Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багш нар ч гэсэн үйлдвэрчний эвлэлд сайн дураараа татвар төлөх ёстой. Гэтэл...


-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо боловсролын салбараас жилдээ нэг тэрбум 151,577,9 мянган төгрөг суутгадаг-

Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захиргаа, үйлдвэрчний байгууллагын хооронд байгуулсан хамтын гэрээний дагуу багш, ажиллагсдын цалин хөлснөөс Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг зарим байгууллагууд ажилчдынхаа сарын үндсэн цалингаас, олонхи нь олговол зохих цалингийн дүнгээс нэг хувиар тооцон суутгадаг аж. Ийнхүү харилцан адилгүй жишгийг тухайн ажилтантай нэг бүрчлэн ярилцаж тохироогүй хэрнээ байгууллагын захиргаа цалингаас нь шууд суутган тооцож үйлдвэрчний эвлэлд төлдөг зохисгүй байдал газар авчээ. Тэр бүү хэл БСШУ-ы ҮЭХ-ноос төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн Үйлдвэрчний эвлэлийн хороодыг улсын бүртгэлийн гэрчилгээ тамга, тэмдэг, данстай болох талаар чиглэл хүргүүлсэн байна. Энэ дагуу нь сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороодоос улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, данс нээлгэсэн, тамга тэмдэгтэй, санхүүгийн тайлан баланс гаргадаг хороод ч бий болсон нь илрээд буй.
Тиймээс Үйлдвэрчний эвлэлийн гишүүний харилцаа цэвэр сайн дурын үндсэн дээр байх ёстой, ажилтнуудын цалингаас үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварын суутгал хийж буйг зогсоож өгөөч хэмээн Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд иргэд удаа дараа гомдол санал хүргүүлсэн байна. Тэрээр энэ асуудлыг авч үзэхэд ажилчдын үндсэн цалингаас шууд суутгал хийсэн нягтлан бодогчид таван хувийн урамшуулал хүртээж, цалин хөлс тооцох программд нь цалингаас нь суутгал хийхээр программчлагдсан, үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг албан татварын шинжтэй болгосон хууль бус харилцаа бий болсныг илрүүлсэн байна. Тиймээс энэ асуудлыг шийдүүлэхээр Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганад “Татварын суутгалыг зогсоох тухай” албан бичиг хүргүүлж тодорхой арга хэмжээ авч ажилчдын эрх ашгийг хамгаалж ажиллана уу хэмээн үүрэгдсэн байдаг. Энэ дагуу цалингаас суутгал хийхийг өнгөрсөн сарын 1-нээс зогсоож, Үйлдвэрчний эвлэлийн татвараа сайн дурын үндсэн дээр төлдөг байдалд шилжих нь зүйтэй гэж үзээд Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана холбогдох байгууллагын удирдлагуудад чиглэл өгчээ.
2012 онд орон орон нутгийн 22, Мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоог нэгтгэсэн 200 мянга гаруй гишүүдээр эгнээгээ өргөтгөж үйл ажиллагаагаа явуулж буй Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон боловсролын салбарын хэмжээнд гэхэд л цалингийн нэг сарын цэснээс Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг тооцоход дунджаар сард 104,688,9 мянган төгрөг, жилдээ нийт нэг тэрбум 151,577,9 мянган төгрөг суутгадаг гэсэн тооцоо бий. Суутгасан төлбөрөө тухайн байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороод дүрмийн наймдугаар бүлгийн дагуу зарцуулдаг гэнэ. Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн “Татвар санхүү, өмч хөрөнгө” гэсэн наймдугаар бүлэгт “Холбооны өмч хөрөнгө нь гишүүдийн татвар, тусламж, хандив, үндсэн хөрөнгө бусад орлогоос бүрдэнэ. Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар тогтоосон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг хувиас доошгүй байна. Татварыг бэлэн бусаар хурааж, Үйлдвэрчний эвлэлийн хороодын дансанд татварын 70 хувийг оруулж үйл ажиллагаандаа зарцуулах, 30 хувийг холбооны дансанд шилжүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татвараа төлөлгүй гурван сараас илүү хугацаа хэтэрвэл гишүүнээс хасагдсанд тооцно” гэж заажээ.
Угтаа бол боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилчид хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалахаар сайн дурын үндсэн дээр чөлөөтэй эвлэлдэн нэгдэж явуулах ёстой байдаг. Гэтэл багш ажилчдын цалингаас дур мэдэн суутгагдаж буй үйлдвэрчний гишүүний татвар сайн дурынх гэх шаардлагаа зөрчиж, албан татварын шинжтэй болгосон хууль бус харилцааг бий болгоод буй юм. Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажилчдын цалингаас шууд суутган тооцохыг өнгөрсөн сарын 1-нээс зогсоохыг үүрэгдсэн.

Энэ чиглэл хэрхэн биелэлээ олж буйг тандахаар Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзоригтой холбогдож дараахь тодруулгыг авлаа.

Ж.Батзориг: Гишүүний татвартай холбоотой асуудлаар шүүхэд хандсан

-Өнгөрсөн сараас эхэлж танай холбооны гишүүд татвараа хэрхэн төлөв. Цалингаас шууд авч болохгүй, сайн дурын үндсэн дээр татвараа төлдөг байх ёстой гэж дүрэмдээ заасан байдаг?

-Гишүүд урьдын адил татвараа төлж байгаа. Яахав зарим дүүргийн боловсролын газрын дарга татвар төлөхгүй гэдгээ мэдэгдсэн.

-Ямар үндэслэлээр төлөхгүй гэсэн юм бол. Аль дүүргийн дарга гэдгийг нь хэлж болох уу?

-Баянгол дүүргийн Боловсролын газрын дарга Жаргал төлөхгүй гэсэн. Нийслэлийн боловсролын газрын дарга төлөх шаардлагагүй гэж хэлсэн юм байх. Уг нь манай холбооны асуудалд энэ мэтээр хөндлөнгөөс оролцож болохгүй л дээ. Хоёр хүн харилцан ойлголцоод гэрээ хийсэн байхад хөндлөнгийн хүн гарч ирээд цуцална гэдэг байж болохгүй биз дээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар конвенцэд Үйлдвэрчний эвлэлийн холбооны үйл ажиллагаанд, дотоод асуудалд төрийн байгууллага хөндлөнгөөс оролцохыг түтгэлзүүлнэ гэж заасан байдаг. Манай холбоо дээрх байгууллагад элссэн. Тэгэхээр манай холбооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож болохгүй. Бид хуулийн дагуу, дүрэм журмаараа үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс энэ асуудлаар шүүхэд хандсан байгаа.

-Гол нь гишүүний татвар сайн дурын үндсэн дээр байх ёстой гээд байгаа. Тэгээд ч энэ татварыг ажилчид өөрсдөө эсэргүүцээд байгаа юм биш үү?

-Манай холбоонд элссэн гишүүд татвараа төлөх л ёстой. Энэ татварыг чинь бүхий л нийгмийн үед авч байсан. Татварыг эсэргүүцээд байгаа нөхдүүд манай холбоог татваргүй болгох сонирхолтой байх шиг. Бид татвараа авдгаараа авна. Манай гишүүд эсэргүүцээд байгаа зүйл байхгүй. Цаана нь өөр ашиг сонирхолтой хүмүүс байгаа болов уу даа.

Ийнхүү нэг нь өгөхгүй нөгөө нь авна гэж гэдийсээр. Нэг л салбараас жилдээ тэрбумаар нь олдог тус холбоо зөвхөн гишүүн болсон татвар төлөгчдөдөө л үйлчилгээ үзүүлдэг. Тус холбооны гишүүн болсноор хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалуулж, ажил олгогчийн аливаа хууль бус дарамт, шахалтаас хамгаалагдаж, ажлын байр нь баталгаатай болж, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авч хөнгөлөлттэй үнээр өмгөөлүүлж, үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан ажил олгогчтойгоо гэрээ хэлэлцээр байгуулах боломж нөхцөл нь бүрддэг. Гэвч татварын мөнгө нь юунд, хэрхэн зарцуулагддаг нь хаалттай сэдэв хэвээр.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан