Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн 15. Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна. Зурхайн зурлагад эл өдрийг найман цагаан мэнгэтэй, идрийн барилдлагат улаан бич өдөр хэмээн тэмдэглэжээ.

Хурмастаас хур хайрлан хавсрага дарагдаж, газар зөөлрөн шинэхэн ургаж байгаа ногоо, моддын нялх нахиа, навчсын үнэр сэтгэл сэргээсэн энэ сайхан өдөр Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 насандаа бурхны хутгийг олж гэгээрсэн, мөнхүү 81 сүүдэртээ гаслангаас хагацан нярваан дүр үзүүлсэн гурван их үйл зэрэгцсэн их дүйчин өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр зарим сүсэгтэн Гандантэгчинлэн хийдэд очиж нэгэн өдрийн сахил болох Тэгчин сожин хүртжээ. Тэд бүтэн хоногийн  турш, маргааш өглөөний мандах нар ургатал муу үйл бүхнийг тэвчиж хоол ундаа зохицуулах учиртай.

Монголчууд бурхны шашны их бага 10 ухааны угшлыг өөрийн ёс уламжлалаараа баяжуулан өдий болтол хөгжүүлж ирсэн түүхтэй. Гадаад, дотоод шалтгаанаас үүдсэн олон түгшүүрт байдал дэлхий ертөнцөд нүүрлэсэн өнөө цаг дор дотоод сэтгэлийн амар амгаланд хүргэх бурхны шашныг дагагсдын тоо бусад орнуудад ч нэмэгдсээр байгаа юм.

Бурхны шашин бол мухар сүсэг бус, сэтгэлийн амгаланг хурааж түүгээрээ бусдад сайн үйлийг хүртээж, явдал мөрөө засахад оршино. Гавьяа байгуулахгүй гэхэд бусдад гай тарихгүй явах нь хамгийн наад захын хэрэг. Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр. Эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санах өдөр. Амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай.

Бурхан багшийн их дүйчин өдрийг монголчууд гэгээрэл, бясалгал, нигүүсэл, өв соёлоо эрхэмлэх оюуны соёлын өдөр болгон тэмдэглэсээр 10 дахь жилийн нүүр үзэж байна.

Өнөөдөр сүсэгтнүүд орон хийдийг зорин мөргөл үйлдэхийн сацуу гэрэлт зул өргөх ёслолд оролцоно. “Хүсэл биелэх өдөр” нэрийн дор тав дахь жилдээ зохион байгуулж буй энэ ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд 19.00 цагаас эхлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан