Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуулийн автобус хүүхдийн аминд халтай хувийн бизнес болсон уу

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу ЕБС-ийн сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахаар хичээлийн жилийн турш сурагчдын автобусаар хүүхдүүдийг тээвэрлэх үйлчилгээг үзүүлж буй. Нийслэлийн Боловсролын газрын мэдээллээр 2014-2015 оны хичээлийн жилд долоон дүүргийн 48 сургуулийн 127 автобус 4609 сурагчид үйлчилж байгаа гэсэн. Хэдийгээр есдүгээр сарын эхний өдөр энэ тоо дутуу байсан ч одоо бол гүйцэж, үйлчилгээ жигдэрсэн гэдэг. Гэтэл тоон дунд үсэг гэдэг шиг аль хэдийн үйлчилгээнээс хасагдсан бага оврын автобусыг тэнгэрт тулсан үнээр худалдаж авсан ч жил ч бололгүй салж унахдаа тулжээ.
Уг нь, манай улсад үйлчилж буй хууль, дүрэм, нормыг дагаж мөрдвөл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа  тухайн тээврийн хэрэгслийг үйлдвэрлэснээс хойш 12 жилийн дараа  хүн тээвэрлэх эрхгүй болдог.

Өөрөөр хэлбэл, 2003 оноос өмнө үйлдвэрлэгдсэн автобус, бага оврын автобусаар хүүхэд байтугай хүн тээвэрлэж болохгүй гэсэн үг. Гэтэл алслагдсан дүүргийн “сургуульгүй” сургууль буюу барилга нь нурж актлагдсан сургуулийн сурагчдыг зөөвөрлөхөөр дээрх хууль, дүрмийг эс огоороод байх шиг. Энэ нь бид  хүүхэд багачуудаа эрсдэлд оруулж байгаагаас ялгаагүй юм. Учир нь, нийтийн тээвэрт явах насжилт нь гүйцсэн  автобус нь  бүрэн бус техникээс ялгаагүй. Хэдийгээр авто үзлэгт орж  нэг жил явах эрхийн бичгээ авдаг ч үйлдвэрлэснээс хойш 12 жил болсон л бол хувийн хэрэгцээ, бараа зөөвөрлөх зэрэгт л ашиглахаас өөр гарцгүй болдог гэсэн. Гэтэл сургуулийн хүүхдүүд бараа биш. Чингэлтэй дүүргийн нэгэн сургуульд 2001 онд үйлдвэрлэгдсэн, суугаад явахад шороо тоос бургисан, ямар эд анги нь салаад унах бол гэмээр дуу шуутай микроавтобус “Сурагчдын автобус” гэсэн бичиг наагаад явж байхтай таарсан ч сургуулийн захирал болон микроны жолооч сэтгүүлч гэдгийг маань сонсоод энэ талаар бичихгүй байхыг хатуу санууллаа.

Тэдний ийн халаглах нь дээд удирдлагуудаасаа айсан бололтой. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодруулахад яг аль сургуулийг нь тодорхой хэлнэ үү гэв. Нийслэлийн 48 сургуулийн 128 автобусыг тэд шалгах үүрэгтэй учраас сургуулийн захирлаас жийрхэн түүнд хэлэлгүй өнгөрсөн удаатай. Гэтэл өчигдөр бас нэгэн сургуулийн автобустай холбоотой асуудалтай таараад энэ талаар чимээгүй өнгөрч чадсангүй.
Нийслэлийн баруун зах болох БЗД-ийн есдүгээр хороо, Шархадны эцэст байрлах 79 дүгээр сургуульд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийслэлийн боловсролын газраас автобус авч өгч. Мэдээж тэр автобусыг авахын тулд зохих журмын дагуу тендер зарласан байж таараа. Гэтэл автобус аль хэдийн эвдрээд эхэлжээ.

Автобусны жолооч Я.Бямбасүрэнгээс тодруулахад тэрээр “Уг нь би энэ автобусыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд авсан. Гэтэл гурав, дөрвөн газар будаг нь хуурч унаад, тормосны аппарат нь эвдэрсэн. Одоо ч гэсэн дуу орж, эвдэрсэн зүйл байгаа. Сургуулиас засч өгнө л гэсэн. Өдөртөө Ээж хайрхан, Давсны булаг чиглэлд гурван удаа явдаг. Нэг талдаа л зургаан км. Үргэлж шороон замаар явдаг” хэмээн ярилаа. Шархадны эцсийн буудлаас Улиастайн голын дагуух айлын хүүхдүүдийг голдуу зөөдөг тус автобусанд нэг удаадаа 20 гаруй хүүхэд суудаг аж. Ингэхдээ нэг хүүхэд 200 төгрөг төлдөг гэнэ. Жолооч ах “Автобусны мөнгөгүй хүүхдүүд ч байна. Гуйгаад л суудаг. Хол гэртэй хүүхдүүдийг суулгахгүй гэлтэй биш. Аргагүй л дээ” хэмээн ярилаа. Тус сургуулийн хувьд хүүхдүүдийн зардлын мөнгөөр бинзен авч хүрдэггүй аж.
79 дүгээр сургуулийн автобусыг 90 сая төгрөгийн өртөгөөр худалдан авч тус сургуульд өгсөн байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн гэдгийг нь анх мэдсэн ч гэлээ шинэ болохоор нь авсан талаар сургуулийн захирал ярилаа. Гэсэн ч будаг нь хуурч цаанаас нь замаск гарч ирж байгаа нь хуучин автобусыг сэргээн засварлаад өгсөн байж болзошгүй гэсэн харыг төрүүлж буй талаар тэрээр хэллээ.

Өнгөрсөн жил яг ийм автобус найман ширхгийг Нийслэлийн боловсролын газраас тендер зарлан худалдаж аваад хоёрыг нь Налайх дүүрэгт, зургааг нь БЗД-т өгчээ. Нэг бүрийн үнэ нь 90 сая төгрөг. Хэдийгээр хүүхэд тээвэрлэх стандарт нормыг нь хангасан байж болох ч хүний засч янзалсан хуучин автобусыг манайхан таньж авч чадахгүй байна гэхэд үнэмших хүн гарахгүй. Энэ жил ч мөн сургуулийн автобусны тоог нэмэхээр ажиллаж байгаа. Тэгвэл эхний худалдаж авсан автобуснуудаа нэг харчихаад сонголтоо хийгээсээ билээ.

0 Сэтгэгдэл
gantumur saidiin shahaag bolovsroliin gazar hiij bna
Хамгийн их уншсан