Удахгүй “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болох гэж байна. Дэлхий нийтээр 1998 оноос тэмдэглэж ирсэн энэ өдрийг манай улс Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон тэмдэглэх болсон. Энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагчид, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг билээ.
Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход Монголын нийт багш, сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг, оролцоо, дэмжлэг хамгийн чухал юм. Сурагчдыг буруу зүйл хийснийх нь төлөө гар хүрэх, загнаж доромжлох, ялгаж гадуурхах нь багш, сурган хүмүүжүүлэгчдийн хэрхэвч гаргаж болохгүй үйлдэл хэмээн үздэг. Зодуулж загнуулдаг сурагч ирээдүйд бусдыг зоддог, загнадаг хүн болдог учир үгэнд орохгүй, хичээл сурлагадаа анхаарахгүй, эсвэл хичээл дээр үймүүлээд байвал сурагчдыг зодож цохих, загнаж доромжлохоосоо өмнө “Би энэ хүүхдийг ирээдүйд хэн болгох гэж байна вэ?” гэдгээ сайн бодох хэрэгтэйг Хүүхдийг ивээх сангийнхан сануулж байна. Түүгээр ч барахгүй хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх талаархи товч мэдээлэл хавсаргасан танилцуулга хүртэл гаргажээ.