,8 магнитуд, хагас цагийн дараа 6,6 магнитуд, 26-ны өглөөгүүр хоёр ч удаа 6,6, 6,7 магнитудын хүчтэй хөдөлсөн. Эдгээрээс сулхан чичирхийлэл 28-ны өдөр хүртэл бүртгэгдсээр байсан юм.
Газар хөдлөлийн төв нь Балбын нийслэл Катмандугаас холгүй газар доор 15 км-ийн гүнд байсан.
Балбын Дотоод явдлын яамны мэдээлснээр газар хөдлөлийн улмаас 2000 орчим барилга бүрэн нурж сүйрсэн бол 4000 гаруй барилга хэсэгчлэн нурж, эвдэрч гэмтсэн байна. Катмандугаас зүүн хойд зүгт орших Синдхупалчок районд газрын хөрс бүхэлдээ хөрвөж барилгын 90 хувь нь эвдэрч сүйрсэн гэж байна.
Газар хөдлөлийн гамшгийн нийт хохирлыг урьдчилсан байдлаар 2-10 тэрбум ам.доллар гэж гаргаад байгаа юм байна.

Катманду хотод ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд орсон 60 метр өндөртэй Дхарахара цамхаг, Хануман Дхока талбай, Дурбар талбайн хэд хэдэн барилга, Нараяна сүм, Мажу сүм бүрэн нурж сүйрсэн бол Бхактапур хот дахь эртний хөшөөнүүд бас нуржээ. Сагарматхын байгалийн болон Читваны үндэсний  цэцэрлэг хүрээлэн нэлээд гэмтэж эвдэрчээ. Бхактапурын Шераба Гьюлценийн хуучин хийд бүрэн нурсан бол шинэ Шераба Гьюлцен хийд нь хагас нь нурсан байна. Сваямбху дахь Кармапы  Шамарпын хийд мөн хагас нь нурж сүйджээ. Үүний зэрэгцээ Цечу Ринпоче хийдийн бас хагас нь сүйрчээ. Энэ бүхнээс үүдэн НҮБ-ын Соёл боловсрол шинжлэх ухааны байгууллага-ЮНЕСКО балбын соёлын өвд учирсан хохирлыг үнэлүүлэхээр мэргэжилтнүүдээ бэлтгэж байгаа юм.

НҮБ-ын гаргасан бас нэг судалгаагаар тус улсын 28 сая хүний  8 сая нь  газар хөдлөлийн бүсэд амьдарч байсан бол тэдний хоёр сая нь илүү хүчтэй хөдөлж нэрвэгдсэн 11 мужид амьдардаг байжээ.
Газар хөдлөл хөрш орнуудад нь ч бас мэдрэгдэж хохирол учруулсны дотор Энэтхэгт 72 хүн нас барсан бол 270 хүн бэртэж гэмтсэн гэсэн мэдээ байна. Хятадын Түвдийн өөртөө засах оронд 25 хүн амь алдаж 117 хүн гэмтсэн, Бангладешт дөрвөн хүн нас барж 100 гаруй хүн бэртэж гэмтжээ.
Газар хөдлөх үеэр Балбад аялж зугаалж, амарч, бас ажиллаж байсан гадаадын 40 хүн нас барж 1100 гаруй хүн сураггүй алга болоод байгаа юм.
Эндээс  Хятадын 25, бангладешийн дөрөв, АНУ, Францын тус бүр гурав, ОХУ-ын хоёр, Австрали,, Япон, Эстонийн тус бүр нэг хүн амиа алдсан нь тодорхой болжээ.

Дэлхийн уулчдын цугларч хүч чадлаа сорьдог, Гималайн уулсын ноён оргил Жомолунгма эдний нутагт байдгаас дэлхийн дээвэрт авирахаар ирсэн олон уулчны бааз, дээш мацаж явсан уулчид энэ гамшигт өртсөн. Уулын бэлийн бааздаа байсан 19-өөс цөөнгүй уулчин нурангид дарагдан амиа алдсан гэж байна.

Одоо дэлхийн улс орнууд, хамтын нийгэмлэгийн болон хүмүүнлэгийн байгууллагууд Балбын ард түмэнд туслахаар гараа сунган хүмүүнлэгийн ачаа, дулаан хөнжил, эм хэрэгсэл, хүнс тэжээл цэвэр ус хүргэхийн зэрэгцээ аврагчдаа илгээн авран туслах ажилд оролцуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан