Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Ариунаа: Их Британийн Англи-Уэльсийн ерөнхий боловсролын үндэсний хөтөлбөрийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж байна

Бид энэ удаагийн зочноор Улаанбаатар дахь Бритиш сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, үүсгэн байгуулагч хатагтай Ц.Ариунааг урьж ярилцлаа.

-Манай улсад олон улсын гэх тодотголтой сургууль олон бий. Тэр бүгдээс танай сургуулийн  ялгарах онцлогоос эхлээд ярилцъя?
-Сүүлийн жилүүдэд Монголд олон улсын чанартай сургууль олон болсон нь талархууштай зүйл юм. Харин манай сургуулийн хувьд байгуулагдаад гурван жил болж байна. Бид бассейн, спортын иж бүрэн цогцолбор бүхий сургуулийн барилга байгууламжийг  барьж байгуулсан. Их Британийн мэргэжлийн боловсролын зөвлөх байгууллагаар дамжуулан Их Британийн Их дээд сургуульд бэлтгэгдсэн багшлах тусгай зөвшөөрөлтэй багш нарыг авчирч гэрээгээр ажиллуулдаг, сургалтын хөтөлбөр нь ИБ-ийн Боловсролын яаманд батлагдсан үндэсний хөтөл­бөр, сурах бичиг, сургалтын материал, хэрэглэгдэхүүнүүдээ бүгдийг Их Британиас худалдан авдаг. Энэ утгаараа Их Брита­нийн Англи-Уэльсийн ерөнхий боловс­ролын үндэсний хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж байгаа анхны сургууль гэж үзэж болох ба үүгээрээ бусад сургуулиудаас ялгаатай. Сургуульдаа 4-өөс 18 насны сурагчдыг сургаж байна. Сургуулийн өмнөх боловсролын бэлтгэл ангидаа 4 настнуудыг сургаж байгаагаараа бас онцлогтой.  Өнгөрсөн 3 жилийн богино хугацаанд Олон улсын Бритиш сургуулиудын холбооны албан ёсны шалгууруудад тэнцэж, олон улсад магадлан итгэмжлэгдсэн Бритиш сургууль болж чадсан маань бидний бусдаас ялгарах гол онцлог гэж бодож байна. Тэгэхээр манай сургуулийн сурагчид дэлхийн аль ч улсад Бритиш хөтөлбөрийн дагуу сургалт явуулдаг сургуулиудтай адил хэмжээний боловсрол эзэмшиж гарч байна гэсэн үг. Төгсөгчид маань дэлхийн өндөр чанартай аль ч их дээд сургуульд дэвшин суралцах боломжтой.

-Олон улсын магадлан итгэмж­лэлийнхээ талаар жаахан дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу. Ямар шалгуур үзүүлэлт хангасан сургуульд өгдөг юм бэ?
-Их Британид болон хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байгаа бүх Бритиш сургуульд тавигддаг боловсролын стандарт гэж бий. Үүнийг ижил түвшинд хангах ёстой байдаг юм. Тухайлбал,
1.     Англи-Уэльсийн үндэсний сургалтын хөтөлбөр
2.    Их Британид бэлтгэгдсэн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн багшлах боловсон хүчин
3.    Сургалтын заах арга зүй, стандарт
4.    Их Британийн боловсролын газраас баталсан үнэлгээний тогтолцоо
5.    Сурагчдын нийгмийн болон хувь хүний хөгжил төлөвшлийг хангах хүмүүжлийн хөтөлбөрийн агуулга стандарт
6.    Ил тод, нээлттэй сургуулийн засаглал
7.    Сурагчдын эрүүл, аюулгүй орчинд сургах нөхцөл, шаардлага
8.    Сургуулийн барилга байгууламж, сургалтын материаллаг бааз, спорт цогцолбор
9.    Удирдлага зохион байгуулалт бүхий идэвхтэй үйл ажиллагаатай багш, эцэг эх, багш нарын зөвлөлтэй байх.
Эдгээр шалгуурт тэнцэж сайн гэсэн үнэлгээ авч Олон улсын Бритиш сургуулиудын холбооны гишүүн 180 сургууль дотроос Их Британийн боловсролын газарт бүртгэлтэй магадлан итгэмжлэгдсэн 37 дахь сургууль нь болсон хэрэг. Мөн Монголын анхны “Олон улсын магадлан итгэмжлэгдсэн” Бритиш дунд сургууль болсон гэдгээрээ манай хамт олон үнэхээр их бахархаж байна.

-Энэхүү амжилтаараа “Bloomberg TB”-ийн Монголын шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад олгодог шагналын эзэн болсон гэж дуулсан?
-Тэр тийм шүү. “Bloomberg TB” жил бүр салбаруудын шилдэг байгууллагыг тодруулдаг юм билээ. Манай сургуулийн хамт олныг боловс­ролын салбарт сургалтын чанартай үйлчилгээ, мэргэжлийн багшлах боловсон хүчин, сургалтын орчин “Олон улсад амжилттай магадлан итгэмжлэгдсэн”, “Англи-Уэльсийн үндэс­ний сургалтын хөтөлбөр”-ийг Монголын боловсролын салбарт амжилт­т­­ай нутагшуулж байгааг үнэлэн шилдгээр шалгаруулж “Bloomberg Awards 2014” шагналаа гардуулсан юм.

-Гадаад хэл дээр сургалт явуулдаг олонхи сургууль монгол хэл, Монголын түүхийн хичээлийг орхигдуулдаг. Харин танай сургууль хичээлийнхээ хөтөлбөрт дээрх хичээлүүдийг тусгаж өгсөн нь их олзуурхууштай санагдсан?
-Англи-Уэльсийн үндэсний хөтөл­бөр, Олон улсын бүрэн дунд ерөнхий боловсролын “IGCSE”, “А” түвшний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын боловсролын стандартад нийцсэн Монгол хэл, Монголын түүхийн хичээлийг Монгол багш нар эх хэл дээрээ явуулж Монгол үндэсний хэл, соёл, зан заншил, өв уламжлалаа дээдэлдэг дэлхийн монгол иргэн, гол нь зөв хүн болгон төлөвшүүлэхийн төлөө зорин ажиллаж байна. 

-Танай сургуулийн сурагчид англи хэлний олимпиадад оролцож чамлахааргүй амжилт гаргасан гэж сонссон. Энэ талаар?
-Лондон хотод жил бүр уламжлал болон Их Британийн англи хэлний дэлхийн олимпиад болдог юм. Энэ олимпиадад манай сургуулийн 12 сурагч анх удаа Монгол Улсаа төлөөлөн дэлхийн 24 орны 150 сургуулийн 1600 гаруй сурагчтай өрсөлдөж байгаа. Одоогийн байдлаар манай сургуулийн баг хэсгээсээ гарч хагас финалд  амжилттай оролцож, “Grand final”-д  оролцох сүүлчийн 12 сургуулийн нэгэнд шалгарч үлдсэнд бид маш их баяртай байна. Манайхаас бусад орны Бритиш сургуулиудад гол төлөв унаган англи хэлтэй сурагчид сурдаг болохоор манай хүүхдүүд тэдгээр хүүхдүүдтэй өрсөлдөж энэхүү амжилтыг үзүүлж байгаа нь бүүр бахархууштай юм. Бас болоогүй, энэ олимпиадын “Talent show” тэмцээний орчин үеийн бүжгийн төрөлд сурагч Биндэръяа, Тэргэл, Оюу нар амжилттай оролцож, 24 орны 1600 гаруй авьяастай хүүхдүүд дундаас шилдгээр шалгарч бахархам амжилт гаргасан байна. Олимпиадын шүүгчид, зохион байгуулагчид манай сурагчдын англи хэлний чадварыг маш сайн байна гэж үнэлсэн нь бидэнд их урам зориг өгч байна.

-Ер нь, монгол хүүхдүүд ой тогтоолт сайтай, аливаа зүйлийг түргэн хугацаанд сурч чаддаг гэдэг?
-Тэр тийм шүү. Анх хүүхдүүдээ олимпиадад явуулахдаа ийм амжилтад хүрнэ гэж ер бодоогүй. Манай багш нар анхны жил юм чинь оролцуулаад л үзье гэсэн. Тэгэхэд нь манай монгол хүүхдүүд их адтай шүү. Түрүүлээд ирэхийг ч үгүйсгэхгүй гэж хэлж билээ. Үнэхээр монгол хүүхдүүд маань оюуны чадавхи сайтай. Манай гадаад багш нар хүртэл монгол хүүхдүүд их чадварлаг, багшийг их эрхэмлэж хүндэлдэг, хүмүүжил сайтай гэдэг. Энэ нь манай монгол хүүхдүүдийн нэг давуу тал. Хоёрдугаарт монгол хүүхдүүд ямар ч хэлийг маш хурдан хугацаанд сурдаг. Дуудлага нь хүртэл их цэвэр, хэлний авьяастай шүү.

-Ингэхэд танай сургуульд тэтгэлгээр сурах боломж байдаг уу?
-Бид сургуулийнхаа нэрэмжит тэтгэлэг, грандуудыг бий болгохоор төлөв­лөж байгаа. Оюуны чадавхи өндөртэй, суралцах эрмэлзэлтэй хүүхдүүдийн дунд тодорхой шалгуур тавьж тэмцээн уралдаан, олимпиад зарлаад шалгарсан хүүхдүүдэд өөрийн сургуульдаа тэтгэлгээр сургах боломж олгоно гэж боддог.

-Багш нартаа их өндөр шалгуур тавьж, сонгож авсан гэж дээр дурдсан. Энэ талаар?
-Манай сургууль Англи-Уэльсийн үндэсний хөтөлбөрийг зааж сургах өндөр ур чадвартай, туршлагатай багш сурган хүмүүжүүлэгчдийг Их Британийн боловсролын тусгай зөвшөөрөл бүхий зөвлөх үйлчилгээний компани болох АМС /Antoni Milliard Consulting/ байгууллагаар дамжуулан сонгон шалгаруулж гэрээ байгуулан Монгол Улсдаа ажиллуулж байгаа.  Тэгэхээр үнэхээр чадвартай сайн багш нар манай сургуульд багшилдаг гэж ам бардам хэлнэ. Дээр дурдсан сурагчдын амжилтууд маань үүнийг бататгах байх.

-Ингэхэд монгол багш нар бий юү?
-Монгол багш нар маань Монгол хэл, Монголын түүх, газарзүйн хичээл заадаг. Мөн бага ангийн гадаад багш нартай монгол туслах багш нар хамт ажилладаг. Өндөр түвшинд  бэлтгэгдсэн гадаад багш нартай хамтарч ажиллуулснаар бид үндэсний боловсон хүчнээ дэмжиж тэдний түвшинд ойртуулан бэлтгэх, шилдэг туршлага олж авах боломжоор хангаж байна гэсэн үг. Америк, Англид сурч төгсөөд ирсэн Монгол залуусаа бас дэмжиж ажилладаг. Цаашдаа заавал гадаад багш гэхгүйгээр дуу хөгжим, дүрслэх урлаг, биеийн тамирын хичээлээ монгол багшаар, монгол залуусаар заалгая гэсэн бодол надад бий. Гадаадад сургууль төгсөөд, шалгуур үзүүлэлтийг нь даваад ирэх юм бол дуртайяа хамтарч ажиллахад бэлэн байна. Хэзээ нэгэн цагт тэдгээр Монгол багш нар маань дэлхийн хаа нэгтээ байгаа Бритиш олон улсын сургуульд багшаар ажиллах цаг үе тэд нарт ч бас ирнэ гэж бодож байна.

-Бритиш боловсролын талаар та цөөн үгээр юу гэж тайлбарлах бол. Зарим хүн энэ боловсролын талаар тийм сайн мэдэхгүй байж магадгүй?
-Чанартай боловсрол гэж хэлмээр байна. Английн боловсрол бол дэлхий дахинаа одоог хүртэл бий болж хөгжиж ирсэн боловсролын сонгодог тогтолцооны суурь юм. Герман улс “Бенз” машинаараа, япончууд “Sony” брэндээрээ бахархдаг шиг Англичуудын бахархал нь тэдний боловсролын хөтөлбөр, тогтолцоо гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл тэдний хамгийн том брэнд нь боловсрол гэж ойлгож болно. Үүгээрээ ч дэлхийд гайхагддаг.
 The ISC Research Ltd. буюу Олон улсын сургуулиудын зөвлөх группийн 2015 оны нэгдүгээр сард олон нийтэд гаргасан судалгаанаас харахад Их Британийн Бүрэнд Дунд Ерөнхий боловсролын хөтөлбөрөөр дэлхий дахинаа нийт 3,106 Олон улсын сургууль сургалтаа явуулдаг байна. 2010 оноос хойш энэ хандлага эрчимтэй нэмэгдэж байгаа харагдаж байгаа юм. Бага насны хүүхдийг тоглоомын аргаар, чөлөөт сэтгэлгээг нь хөгжүүлэх замаар, сургуульд дуртай болгох, насан туршидаа суралцах хүсэл эрмэлзэл төлөвшүүлэх бодлого дээр суурилсан байдаг юм байна. Эхэн үедээ хялбар байгаа мэт боловч хичээлийн хөтөлбөр нь анги ахих тусам хүндэрдэг. 200 жилийн түүхтэй боловсролын системийг нь ойлгоход цаг хугацаа хэрэгтэй. Тэгэхээр манай сургуулийн онцлог, давуу талыг мэдрүүлэхийн тулд эцэг, эхчүүд болон манай сургалтыг сонирхож буй бусад хүмүүсийг хүрч ирээд хичээл дээр суугаад нэг үзээсэй гэж боддог юм. Мянга сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Тийм болохоор манай багш нарын хичээл зааж буй арга барилтай ирж танилцаж үзээрэй гэж энэ дашрамд уримаар байна. Бид хичээлийн хэрэглэгдэхүүн, тоглоомоо хүртэл Англиас авчирдаг.

-Хичээлийнхээ хажуугаар хүүхдүүд янз бүрийн дугуйланд хамрагддаг гэсэн. Ямар ямар дугуйлан санал болгодог вэ?
-Манай сургуулийн сурагчид ту­хайн өдрийн үндсэн хичээл дуус­саны дараа хичээлийн дараахь дугуй­лан­гуудад өөрийн сонголтоор хамрагдах боломжтой. Тухайлбал, усан сэлэлт, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, ширээний болон агаарын теннис, регби, шатар, даам, бүжиг, төгөлдөр хуур, балет, дүрслэх болон гар урлал, фото зураг гэх мэт дугуйланд хамрагдаж болно. Эдгээр дугуйлангуудад суралцсанаар сурагчид маань урлаг уран сайхан, гоо зүйн мэдрэмж, бие бялдар, амьдрах ухаанаа хөгжүүлэх боломжтой юм. Эцэг, эхчүүдийнхээ хүсэлтээр голь­фын дугуйлан хичээллүүлж байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг зүйл асуумаар байна. Та энэ сургуулийн үүсгэн байгуулагч гэсэн. Энэ сургуулийг байгуулах санаа таных байсан уу?
-Анх энэ сургуулийг байгуулах санаа бол миний хүсэл мөрөөдөл байсан юм. Ийм сургууль байгуулах юмсан гэж сэтгэлдээ харж, дүрслэн боддог байлаа. Хүүхэд 18 нас хүртлээ эцэг, эхийнхээ дэргэд байдаг шүү дээ. Бодит амьдрал дээр энэ бол асар богинохон хугацаа шүү дээ. Энэ хоромхон хугацааг гэр бүлийнхэнтэйгээ, халуун ам бүлээрээ бүрэн дүүрэн хамтдаа өнгөрөөх бололцоог л тэдэнд олгохыг хүссэн юм л даа. Зарим эцэг эхчүүд барууны боловсролыг хүүхдэдээ олгохын тулд жаахан хүүхдүүдээ гадаад руу явуулчихаад араас нь санаа зовниж суудаг биз дээ. Энэ сургуулийг байгуулснаар гадаад руу хүүхдээ явуулах шаардлагагүй болж байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд бага насандаа эцэг, эхийнхээ хажууд, эх орондоо энэхүү боловсролыг олж авах боломжтой олгох нь энэ сургуулийн гол зорилго. Зорилгодоо хүрч, мөрөөдлөө биелүүлж ажил хэрэг болгож чадсандаа их баяртай байна. Ямар ч  сургуулийн эцсийн бүтээгдэхүүн нь төгсөгчид байдаг. Тэгэхээр манай сургуулийг төгссөн төгсөгчид маань дараагийн шатны сургуульд элсэн орох бүхий л шалгуурыг хангах чадвартай болох нь хамгийн том амжилт юм. Төгсөгчид л тухайн сургуулийн ажлын үр дүн болж гарна. Би өөрөө Улаанбаатар хотын арван жилийн 1 дүгээр сургуульд сурч төгссөн. Манай сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчид энэ нийгмийн бүхий л салбарын лидер болчихсон явна. Үүнтэй нэгэн адил манай Бритиш сургуулийг төгссөн төгсөгчид тодорхой хугацааны дараа Монголын бүхий л салбарын манлайлагч нь байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Мэдээж хэрэг энэ бүх хүсэл мөрөөдлийг минь бодитойгоор хэрэгжүүлэхэд гар бие оролцож тусалж дэмжсэн хөрөнгө оруулагчид, удирдах зөвлөлийн гишүүд, хамтарч ажилласан баг хамт олны маань хүчин чармайлтын үр дүн гэж боддог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан