Сагсан бөмбөгийн тамирчин, ОУХМ Т.Санчир мэргэжлийн лигт тоглохоор боллоо. Т.Санчир мэргэжлийн лигт тоглох гэж буй анхны монгол сагсчин болж буй нь энэ. Өмнө нь гавьяат тамирчин Ц.Шаравжамц “Harlem”-д орохоосоо өмнө Европын лигт тоглож байсан удаатай.
Т.Санчирын хувьд цаашид Филиппин улсад зохиогддог PBA буюу үргэлжлэх хугацаагаараа NBA-гийн дараа ордог дэлхийн хамгийн ахмад лигт тоглохоор болжээ. Т.Санчирын хүчин зүтгэхээр болсон баг нь “Barangay Ginebra San Miguel” гэдэг PBA-ийн найман удаагийн аварга, хамгийн нэр хүндтэй, олон фэнтэй гэсэн.
Өнгөрсөн оны аравдугаар сард PBA-ийн Удирдах Зөвлөлөөс шийдвэр гаргаж энэ оны “Governor’s Cup” тэмцээнээс эхлэн баг тус бүр нэг Ази легонер тоглогч авах эрхийг нээжээ. Тиймээс Т.Санчир тус лигийн анхны Ази тоглогч болж байна.
Т.Санчир маань ирэх долоо хоногт буюу энэ сарын 8-ны шөнө 00.55 цагт Манила руу нисч, очингуутаа шууд бэлтгэлдээ орохоор болжээ.