Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Намуунаа: Таван настай үеийнхээ мөрөөдлийг биелүүлсэн


 Б.ЦЭДЭВСҮРЭН

“Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаатай ярилцлаа. Тэрээр өөрийн бие даасан уран бүтээлээ туурвиж, “One moment” нэртэй шинэхэн цомгоо өлгийдөн аваад буй.

-Анхны бие даасан цомгоо гаргалаа.. Цомгоо гар дээрээ хүлээж авсан сэтгэгдэл ямар байсан бэ?
-Цомгийнхоо хавтасны дизайнаас эхлээд бүхий л зүйлийг өөрийн гараар хийсэн. Цомгоо хэвлэлтээс ирэхэд нь өөртөө хадгалаад сонсохгүй байж байгаад хоёр дахь өдөр нь машиндаа сонссон чинь огшоод байсан. Сэтгэл хөдлөөд нулимс гарсан. Дуунуудаа бичүүлснээсээ хойш сонсоогүй, чихэнд хоногшоогүй байсан учраас маш гоё санагдсан. Гэнэт өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн л дөө.

-Та  төгөлдөр хуурч мэргэжилтэй. Тийм ч учраас өвөө, эмээ, зээ охиноо төгөлдөр хуурын соло цомог гаргаасай гэж хүсдэг гэсэн. Тэдний хүслийг биелүүлэх бодол бий юу?
-Төгөлдөр хуурч мэргэжлээр дунд сургуулиасаа эхэлж сураад, их сургууль төгссөн учраас мэдээж тоглолт хийх хүсэл бий. Өвөө, эмээ маань ч гэсэн хүсдэг. Гэхдээ би өвөө, эмээгээ баярлуулж байсан. Төгөлдөр хуурын олон улсын уралдаанд оролцож байлаа. Анх Испанид болсон тэмцээнд оролцоод хоёрдугаар байр эзэлчихээд цагийн зөрүүг ч анзаарахгүй Монголд шөнө дунд болж байхад өвөө, эмээ рүүгээ залгаад баяртай мэдээгээ дуулгаж байсан. Дараа нь 2001 онд Францад болсон тэмцээнээс гран при шагнал хүртсэн. Тэр жилдээ Монгол Улсын оны шилдэг хүүхэд болоод Ерөнхийлөгчөөс бэлэг авч байлаа. Тэр болгонд эмээ, өвөө маань баярласан. Тоглолт хийвэл эмээ маань илүү баярлах байх гэж бодож байсан. Хэзээ нэгэн цагт хийх л байх.

-Ц.Намуунаагийн бага насны мөрөөдөл юу байсан бэ. Одоо мөрөөдөлдөө хүрсэн үү?
-Таван настай байхаасаа л дөрвөн мэргэжилтэй болно гэж ярьдаг байлаа. Дуучин, хөгжимчин, бүжигчин, загвар өмсөгч. Одоо эргээд харахад мэргэжлийн төгөлдөр хуурч. Арав гаруй жил дуулж бүжиглэсэн байна. Мөн би одоогоор “Монгол модель” агентлагийн модель. Таван настай үеийнхээ мөрөөдлийг биелүүлсэн. Хүн мөрөөдөж, бодож санаж явбал хэзээ нэгэн цагт түүндээ хүрдэг юм байна. Өвөө маань урлагийн хүн учраас намайг төрөхөд л манайд төгөлдөр хуур байсан. Хожим би түүнд амь оруулсан даа. Сонгодог урлаг хүнийг зөв хүн болгодог юм шиг санагддаг.

-Цаг завгүй олон ажлын дунд шантрах үе гарч байв уу?
-Оюутан байхад л хэцүү санагддаг байсан. Хичээлээ давтаж, шалгалт өгнө. Тэр үед “Киви” эд “Hot line”, “Араас чинь тэврэлгүй явууллаа” гээд хитүүдийг бөмбөгдөж байсан үе. Тэр үед ажлаа зохицуулахад хүндрэл гардаг байсан ч би өөрөө их өөдрөг учраас амархан шантралгүй сэтгэл санаагаараа тэр бүхнийг даван туулж байсан.

-“Киви” хамтлагийн гишүүн гэхээр халуухан эмэгтэй ч гэх юм уу үзэмжээрээ дүгнэх хүн олон гарч ирнэ. Та өөрийгөө хувь хүний үүднээс тодорхойлохгүй юу?
-Би халуухан гэлтэй ч биш. Ямар ч байсан манай хамтлагийн бүрдүүлдэг имиж эмэгтэй хүний гоо сайхныг харуулахад оршдог л доо.

-“Киви”-гийн Ц.Намуунааг биш дуучин Ц.Намуунааг бие даасан цомгоос нь хэдэн хувьтай харж болох вэ?
-Би бие даасан цомогтоо өөрөөрөө л байхыг хичээсэн. Дуулалтын хувьд ч гэсэн ямар нэг хэв загварт баригдахгүйг хичээсэн. Имижийн хувьд ч тэр. Айхтар секси эсвэл хэт даруухан байх гэж хичээгээгүй. Цомгоо цөөн тоогоор хэвлээгүй учраас зөвхөн Намуунааг сонсох гэсэн хүмүүс л авах байх.

-Хамтлагтай дуулж бай­гаад ганцаараа дуулах ямар байв. Мөн хамтлагийнхан цомгийг тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Ука маань бие даасан цомгоо гаргасан байсан болохоор маш их туршлагатай. Гэхдээ цомогтоо нөгөө хоёроо огт оролцуулаагүй. Вакалаа өөрөө хийсэн. Цомгийнхоо нүүр будалтыг өөрөө хийсэн. Манай хоёр огт мэдээгүй байсан л даа. Клип гарлаа, цомог гарлаа гээд гэнэт л хэлсэн. Тэр хоёрт шууд таалагдсан. Ер нь найзууддаа сонсгосон ч тэр Намуунаа чи ийм хоолойтой байсан юм уу гээд гайхаж хүлээж авсан. Хамтлагаараа дуулахаар вакал хийгээд хоршихоор хэн хэний хоолой гэж ялгардаггүй. Тэгээд ч арван жилийн хугацаанд дуулах ур чадвар маань сайжирсан.

-“Киви” байгуулагдаад 11 жил болж. Арван жилийн ойгоо чимээгүй өнгөрүүлсэн. Хамтлагийн цаашдын уран бүтээлийн талаар сонирхох гэсэн юм?
-Ямар ч байсан удахгүй том тоглолт хийхээр ярьж байна. Хугацаа нь удахгүй тодорхой болох байх. Ука маань удахгүй ирнэ. Тэгээд л хамтлагийн шинэ уран бүтээлдээ орно доо.

-Хувийн амьдралд хэр өөрчлөлт гарсан бэ?
-Ука маань ээж болсон. Надаас бол олон эгч шүү дээ. Одоо л амьдралаа зохиож байгаа гээд бодохоор надад хугацаа байгаа гэж боддог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан