Их, дээд сургуулиудыг аттестатчилах ажилдаа шуурхайлан орсон БСШУЯ-ныхан хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэгчлэн таг чиг байх болов. Уг нь энэ удаад аттестатчилалд хамрагдаж буй 31 сургуулийн тэнцсэн эсэх дүнг өнгөрсөн сарын 31-нд танилцуулах ёстой байлаа. Гэвч сургуулиудаа хугацаанд нь аттестатчилж амжсангүй гэдэг шалтгаанаар энэ сарын 3-ныг хүртэл хугацаагаа сунгасан. Гэсэн ч таг чиг хэвээр. Энэ талаар БСШУЯ-ны холбогдох мэргэжилтнээс нь тодруулахад “31 сургуулийг аттестатчилах ажилд 10 гаруй комиссын багийнхан орон нутагт хүртэл очиж ажилласан байгаа. Ямартай ч аттестатчилж дууссан. Гэхдээ салбарын сайдад нэгдсэн мэдээллээ өгсний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх ёстой байдаг. Тэгээд ч мэдээллүүдээ нэгтгэж хурал хийгээгүй байна. Хэдийд хуралдах нь ч тодорхойгүй байна” гэлээ. Тэгэхээр холбогдох мэргэжилтнийх нь хэлж байгаагаар бол их, дээд сургуулиудаа аттестатчилж дуусчээ. Өмнө нь, бид энэ талаар мэдээлэл авахад “Өмнөх жилүүдийнхийг бодвол сургуулиуд өөрсдийн гэсэн байртай болсон байна. Үзүүлэлтүүд нь ч сайжирч. Гэхдээ энэ удаад хаалгыг нь барих сургууль ч байна. Эцсийн дүн нь хараахан гараагүй байгаа болохоор нэрийг нь хэлэх боломжгүй” гэж байсан. Ингэхэд БСШУЯ-ныхан энэ мэт хурлаа цаг тухайд нь хийлгүй ажилдаа хойрго хандаад байна уу эсвэл хаалга барих магадлал өндөртэй сургуулиуд ажлыг нь хойш нь чангаасан уу гэдэг нь удахгүй тодорхой болно биз. Гэхдээ их, дээд сургуулиуд элсэлтээ авч эхлэх гэж байгаа энэ цаг үед аль сургуулиуд аттестатчилалд тэнцсэн нь хүүхэд залууст хамгийн хэрэгцээтэй мэдээлэл нь байгаа болов уу.