Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дайны эхэн үеийн ялагдлын үндэс нь Сталины хэлмэгдүүлэл үү


Аугаа их Эх орны дайны эхэн үеийн ялагдал, фашистууд Москвад тулж ирэсн, Сталинградыг дайснуудад алдсан зэрэг нь 1937-1939 онд Улаан армийн олон мянган чадварлаг дарга нарыг хэлмэгдүүлсэнтэй холбоотой гэж түүхчид үздэг.
Гэхдээ зөвхөн хэлмэгдүүллээс болоод улаан арми даргалах бүрэлдхүүний хомсдолд орсон гэж шууд утгаар нь үзэх нь учир дутагдалтай. 1933 онд немцийн тагнуулын алба ЗХУ-ын зэвсэгт хүчнийг “Улаан арми баруун хөршүүд /Польш, Румын/ тэйгээ хийх дайнд хүн хүчний хувьд хангалттай. Гэхдээ салаан даргаас эхлээд хороон дарга хүртэл бүрэн хангалттай биш” гэж дүгнэж байжээ.
Зөвхөн гадаадынхан ч биш 1936 онд маршал М.Н. Тухачевский Батлан хамгаалахын Ардын комиссариатын цэргийн зөвлөлд “Манай сургуулиуд чадварлаг дэслэгчдийг  хангалтгүй бэлтгэж байна. Олон дарга дэслэгч цол зүүж ирж байгаа ч тун хангалтгүй бэлтгэгджээ” гэж хэлж байж.
1936 онд Ажилчин тариачны улаан армийн маневрт оролцсон Британийн генерал Уейвелл зөвлөлтийн даргалах дээд бүрэлдхүүний тухайд ч таатай дүгнэлт өгөөгүй байдаг. Тэрээр “Жанжин штабын дарга, маршал  Егоров тун дажгүй хүн ч гэлээ жинхэнэ авьяаслаг, чадварлаг хүн биш” гэсэн байдаг.
Гэхдээ л угаасаа  чадвар муутай даргалах бүрэлдхүүнийг Сталин ёстой муу дээр муухай, муухай дээр улцан гэгч болгосон л доо.

Баримт

1937-1939 онд Зөвлөлтийн Ажилчин тариачны Улаан армийн даргалах бүрэлдхүүнээс 40 мянган хүнийг баривчилж хэлмэгдүүлсэн гэсэн тоо бий. Бас дайны өмнө улаан армиас даргалах бүрэлдхүүний 44 мянган хүнийг хэлмэгдүүлэн баривчилсан нь офицерын корпусын талаас илүү хувь болж байлаа” гэсэн өгүүлбэр судалгаанд байна.
Судлаач А.Н.Яковлев бүр “Дайны өмнө Сталин Улаан армиас 70 мянга гаруй даргыг устгасан” гэж бичсэн байна.
Статистикаас харахад 1937 оны нэгдүгээр сарын 1 гэхэд Улаан армийн команд-даргалах бүрэлдхүүнд 206,3 мянган хүн байж. 1937 оны эхний 10 сард улаан армиас 13811 хүний халж тэднээс 3776 хүнийг баривчилсан байна. Харин 1937-1939 онд 9579 хүнийг баривчилж, улс төрийн шалтгаанаар 19106 хүнийг халсан байдаг. Баривчилсан хүмүүсээс 1457-г  нь 1938-1939 онд буцаан авчээ.
Цэргийн нисэх хүчин, флотыг оруулалгүйгээр зөвхөн армиас 1937-1939 онд 8122 хүнийг баривчилж, 9859 хүнийг халсан гэсэн тоо байна. Тэгээд ч бүгдийг бас буудан хороогоогүй.
1941 он гэхэд улаан армийн командлах бүрэлдхүүний 7,1 хувь нь дээд боловсролтой байж. Харин хэлмэгдүүллийн өмнө 1936 онд энэ үзүүлэлт 6,6 хувь байжээ. 1936 онд даргалах бүрэлдхүүний дотор 13 мянган хүн академик боловсролтой байсан бол 1939 онд 23 мянга болж, 1941 онд бүр 28 мянгад хүрсэн байдаг.
Гэхдээ л 1937 оны тавдугаар сараас 1938 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэлх  хугацаанд Батлан хамгаалах ардын комиссариатын гурван орлогчийг баривчилсан байна. Цэргийн тойргуудаас гурав,  орлогчдоос нь дөрөв,  штабын дарга нараас дөрөв, кордпусын дарга нараас 12, корпусын штабын дарга нараас 14-ийг баривчилж хэлмэгдүүлжээ.  Үүний цаана дивизүүдийн даргалах бүрэлдхүүн бас хэлмэгдээгүй өнгөрөөгүй. Ер нь Сталины улаан хядлагад өртсөн цэргийн даргалах бүрэлдхүүний бүү хэл нийт хүний тоог гаргахад бэрх, Өнөө хүртэл судлаачид янз бүрийн тоо хэлдэг. хэлмэгдүүлэлтэд армиас хамгийн олон хүн өртсөн нь бас үнэн.
Гэхдээ л хэлмэгдүүлэлт болсон ч болоогүй ч улаан арми даргалах бүрэлдхүүний хомсдолтой байсан нь бас үнэн.

Улаан армийг өөрчлөн шинэчлэх явцад боловсон хүчний хомсдол гарсаар байж. Буудлагын дивизийг гэхэд л 98 байсныг 1941 онд 198 болгон нэмэхэд буудлагын 300 хороо, их бууны 200 хороо нэмэгдсэн байна. Энэ бүхэнд дарга нар хэрэгтэй. Энэ бүхний дүнд байгуулсан нэгтгэлүүдэд бас дарга нар хэрэгтэй. Улаан армид 1936 онд 58,6 мянган дэслэгч шаардлагатай байсан бол 1941 онд энэ тоо 147,3 мянга болж өсчээ. Хошууч гэхэд л 1936 онд 5501 шаардлагатай гэж байсан бол 1941 онд 20,4 мянга хэрэгтэй болох жишээтэй.
Энэ бүхнээс үзэхэд Улаан арми хэлмэгдүүлэлтэд өртсөнөөс болж дайны эхний өдрүүд, нэг жилд  ялагдаж байсан гэдэг нь харьцангуй ойлголт болж байна. Дэлхийн хоёрдугаар дайн Европт эхэлчихээд улаан армийг өргөтгөх шаардлагын үүднээс шинэчлэн зохион байгуулахад аяндаа боловсон хүчний хомсдол бас нүүрлэж.
Харин хэлмэгдлийн тухай Улаан армийн дарга нар засгийн эрхийг авах гэж хуйвалдаан зохион байгуулж байсан гэдэг нь үнэнд нийцэхгүй, Гагцхүү улаан армийн даргалах бүрэлдхүүний дунд зөрөлдөөн бий болж харилцан бие биетэйгээ дайсагналцан өрсөлдөж байсан нь чадварлаг олон дарга нарыг хэлмэгдүүлэхэд асар их нөлөөлсөн байдаг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан