Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

10 сургууль барих эрхийг нэг хөрөнгө оруулагчид өгсөн нь үнэн. Гэхдээ,,,


-Концессоор баригдах сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил энэ сарын 20-нд эхлэх нь-


Нийслэлд  ерөнхий боловсролын 213  сургуульд 200 гаруй мянган сурагч суралцаж байгаагаас 21 сургуулийн 5200 гаруй сурагч гурван ээлжээр хичээллэдэг талаархи мэдээллийг өнгөрсөн жил Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана өгч байв. Ийнхүү сургуулиудын ачаалал нэмэгдэж буй нь нэгдүгээр ангид элсэн суралцах зургаан настнуудын тоо эрс нэмэгддэгтэй холбон тайлбарлах нь бий. 2011-2012 оны хичээлийн жилд нийслэлд 26870 хүүхэд нэгдүгээр ангид элсч байсан бол 2014-2015 оны хичээлийн жилд даруй 1,5 дахин нэмэгджээ. Тэгвэл 2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх зургаан настай 27614 хүүхэд, 10 дугаар ангид 16091 суралцагч элсэх судалгаа гарсан бөгөөд сургуулиудад 380 орчим бүлэг нэмэгдэнэ хэмээн холбогдох байгууллагын мэргэжилтнүүд мэдэгдэж байна. Тиймдээ ч энэ хичээлийн жилийн элсэлтийн хамран сурах тойргийг Нийслэлийн боловсролын газраас шинэчлэн баталж, харьяаллын хүүхдүүдээ л бүртгэх шаардлагыг сургуулиудад тавиад байгаа.
Барилгын насжилт өндөрсч, ашиглалтын шаардлага хангахгүй болсноос 17640 суудал бүхий 26 сургуулийн барилгыг нураан шинээр барих шаардлагатай талаар БСШУЯ-ны удирдлагууд өмнө нь мэдэгдэж байсан. Тиймээс шаардлагатай сургуулиудыг шинээр барьж, сургууль бүрийн сургалтын чанарыг сайжруулахаар оны эхэнд  БСШУЯ, Аж үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хамтын ажиллагааны анхны томоохон ажлын эхлэл болгож гэрээ байгуулсан. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотод хоёр жилийн хугацаанд 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг Концессын гэрээгээр бариулж, ашиглалтад оруулахаар “Баян алтан бухт эдүкэшн” ХХК-тай концессын гэрээний хэлэлцээр хийж, гэрээ байгуулсан билээ. Ингэснээр 2015 онд 30, 2016 онд 42 цогцолборыг тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм. Концессын гэрээгээр дээрх ажлыг гүйцэтгэснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэх төдийгүй олон талын ач холбогдлыг дагуулна. Мөн төсвийн хөрөнгөөр нэгдсэн бодлогогүйгээр нийгмийн салбарт сургууль, цэцэрлэг барих нэрийдлээр үргүй тарамдаж байсан хөрөнгийг төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр онцгой эрхийн нөхцөлөөр ийнхүү цэцэрлэг, сургууль бариулах нь олон талын ач холбогдолтой хэмээн үзэж буй. Гэвч 10 цогцолбор барих эрхийг нэг компанид олгож ажлаа тарамдууллаа, хахууль авсан гэх хэл ам дагуулаад байна. 

О.Мөнхбаяр: Хардахаас илүүтэй хөрөнгө оруулагч гарч ирсэнд нь баярлах нь зүйтэй

Энэ талаар БСШУЯ-ны Хөрөнгө оруулалт төлөвлөлт, зохицуулалтын албаны дарга О.Мөнхбаяраас тодрууллаа.


Концессын гэрээгээр сургууль барих гүйцэтгэгч компаниуд нь тодорсон уу?

-Ерөнхийдөө эхнээсээ тодорч байна.

-Нэг компанид 10 сургууль барих эрх олгосон гэх юм. Ямар учиртай юм бэ?

-Концесс гэрээгээр барина гэдэг чинь тухайн хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр тухайн цогцолборыг барьж ашиглалтад оруулна гэсэн үг шүү дээ. Хүмүүс концесс тендер хоёрын ялгааг нэг л сайн ойлгож өгөхгүй байна. Өнөөдөр ийм хямралтай цаг үед тав, арван хөрөнгө оруулагч олно гэдэг үнэхээр хүндрэлтэй. Хөрөнгө оруулагч хайж хугацаа их алдсан гэдгийг энэ дашрамд хэлэх нь зүйтэй байх. Мөн нэг компанид гэхээсээ илүүтэй нэг хөрөнгө оруулагчид гэх нь зүйтэй юм болов уу. Гэхдээ эрхийг нь л өгсөн гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүний нэг давуу тал нь тухайн арван цогцолбор чанарын шаардлага хангасан нэг ижил төвшнийх байна. Тэгэхээр хахуулийн журмаар өгсөн мэтээр ойлгох хэрэггүй. Хардахаас илүүтэй хөрөнгө оруулагч гарч ирсэнд нь баярлах нь зүйтэй. Тэгээд ч хөрөнгө оруулагчид чинь нэг нэгээр нь салгаж авах сонирхолгүй байдаг юм байна. Их хэмжээгээр хөрөнгө оруулах сонирхолтой байх шиг.  Нэг хөрөнгө оруулагчид арван эрх олгосон нь хууль бус асуудал биш. Улсад ямар ч хохиролгүй.

