Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Цэвээндаш: Орой дээр нь гарч чадаагүй ч оргилыг нь сэтгэл зүрхээрээ мэдэрсэн


Дэлхийн дээвэр Эверестийн оргилд 2012 онд анх удаа авирч, монгол уулчдын амжилтыг бататгаж чадсан эрхэм бол Б.Цэвээндаш. Хэдийгээр мэргэжлийн уулчин биш ч гэсэн уулын спортын “хаалгыг нь тогшилгүй орсон” хэмээн өөрийгөө тодорхойлдог тэрээр өнгөрсөн сарын эхээр дэлхийн дээврийг хоёр дахиа зорьсон. Эхний удаад өмнө буюу Непалын талаас авирсан тэрээр хоёр дахь удаагаа хойд буюу Түвдийн талаас авирахаар зорьсон байна. Гэсэн ч өнгөрсөн сарын 25-нд Непалд болсон газар хөдлөлтийн улмаас зорилгодоо хүрч чадалгүй замынхаа 80 хувиас буцсан юм. Энэ удаа тэрээр 74 настай Монгол Улсын гавьяат тамирчин уулчин Т.Гүррагчаатай аялалд гарсан ч, уржигдар эх орондоо эсэн мэнд хүрэлцэн ирсэн. Ингээд аяллын сонин болон уулын спортын талаар ШШГЕГ-ын уулчин, хошууч Б.Цэвээндаштай ярилцсанаа хүргэж байна.

-Эх орондоо нэг сарын дараа ирэх байтал хугацаанаасаа өмнө ирчихлээ. Энэ удаа байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүн хүчин мөхөсддөгийн нэг жишээг харуулж дэлхийн дээвэр Эверестэд гарч чадаагүй ч өндөр настай ижий, эхнэр хүүхэд, хамаатан садан, найз нөхөд, элэг нэгт ахан дүүсдээ эсэн мэнд ирсэнд баяр хүргэе.

-Баярлалаа. Энэ удаа “Найрсаг Улаанбаатар”, “Эрүүл Монголын төлөө” гэсэн уриатай авирсан.  Зүгээр нэг ууланд авиръя гэж бодоогүй. Монголчуудаа уриалахыг хүссэн хэрэг. Чиний хэлснээр хоёр сарын хугацаатай явсан ч нэг сар таван хоног болоод буцаад ирлээ. Үнэхээр харамсалтай зүйл болсон. Байгалийн гамшгийг яалтай ч билээ. Сүүлийн зуун жилд болоогүй хүчтэй газар хөдлөлт болсон. 7-8.1 баллын хүчтэй байсан. Нэг бодлын зорилгодоо хүрч чадаагүй ч гэсэн азтай байлаа. Миний зүгээс хамгийн их харамсч байгаа зүйл бол бэлтгэл маань сайн, бие эрүүл мэндийн хувьд мориор бол уяа сойлго нь таарчихсан, урагшаа ухас ухас хийсэн эрч хүчтэй байсан даа.

-Непалд олон хүн амь насаа алдсан. Энэ тоог уулчид ч гэсэн нэмж байгаа. Тиймээс аргагүйдэж авиралтаа зогсоосон болов уу?


-Хятадын талаас авиралтыг маань зогсоосон юм. Зогсоохгүй байх ч аргагүй байсан л даа. Непалын талаас бол найман мянга гаруй хүн орон гэргүй болж, амь насаа алдсан. Түвдийн талаас бол арай гайгүй. 1200 хүн орон гэргүй болж амь насаа алдсан. Уулчдын хувьд Түвдийн талаас зургаа, Непал талаас 11 хүн амиа алдсан  ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байна билээ. Гүрээ ах бид хоёрын хувьд түүхэн авиралт байлаа. Миний хувьд өмнө нь 2012 онд анх Эверестийн оргилд гарч төрийнхөө алтан соёмбот далбааг мандуулсан. Энэ удаа Түвдийн талаас авирах гэж яваад 7180 метр /Эверестийн оргил өндөр 8848 м/ яваад авиралтаа зогсоолоо. Энэ бол замынхаа 80 гаруй хувийг туулсан гэсэн үг. Орой дээр нь гарч чадаагүй ч гэсэн сэтгэл зүрхээрээ оргилыг нь мэдрээд ирлээ.

-Уулчдыг албадан буулгах хүртэл нь бааздаа байрласан гэсэн. Тэгэхээр эцсийн мөч хүртлээ итгэл найдвараа алдаагүй зорилгодоо тэмүүлсэн гэсэн үг үү?


-Оргилд авирахыг  Хятадын талаас хориглож бүх уулчныг тавдугаар сарын 5 гэхэд уулнаас буухыг шаардсан. Манай багийн хувьд эцсийн мөч хүртэл Эверест бааз лагерьтаа байсан. Бид маш хүчтэй баг байсан л даа. 11 хүний бүрэлдэхүүнтэй. Гурван англи, нэг румын, нэг костарика, словак, украйн, орос уулчин багтсан. Украйны уулчин маань хүчилтөрөгчгүй, өндөрлөг газар бие нь муудаад баруун нүд нь юм харахаа больж яаралтай Катмандугийн эмнэлэг рүү явсан. Удалгүй Оросын уулчин маань бие нь муудсан. Өндөрт гарахаар тархи толгой нь бахиар хавчиж байгаа юм шиг л өвддөг. Тэсэхийн аргагүй. Гэтэл орос уулчин маань тархи толгой нь өвдөхийн хажуугаар ходоод нь өвдсөн. Тиймээс мөн л уулнаас буусан л даа. Хоёр герман уулчин маань Эверестээс гадна өөр ууланд авирах төлөвлөгөөтэй байсан. Гэсэн ч бүх уулыг хаасан учраас буцсан. Словакийн уулчин ч гэсэн буцсан. Манай багаас надтай нийлээд зургаан хүн л эцсийг нь хүртэл 5200 метрийн өндөрт байлаа. Манай багт багтсан нэг англи уулчин маань өмнө нь 2006 онд Эверестэд авиралт хийгээд хөлийнхөө дөрвөн хурууг хөлдөөж тайруулсан юм билээ. Надаас бусад нь анх удаагийн авиралтаа хийж байгаа уулчид байсан л даа.
Хятадын талаас баг болгонд 5000 ам.долларын тэтгэмж олгосон нь манай багийн нэг хүнд 400-500 ам.доллар ногдсон. Тэр нь уулнаас буух унаа, буудлын зардал зэрэгт таарсан. Непалын талаас ямар ч тусламж авч чадаагүй. Тэгээд ч өөрсдөө хэцүү байдалд орсон байхад нь нэхээгүй. Газар хөдлөлтийн улмаас уулнаас буух болсондоо үнэхээр итгэхэд хүнд байсан шүү.
 
-Газар хөдлөх үед та бүхэнд хэрхэн мэдрэгдсэн бэ?

-Монголчуудын хувьд газар хөдлөхийг мэдэхгүй. Эверестийн 6500 метрийн өндөрт байхад газар хөдлөлт явагдсан. Яг бид хооллож байтал газар хөдлөлт явагдсан. Юм дэлбэрч байна уу гэмээр маш хүчтэй дуу чимээ гараад ширээн дээр байсан бүх юм асгарсан. Бүх юм чичигнээд ёстой хэцүү болсон л доо. Тэр үед хоолны майхнаас гүйж гараад өөрийнхөө майхан руу хүрч камераа аваад бичлэг хийсэн.
Уул гэдэг бол үзэгчгүй спорт. Бусад спорт бүхний нүдэн дээр явагддаг. Гэтэл амь насаараа дэнчин тавьж, байгалийн олон хүчин зүйлийн өмнө өрнөдөг, зөвхөн өөртэйгөө өрсөлддөг уулын спортыг монгол түмэндээ үзүүлж, ойлгуулахыг зорьсон. Тиймээс алхам тутамдаа ажиллаж, бичлэг хийж байсан. Тэр утгаараа газар хөдөлсөн ч камер руугаа гүйж очих жишээний байлаа.

-Тэгвэл тэр хөдөлмөр удахгүй үзэгчдэд хүрэх нь ээ?

-Эверестийн оргилд гарч чадаагүй ч гэсэн зургийн үзэсгэлэн, нэвтрүүлэг, баримтат кино хийх зорилго тавьсан. Удахгүй үүнийгээ биелүүлнэ.

-Балбад болсон газар хөдлөлтийн мэдээ дэлхий даяар түгсэн. Үүнийг сонсоод монголчууд хамгийн түрүүнд тэнд яваа элэг нэгтнээ л бодсон. Гэр бүлийнхэн тань бол нойргүй л хүлээсэн байх. Гэр бүлийнхэнтэйгээ холбоо харилцаа хэр байсан бэ?

-Монголчууд маань маш их сандарч айсан байна билээ. Бид 6500 метрийн өндөрт байрлаж байхад ямар ч мэдээлэлгүй байсан. Очсон газар бүртээ үргэлж бэлтгэл сургуулилтаа хийж байлаа. Ингэх нь өндөрт бие маань дасан зохицоход их нэмэр болдог. Бидний дараагийн төлөвлөгөө бол 7800 метр дээр хүчил төрөгчгүй хоноод буцаж буугаад үндсэн авиралтаа эхлүүлэх байсан л даа. 5200 метрийн өндөрт байрладаг Эверест бааз лагерь дээр ирээд утсаа асаатал өчнөөн мессэж ирсэн байсан. Та хоёрыг сураггүй алга болсон гэж байна гээд л. Монголчууд маань ямар ч шуурхай мэдээлэл авдаг болсон юм. Хэвлэл мэдээллийнхэн та нар маань ч гэсэн маш сайн ажилладаг болж. Ингээд л би байдал ямар байгааг ойлгоод гэр рүүгээ хамгийн түрүүнд ярьж зүгээр байгаагаа хэлсэн. Гэр бүлийн хувьд шөнөжин нойргүй хонож CNN-ийг үзсэн гэсэн.

-Хэдхэн өдрийн өмнө хэдийнэ байсан газар нутаг газар хөдлөлтийн дараа тэс өөр болсон байгааг хараад сэтгэл санаанд өөрчлөлт гарсан уу?

-Үнэхээр хэцүү болсон байсан. Дайн болчихсон юм шиг л. Энэ тэнд майхан бариад орон гэргүй болсон хүмүүсийг оруулчихсан. Байшин барилга нь балгас болж,  зарим нь нэг нэгнээ түшээд хазайчихсан. Хаа сайгүй хамгаалалт гарчихсан байсан л даа.

-Ирэх жил хэрэв авирвал хийвэл 7200 ам.доллар чөлөөлнө гэсэн-


-Өмнө нь Балба талаас авирсан. Энэ удаа Түвдийн талаас авирлаа. Ялгаа нь юу байсан бэ?
-Балбууд  бол олон жилийн турш Энэтхэгийн колон байсан учраас англи хэлтэй. Аялал жуулчлалаар гол хөрөнгө оруулалтаа босгодог. Хүмүүс нь ч гэсэн жуулчидтай харилцаад сурчихсан. Гэтэл түвдчүүд даруухан ноомой, сүсэг бишрэл ихтэй учраас Жомулунгма буюу Эверестийн оргил дээр гараад ирсэн хүмүүсийг бурхан шиг үздэг. Уулын спорт огт хөгжөөгүй.
Харин туулах замын хувьд Балбын талаас буюу Эверестийн өмнө талаас авирахад цас мөсөн хавцал ихтэй. Осол аваар гарах магадлал ихтэй. Цасан нуранги элбэг. Харин Түвдийн талаас хад чулуу ихтэй, ялгаагүй л цас мөстэй. Тэгээд ч аливаа уулын хойд тал маш хүчтэй салхитай байдаг юм.

-Түвдийн талаас хятадууд зам тавьсан гэж сонссон. Тэр зам нь хэр урт үргэлжилж байна вэ?

-5200 метрийн бааз лагерь хүртэл 40-50 метр л дутуу байна билээ. Тэнд зөвхөн түвдүүд л ажиллаж байна. Эмэгтэй, эрэгтэй, хүүхэд залуугүй л ажиллаж байна. Тэнд хятадууд бол ажиллаж чадахгүй. Тэр өндөрлөг газарт ажил хийх хэцүү л дээ. 5200 метр хүртэл машинаар явдаг. Ингэхдээ очсон суурин бүртээ авиралт хийгээд бууж ирээд амарч байсан. Энийг бол бид өөрсдөө л хийдэг.

-Балбын талтай гэрээ хийгээд явсан. Байгалийн хүчин зүйлийн улмаас авиралт зогссон учир тэд нөхөн төлбөр олгох шаардлагатай байсан. Хэдийгээр хүнд нөхцөлд орсон ч гэрээ бол гэрээ...

-Чиний зөв л дөө. Манай охин гадаадад сурдаг. Англи хэлтэй. Гэрээг маань уншаад төлсөн мөнгөө зуун хувь буцааж авах ёстойг маань хэлсэн л дээ. Гэтэл гэрээ хийсэн газар маань анх “чиний зөв” гээд байсан ч сүүлд гэрээгээ янзалчихсан байсан. Тэгээд бидэнтэй хурал хийгээд ирэх жил хэрэв авиралт хийвэл 7200 ам.доллар чөлөөлнө гэж амласан.

-Зөвхөн ирэх жил л хүчинтэй амлалт өгсөн хэрэг үү?

-Тийм. Хэрэв өнгөрсөн жил хорио тавигдахгүй юм уу эсвэл би очих боломжгүй болбол тэр амлалт нь хүчингүй болно гэсэн үг л дээ.

-2012 оны авиралтын үеэр олон удаа бие тань өвдсөн юм билээ. Энэ удаа эрүүл мэндийн байдал хэр байсан бэ?


-Хамрын ханиад ч хүрсэнгүй. Маш сайн байсан. 2012 онд бол урьд өмнө нь байгаагүй хүйтэн жил байсан гэсэн. Өөр спортын тамирчин бол тэмцээн уралдаанд явлаа гэхэд сайхан буудалд байрлаад, хэдхэн цаг, хэдхэн өдрийн дотор хувь заяагаа шийдчихдэг. Гэтэл уул тэс өөр л дөө. Эверестэд бол нар гарахад майхан дотор хүн байхын аргагүй халдаг. Нар жаргахад хөргөгчинд байгаа юм шиг л хүйтэн. Шөнө унтаж амарна гэдэг бол хэцүү л дээ. Эхний жил ханиад хүрч халуурсан, бөгсөн дээр том юм гарчихаад явж чадахаа болих хүртэл хүндэрсэн л дээ. Гэхдээ л эм уух бүрт амархан эдгэж, байсан. Тухайн үед өөрийгөө ямар ч саад бэрхшээл гарсан заавал зорилгодоо хүрнэ гээд кодолчихсон байсантай холбоотой л доо. Манай тамирчдын бэлтгэл бол янзын. Гэтэл тэмцээн дээр очоод нэг олимп, дэлхийн аваргыг хараад сүрдчихдэг. Сэтгэлзүй тааруу л даа.

-15 жилийн дараа мөрөөдлөө биелүүлсэн-

 -Ингэхэд уулын спортод орсон түүх тань их сонин юм билээ. Өөр өндөр ууланд авирч үзээгүй мөртлөө дэлхийн дээвэр дээр гарах зорилго өвөртөлж чадсан нь л агуу их зориг юм шиг санагдсан...

-Тухайн үед авиралт хийх гэж байхад багийнхан маань гарсан уулныхаа тухай ярилцаад л надаас ямар оргил дээр гарсан гэж асуусан л даа. Би ямар ч ууланд гарч байгаагүй гэж хэлэхэд үнэмшихгүй байсан.
1997 онд ээжтэйгээ бурханы орноор аялсан юм. Түвд, Балба, Энэтхэг гээд л. Буцахдаа Түвдээс гараад Непалаас машинд суугаад явах байтал зам хаагдчихсан. Гимлайн уулаас цас нураад зам дарчихсан. Тэрийг алга болохыг хүлээвэл хоёр сар болох байлаа. Манай монголчууд чинь тэсвэр хатуужил, зоригтой улс. Ээждээ хэлтэл өөр зам байхгүй юу гэсэн. Уулын зам байна гэтэл ээж “Тэр замаар чинь явъя” гэсэн. Тухайн үед эд наймааны үе байсан учраас би каракулан дээл арав гаруйг авчихсан байсан. Тэрийгээ тангадуудаас хөлсөлж үүрүүлээд л замд гарсан. Хоёр шөнө, нэг өдөр явсан л даа. Өглөө үүрээр нар мандахад Гимлайн цас мөсөн оргилууд маш үзэсгэлэнтэй харагддаг. Тэгж алхаж явахдаа л хэзээ нэгэн цагт Эверестэд гарч үзнэ дээ гээд бодчихсон байсан. Тэгээд л 15 жилийн дараа 2012 онд мөрөөдлөө биелүүлсэн дээ.

-Та боксын нэгдүгээр зэрэгтэй, мөн марафон гүйлтээр хичээллэдэг юм билээ. Дэлхийн дээвэрт анхны авиралтаараа гарахад энэ бүхэн тань нөлөөлсөн болов уу?

-Би багаасаа л биеийн тамирын хичээлдээ дуртай байсан. Спортын олон төрлөөр хичээллэсэн ч алийг нь ч барьж аваагүй л дээ. Зах зээл эхлээд л бусдын жишгээр наймаанд явсан. Тэгж яваад л 2003 оноос архи тамхиа хаяад хийх юмгүй болсон учраас спортдоо эргэн орсон доо. Тэгээд 2008 онд Лондонгийн олимпыг угтаад Улаанбаатараас Лондон хүртэл гүйлт зохион байгуулахаар бэлтгэлээ хийсэн. Халдварт бус өвчний эсрэг дэлхий нийтийг уриалсан маш том гүйлт санаачилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар төлөвлөөд шигшээ багийн хоёр хүнтэй гүйхээр болсон ч хэд хэдэн шалтгааны улмаас бүтэлгүйтсэн. Тэгээд дараагийн төлөвлөгөөндөө орсон. Тэр бол Эверест байсан л даа.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Мөн таны яриан дээр ээжийн тань тухай их гарлаа. Та ээжийн эрх хүүхэд бололтой?


-Ээж маань зургаан хүү гаргасан. Би дороосоо хоёр дахь нь. Зургаан хүүтэй айлд охиныг нь орлох хүн заавал байх ёстой. Би ээжийнхээ тийм л “охин” нь юм уу даа. Багаасаа л гэрийн ажилд их тусладаг байсан. Ээж маань одоо 76 хүрч байгаа ч гэсэн ануухан эмэгтэй бий. Дархан руу машин бариад л явчихдаг юм. Эмч мэргэжилтэй тэтгэвэртээ суусан ч одоо бие даагаад  англи хэл сурч байгаа. Хувийн бизнестэй.

-Таны амьдралын гол зарчим юу вэ?


-Өөрийгөө өөрчил, өөрийгөө ял гэсэн зарчмыг баримталдаг. Хүн өөрийгөө өөрчилж чадвал амжилт гаргаж, мөрөөдөлдөө хүрч чаддаг. Архи уудаг байхад юун Эверест, юун Лондон хүртэл гүйх байсан л даа. Архи уухад гэр бүлийнхэн хамгийн ихээр зовдог. Ээжийгээ ганц шөнө бүтэн нойртой хонуулахын тулд архи уухаа л болих хэрэгтэй. Муу зуршлаа хаяхын тулд хайртай хүмүүстээ л амлалт өгчих хэрэгтэй. Би охиныхоо төрсөн өдрөөр нь аав нь тамхинаас гарлаа гэж хэлээд л гарч байсан. Архи бол монгол хүнд зохидоггүй. Уух тусмаа л ахидаг.

-Та хэр шүтлэгтэй вэ?

-Тодорхой хэмжээний шүтлэг бий. Гэхдээ бүх зүйлээ бурханд даатгаад суудаггүй.

-Түвдүүдийн тухай номноос уншиж байхад тэд маш их шүтлэгтэй ард түмэн. Өндөрлөг газрыг ариун гэж үздэг учраас уулан дээрээ гарахыг ч цээрлэдэг. Дэлхийн дээвэр дээр гарсан хүний хувьд бурхантай хэр ойр очсон бэ?

-Түвдүүд сүм дуганаа өндөр дээр барьдаг. Түвдийн Далай ламын ордон хүртэл их өндөр дээр байрладаг. Тийм ч учраас Эверестийн оргил Жомулунгмаг түвдүүд цагаан дарь эх ээж хэмээн хүндэтгэдэг. Тэр оргил дээр гарсан хүнийг бурхан мэт дээдэлдэг. Тэгээд ч тэр оргил дээр гарсны дараа үнэхээр хүн өөрчлөгддөг юм билээ. Бурхан хэрэв бодитоор оршдог бол дэлхийн дээвэртэй ойрхон л байх.

0 Сэтгэгдэл
Uneheer gaihaltai
Хамгийн их уншсан