Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэрбумтнуудын амьдрах хүсэл

Н.БАТ

Амьдрах их хүсэл зарим хүнд дэндүү их байдаг аж. Амьдрахын тулд тэд бүхий л зүйлд бэлэн байж чаддаг. Ялангуяа та их мөнгөтэй бол...
Америкийн эмч нар нэг хүнд зүрх шилжүүлэн суулгах зургаа дахь хагалгаагаа хийсэн тухай өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дэлхийн олон хэвлэлд мэдээлсэн байна.

99 настай тэрбумтан Дэвид Рокфеллер зургаан цаг үргэлжилсэн зүрх шилжүүлэн суулгах хагалгаагаа Нью-Йорк дахь хувийн эдлэндээ хийлгэж, амжилттай даван гарлаа хэмээн  мэдээнд дурджээ.  1976 онд алдарт Рокфеллерийн  ач хүү автомашины осолд орж анх зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн байна. Мөн  тэрээр 1988, 2004 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд оржээ. 99 настай тэрбумтан хагалгаа хийлгээд 36 цагийн дараа цөөн хэдэн асуултад хариулахыг зөвшөөрсөн гэнэ.  “Би шинэ зүрх хүлээж авах бүртээ амьдралыг мэдрэх мэдрэмж минь шинэчлэгддэг.  Амьдралын эрч хүчийг өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм л сайхнаар ахин хардаг. Хүмүүс надаас байнга л урт наслах тухай, хэрхэн баяжих тухай асууж байдаг. Харин би тэдэнд нэг л зүйлийг хэлдэг. Амьдралыг, амьдралаа хайрла гэж.  Хүүхдүүдтэйгээ тогло, өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хана, сайхан үнэнч дотно нөхөддөө талархаж сур. Би энэ амьдралд маш их мөнгө олсон. Гэхдээ үүнийхээ дийлэнхийг буцаагаад л өгдөг. Хэрвээ чи бусадтай хуваалцаж чадахгүй л бол өөрөө хураах хэрэг юу байна” гэж Дэвид Рокфеллер хэлээд “Болдогсон бол 200 жил амьдрахсан” гэжээ.

Харин зарим хэвлэл энэ мэдээллийг үгүйсгэж байгаа юм. Тэрбумтны зүгээс үүнийг батлаагүй учраас “World News Daily Report”-ынхны  “тоглоом” гэж хэлж байгаа юм байна.

Гэсэн ч Рокфеллер урт удаан амьдарч, амьдралд дурлах их хүсэлтэй нэгэн гэдгийг дэлхий нийт мэднэ. Түүний өвөө ч тэртээ зуун жилийн өмнө “100 жил наслахсан” хэмээн дуу алдаж байсан гэдэг. Америкийн бүр дэлхийн хамгийн анхны тэрбумтан гэгддэг энэ гэр бүлийн түүхээс танд сонирхуулъя.

Америкийн анхны тэрбумтан Жон Дэвисон Рокфеллер 1937 онд 98 насандаа таалал төгссөн юм. Гэсэн ч тэр хүний энэ хорвоод, амьдрал хоргодсоор байлаа. “100 жил наслахсан” хэмээн шүүрс алдсан энэ эр тэртээ 1839 онд энгийн нэгэн гэр бүлд төрсөн ч хүүхэд байхын мөнгө олох их мөрөөдлийн эзэн байсан гэдэг. Мөрийтэй тоглоомчин, хүүхэмсэг эцэгтээ хүүтэй мөнгө зээлж, мөнгөний үнэ цэнийг дэндүү эрт мэдэрсэн хүү “хар алт”-ны эзэнт гүрэн байгуулж, Америкийн анхны тэрбумтан болсон ч өөрийн үр хүүхдийг торгонд боож, мөнгөөр тоглуулаагүй. Тэр хүүхдүүддээ багаас нь мөнгө олох ухаан зааж, энгийн нэгэн байшинд амьдарч, эхнэр нь даашинзаа өөрийн гараар нөхөж өмсдөг байж. Америкийн алтан үеийн бэлгэдэл, улс төр, эдийн засгийн амьдралынх нь тулгуур байсан Рокфеллер хэмээн их эзэнт гүрэн өнөөдөр ч амьдарсаар байгаа юм. Рокфеллер мөнгө олдог шигээ бусдад зарцуулж чаддаг байсан гэдгээрээ алдартай нэгэн. Тэрээр өөрийн ганц хүү Жон Рокфеллерт 460 сая ам.доллар өвлүүлсэн бол түүнээс илүүг бусдад хандивласан байна. НҮБ түүний ачаар Нью-Йорктд төвхнөсөн түүхтэй.