-“Баян алтан бухт эдүкэшн” ХХК өөрийн хөрөнгөөр барьж байгаа юу?

-Энэ компани бол зөвхөн Монголын талын төслийг удирдах юм. Мөн хөрөнгө оруулалтын багахан хувийг өөрөө гаргаж байгаа.

-Баригдах 72 цогцолборыг дэлхийд байхгүй ханшаар барина. Дараагаар нь их хэмжээний мөнгө нэхнэ гэсэн хардлага нийгэмд байна?

-Ийм асуудал гаргуулахгүйн тулд ажлын хэсэг байгуулж ажиллуулж байгаа шүү дээ. Тэгээд ч хэн нэгэн дангаараа шийдчихдэг асуудал биш. Ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагчдыг судалж үзээд хамтарч ажиллах боломжтой эсэхийг нь авч хэлэлцээд Засгийн газрын хурлаар оруулсны дараа эцсийн шийдвэр гардаг. Тухайн хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах болбол Засгийн газар гэрээ хийгээд “таны оруулсан хөрөнгө оруулалтыг улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр ийм боломжоор буцаан олгоно” гэсэн хуваарь гаргаад хуваарийнхаа дагуу төлбөрийн барагдуулдаг юм. Гэрээ хийсэн хөрөнгө оруулагч тухайн цогцолборыг барихдаа хоёр, барьснаас нь хойш гурван жил болсны дараа төлбөрийг нь хуваарийн дагуу буцаан олгодог. Тэгэхээр хардах хэрэггүй гэж хэлмээр байна. Харин энэ хямралтай байгаа үед ийм хөрөнгө оруулагч гарч ирж буйд талархах хэрэгтэй болов уу. 

-Энэ онд 30 цогцолборын ажлыг эхлүүлнэ гэсэн?

-Газрын маргаантай холбоотой асуудал мэр сэр гарч ирж байна. Нийслэлээс газрын маргаантай айлуудад хөрөнгө мөнгө хуваарилж өгч байгаа. Иргэд ч гэсэн цэцэрлэг, сургууль барих гэж байгаа гэж хэлэхээр нааштай хандаж байна билээ. Ямар ч гэсэн 15 газрыг бүрэн чөлөөлсөн. Чөлөөлсөн газрууддаа хашаа барьж эхэлсэн. Зураг, төсвөө баталгаажуулах гээд ажил их байна. Ямар ч гэсэн энэ сарын 20-доор барилгын ажил эхэлнэ.

Гэрээний нөхцөлөөр тухайн сургуулийг барьж байгуулах компани цогцолборын барилга, байгууламжийг барихаас гадна иж бүрэн тавилга, тоног, төхөөрөмж, цогцолборын дотоод инженерийн холболт, гадна талбайн тохижилт, шаардлагатай газарт бие даасан эх үүсвэр болох гүний худаг, бохирын усны цооног зэргийг суурилуулах аж. Түүнчлэн концесс эзэмшигч нь энэхүү гэрээний концессын зүйлийг ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш цогцолборын урсгал засвар,  цэвэрлэгээ, хоолны үйлчилгээ, дотоод тавилга, сандал ширээний шинэчлэлт зэрэг хэвийн үйл ажиллагааг хангах үйлчилгээг зохих төлбөртэйгөөр 20 жилийн хугацаанд үзүүлэхээр гэрээнд тусгасан байна. Ийнхүү Улаанбаатар хотын хэмжээнд хоёр жилийн дотор 72 бага сургууль, цэцэрлэг баригдсанаар хүүхдүүд гэрээсээ сургуульдаа алхаж хүрэх боломж бүрдэхээс гадна дунд сургуулиуд гурван ээлжээр хичээллэхээргүй болох юм.

0 Сэтгэгдэл
Тийм чадвартай компани бол ил зарлаач барилга ийм нэртэй компани ийм барилга барьсан гээд зарла даа ил тод байцгааяа
Энэ том хахуульчин одоо тэгээд 72 бага сургууль яг барилаа юу? Чи тэрийг баталж чадах юм уу?
бас л урамтай идэх юм аа, цаддаггүй юм байх даа
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан