Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадад аялдаг жуулчдын тоо энэ жил улам өснө


Олон улсын аялал жуулчлалын ассоциаци 2014 оны байдлаар дэлхийн хэмжээнд хийгдсэн гадаад аялал, жуучлалын тоог гаргажээ. Ингэхэд 2014 онд улс төр ба эдийн засгийн хувьд дэлхийн олон орны тухайд тийм ч сайн жил байгаагүй хэдий ч дэлхийн хэмжээнд гадаадын аялал жуучлал 14 хувиар өссөн байна. Өсөлт нь дэлхийн бүх бүс нутгийг жигд хамарсан гэдгийг мэргэжилтнүүд онцолсон. Берлинд болсон “The International Tourism Bourse” аялал жуучлалын үзэсгэлэнгийн үеэр энэ мэдээг мэргэжилтнүүд олонд хүргэсэн юм. Бүх тив, бүс нутагт жигд өссөн ч жуулчдын тоо хамгийн ихээр нэмэгдсэн нь Хойд Америк байв. Энэ тивийг зорьсон жуулчдын тоо долоон хувиар өсчээ. Хойд Америк дотроо Мексикийг зорьсон жуулчид хамгийн ихээр нэмэгдсэн байна. Энэ улсыг 2014 онд өмнөх жилийнхээс 15 хувиар илүү олон жуулчид зорьж ирсэн байна. Канад ба АНУ-ыг зорьсон жуулчдын тоо 8 хувиар, Карибын арлуудыг зорьсон жуулчдын тоо 7 хувиар нэмэгдэж.

Гэхдээ юм болгон хоёр талтай байдаг хойно аялал жуучлалыг дагасан сөрөг үзэгдэл ч бас  ажиглагдаж байна. Сөрөг зүйлс нь ядуу, буурай, авлигад идэгдсэн Африкт хамгийн ихээр ажиглагдаж байгаад гайхах зүйлгүй. Тухайлбал, Өрнөдийн баян жуулчдыг дагасан хулгайн ан том асуудал болоод байна. Иймд “UNWTO”-оос Африкийн орнуудад хулгайн анг хориглох тухай асуудлыг илүү хурцаар тавих боллоо. Гэхдээ Африкт тун хоёрдмол байдал үүсээд байгааг тус байгууллагаас хүлээн зөвшөөрч байна. Нэг талаас мөнгөтэй, баян барууны жуулчдад зуучлан хулгайн ан хийх нь нутгийн иргэдэд ихээхэн хэмжээний орлого оруулдаг. Нөгөө талаас хулгайн ан цаашид энэ мэтээр үргэлжлээд байвал тун удахгүй гадаадын жуулчдад харуулах зэрлэг амьтад гэхээр юм үлдэхгүй болох дээрээ тулаад байна.

Тэгээд ч нарийвчилсан судалгаагаар Африкт ирж байгаа жуулчдын 80 хувь нь зэрлэг амьтдыг унаган байгальд харах гэж ирдэг нь тогтоогдсон. Тэгэхээр орон нутгийн эрх баригчид энэ асуудлыг хамгийн зохистой байдлаар нэг тийш нь шийдэх том асуудалтай тулгараад байна.

Том газар нутагтай орнуудад дотоод аялал жуулчлалаа хөгжүүлэхэд ихээр анхаарч эдийн засгаа хөгжүүлэх нэн тэргүүнтэй салбар гэж тусгаж байгаа нь дэлхийн хэмжээнд жуулчлал эрчимтэй нэмэгдэхэд том түлхэц өгч байна гэж мэргэжилтнүүд үзжээ.

Монгол Улс 2014 онд 475 мянган жуулчин хүлээж авсан гэсэн тоо баримт бий. Энэ жилийн хувьд энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавин Берлинд болсон “ITB-2015” олон улсын үзэсгэлэнд түнш улсаар оролцсон билээ. Ерөнхийлөгч, салбарын сайд болоод аялал жуулчлалын олон байгууллагын төлөөлөл оролцсон энэ үзэсгэлэнгийн үеэр 3600 vip зочдод зориулсан гала тоглолт, хүлээн авалт зохион байгуулж, 400 сэтгүүлчийг оролцуулсан хэвлэлийн бага хурал хийж, олон улсын аялал жуулчлалын мэргэжлийн холбоодтой стратегийн түншлэлийн гэрээ байгуулж,  уулзалт, соёлын арга хэмжээнүүдийг  Берлин болон Европын зарим хотуудаар хийжээ.

Хамгийн чухал нэг зүйл бол Монголын мэдээлэл сурталчилгааны баримтат киног хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээний сувгуудаар дамжуулан дэлхийн 570 сая хэрэглэгчдэд бүтэн жилийн турш хүргэж байгаа гэнэ. Гэхдээ энэ бүхний үр дүн шууд харагдахгүй. 2016 оноос үр дүн нь эхнээсээ харагдана. Сая жуулчин Монголоор дайрч биш, Монголыг зорьж ирнэ. Тийм ч учраас нийслэлийн ИТХ-аас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг  хэрэгжүүлэхээр батлаад байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан