“Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай” санамж бичигт өчигдөр БСШУ-ы сайд Л.Гантөмөр, Хятадын талаас БНХАУ-ын Боловсролын яамыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Шаолун нар гарын үсэг зурав. Ингэснээр ирэх таван жилд 1000 оюутан БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдэд хамрагдаж суралцах эрхтэй болж буй юм. БСШУ-ы сайд Л.Гантөмөр хэлэхдээ “Энэ дөрөв, тавдугаар сардаа багтаагаад эхний 200 оюутныг явуулна. Энэ 200 оюутны 20 нь бакалаврт, 40 нь докторт, 140 нь магистрт суралцана. Солилцооны хөтөлбөрийн онцлог нь тэргүүлэх чиглэлийг барьж оюутнаа сургах юм. Инженер, ХАА, боловсрол, соёлын мэргэжилтнүүдээ дахин сургах бололцоо гарч ирлээ. Удахгүй сонгон шалгаруулалтын зар түгээх болно" гэв. Ийнхүү энэ жилээс эхлэн жил бүр 200 оюутан Засгийн газрын тэтгэлгээр БНХАУ-д суралцах нь.