“Бизнес бол манай гэр бүлийн хүмүүжлийн хамгийн чухал хэсэг байсан” хэмээн түүний хүү Жон Рокфеллер ярьдаг. Эгч Лаура нь аавынх нь тэдэнд зориулж гэртээ “байгуулсан” компанийн ерөнхий захирлаар “ажилла­даг”.  Хүүхэд бүр өөрийн гэсэн данс тооцоо хөтөлнө. Нэг ялаа албал хоёр цент, нэг өдөр чихэр идэхгүй өнжвөл хоёр цент, нэг цаг хөгжмийн хичээл давтвал нэг цент гээд л ажил бүхэн үнэлгээтэй. Мөн өглөөний цайнаас хоцорвол нэг центийн торгуультай. 1917 онд Жон Рокфеллерийн хөрөнгө 900 саяас-1.2 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан бөгөөд АНУ-ын ДНБ-ий 2,5 хувь нь байв. Өнөөдрөөр үнэлбэл, 150 тэрбум ам.доллар гэнэ. Тэрээр 34 охин компанитай. Нефтийн үйлдвэрээс гадна банк, төмөр зам, гангийн үйлдвэр гээд л.

Рокфеллерийн ганц хүү бага Жон энэхүү эзэнт гүрний их мөнгийг өсгөгч, үржүүлэгчийн нэг байж чадсан бөгөөд дэлхийн нэгдүгээр дайнаас 500 сая ам.долларын цэвэр ашиг өөрийн гэр бүлд авчирсан гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр бүр ч илүү ашигтай ажилласан гэдэг. Шатахууны амин чухал хэрэгцээ тус гэр бүлд хоёр тэрбум ам.долларын цэвэр ашиг авчирчээ. Тэрээр Америкийн 20 дугаар зууны нэр төртэй улстөрчийн нэг Нельсон Олдричийн охинтой гэрлэсэн байна. Нельсон бол Ерөнхийлөгчөөс дутуугүй нэр хүндтэй нэгэн байсан юм.
Тэрээр аавыгаа бодвол тохь тухыг илүү үздэг байсан төдийгүй  3000 га газар бүхий эдлэнтэй, томоохон шилтгээнийг өөрийн зургаан хүүхдэд өвлүүлэн үлдээсэн юм.

Зөвхөн хүүхдүүдийнхээ тоглоомын өрөөнд 520 мянган ам.долларыг зарцуулсан байдаг. Хамгийн бага Рокфеллерийг насанд хүрмэгц тэд өөр өөрийн хувиа авч, өөр өөрийн амьдралаар амьдрах болсон гэнэ. Харин энэ эзэнт гүрний ээлжит толгойлогчоор үлдсэн Дэвид Рокфеллерийн хувьд нууцлаг нэгэн бөгөөд хэвлэлийнхэн түүний хобби бол цох цуглуулах гэдгээс өөр хувийн амьдралынх нь талаар тоймтой зүйл бичдэггүй.  Тэрээр 40 мянган цохтой бөгөөд үргэлж энэ шавьж бүхий шилэн сав биедээ авч явдаг гэдэг.  Өнөөдөр “Rockefeller Financial Services”  нийт 34 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.  Нефть, хийн “Vallares” компани, “Johnson&Johnson”, “Dell”, “Procter&Gamble”-ийн хувийг эзэмшдэг. Эдгээрийн хувьцааны дийлэнх хувь нь Рокфеллерийн гэр бүлд харьяалагддаг.  Харин Дэвид Рокфеллерийн хувийн хөрөнгийг Форбес 2,5 тэрбум ам.доллар гэж үнэлжээ.

Тэрээр 1915 оны зургадугаар сарын 10-нд төрсөн. Харвардын их сургууль төгссөн, Америкийн тэргүүлэгч банкирын нэг юм. Зургаан хүүхдийн аав бөгөөд жинхэнэ хайраар эхнэртэйгээ учирсан гэж ярьдаг. Тэр архи уудаггүй, тамхи татдаггүй, түүнд нууц амраг ч байгаагүй гэдэг. Энэ гэр бүл өнөөдөр дэлхийд Рокфеллерийнх гэсэн нэр хүндээ алдаагүй, тэрбумтны жагсаалтаас хасагдаагүй, амьдрах хүслээр дүүрэн зуун зууныг элээж буй билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан