Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Эмүжин: Хүүхдийн уран зохиол хүүхдээс өөрөөс нь л төрдөг

Утга зохиолын урсгал дөлгөөхөн урссаар л. Тэр урсгал дунд хөвөх үе үеийн зохиолчид зохиол бүтээлээрээ дөлгөөхөн урсгалыг чимэх мэт. Тэр урсгалаас гарах хамгийн хөг эгшигтэй бүтээл бол хүүхдийн уран зохиол. Тэгвэл энэ хөг эгшигт цуурай хадаан үлгэрийн зургаан ном мэндэллээ. Тэр бол зохиолч, сэтгүүлч Р.Эмүжингийн “Үзэсгэлэнт оюун ухаан”, “Цэнхэр шувуу”, “Бяцхан Есүхэй” тэргүүтэй бүтээл юм.

-Үлгэрийн зургаан ном гаргасанд тань баяр хүргэе. Энэ бол одоо цагт ус, агаар мэт хэрэгцээтэй зүйл...
-Баярлалаа. Хүүхдийн зохиолыг голдуу томчууд бичдэг, шүүмжлэлтэй сэдвийн нэг байсаар ирсэн. 40, 50 хүрсэн том хүний бичсэн зохиолыг яаж хүүхэд хүлээж авах вэ гэдэг талаас нь ч судлаачид шүүмжилдэг. Миний хувьд хүүхэдтэйгээ ойрхон байдаг эх хүн учраас хүүхдийнхээ хэл, сэтгэлгээ, мэдрэмж дээр тулгуурлан номнуудаа бүтээлээ. Хүүхэд өсгөж үзсэн ээжүүд бүгд л хэлнэ. Хүүхэддээ уншиж өгөх үлгэр алга. Байлаа гэхэд утга зүйн болон үг үсгийн алдаатай байдаг. Тэгэхээр энэ орон зайг нөхөхийг хүссэн. Бас монгол хүүхдүүд уншихыг хүссэн хайртай номтой болоосой, 10, 20, 30 жилийн дараа ч гэсэн номнуудад өгүүлэгдсэн ухаарлыг өөрийн багана болгож яваасай гэж хүссэн. Ээж хүний хувьд хоёр хүүдээ үнэхээр хэлэхийг хүссэнээ Монголын хүүхдүүдэд ч гэсэн зориулан бүтээл болгон гаргасан маань энэ.

-Үлгэрийн номуудад хүүхдийн тань ч оролцоо байсан гэсэн. Номын зурганд их ач холбогдол өгсөн харагдсан. Энэ талаар...?
-Найман настай бага хүү маань “Эвэрт могой” номын зургийг зурсан. Бид хоёр их зөрчилдсөн. Энэ ном дээр ууртай халим болон ухаантай халимын тухай гардаг юм. Ууртай халим нь сүүлдээ ухаантай халимдаа буулт хийгээд хоёулаа эвлэрч байгаа тухай өгүүлдэг. Миний хүү ууртай халим зураарай гэхээр хүү маань халимны нуруунаас оргилдог усыг нь бүдүүн хөх зураасаар татчихна.
Манай хүүхэд онцгой тулдаа зурсан гэж би хэзээ ч хэлэхгүй. Гэртээ усан будаг, харандаа, цаас нэхээд сууж байгаа “зураачид” олон. Энэ нь өөрөө хүүхдийн нэхээд, өгүүлээд байгаа бүтээл нь гэдгийг л би олж харсан. Луу зурчихаад заавал улаанаар буд, хумс нь матигар байх ёстой гэнэ. Лууны хумсыг илүү их хурц, матигар байдлаар дүрслэх нь хүүхдийн өөрийнх нь хэтрүүлж харах төсөөлөл. Энэ бүхнийг номдоо шингээхийг хүссэн. Нэг номных нь зургийг 18 настай том хүү маань зурсан. Бусад номынх нь зургийг орчин цагийн хүүхэд залуусын төлөөлөл зурсан. Тэдний сэт­гэл, мөрөөдөл шин­гэ­­сэн бүтээл уч­раас хүүхдүүдэд таал­агдана гэж найдаж байгаа.

-Энэ зургаан но­моор дам­жуу­лан хүүх­дүү­­дэд өгсөн сургамж тань юу байсан бэ?
-“Балчир Есү­хэй” гэж ном бий. Монгол­чууд бид Чингис хааны удам гэж цээжээ дэлддэг. Үнэн хэрэгтээ тэр хүний түүхийг бараг мэдэхгүй. Гэтэл Тэмүүжин ямар гэрт өссөн бэ, хэн тэр хүнийг төлөвшүүлсэн бэ, тэр хүний өгөгдөл нь хаана байв гээд цаг үеийг нэхээд санахаар тэр хүн Есүхэйн хүү. За тэгвэл Есүхэй гэж хэн байсан юм. Есүхэй мундаг, баатар эр байсан учраас Тэмүүжин мундаг хүн болж төлөвшсөн үү. Есүхэйн бага нас хэрхэн өнгөрсөн бэ. Айдсаа яаж давдаг байсан юм. Хээр ууланд явж байгаад чонотой халз тулахдаа яадаг байв гэх зэргээр дүрийнхээ сэтгэлзүй дээр тулгуурлан бичсэн. Айдас бол чиний сэтгэл, хүсэл, мөрөөдлийн чөдөр, тушаа юм. Чи айдсаа тайлж хаяж чадвал өөрөө өөрийнхөө, амьдралынхаа, хүсэл мөрөөдлийнхөө эзэн болж чадна гэдгийг хэлэхийг хүссэн. Үлгэрүүд дээрээ хэлэх гэсэн санаагаа голчлоод оруулсан. Эсвэл навч, зүрхний дүрсэн дээр сургамж нэг, хоёр гээд оруулсан. Мөн өөрийнхөө гараар захиа хүртэл бичсэн. Газар дэлхий дээрх бүх зүйл үгүйрэхэд ганцхан оюун санаа л мөнх үлдэнэ гэсэн утга ч бий. Хүүхдийн зохиолын зураг, чимэглэл угаасаа өөр юм билээ. Бидний мэддэг өглөө бүр манддаг нарыг “Энэ нар зүрхэн хэлбэртэй байвал гоё” гэж хүүхдийнхээ хэлснээр нараа өөрчлөн зурах зэргээр хүүхдийн сэтгэл зүрх, зураачдын мөрөөдлийг шингээсэн. Миний бүтээсэн ном хүүхдүүдэд хань болоосой. Магадгүй 10, 20, 30 жилийн дараа хүн өөрийгөө гээдэг. Тэр үедээ эргэж нэг уншихад дахин жигүүр бий болгоосой хэмээн бодож, он цагийг туулах бүтээл хийх юмсан гэж мөрөөдөж хийсэн.

-Хүүхдэд зориулсан бүтээл хийх хэцүү гэх юм. Энэ үгээр зохиолчид маань ч нэгнийхээ амыг таглаж байгаа харагддаг...
-Энэ бол миний 10 жилийн мөрөөдөл. Цэнджав ах маань хэлсэн. Хүүхдийн зохиол руу зохиолчид орж, нэг нэг ном бүтээхийг уриалсан. Гэхдээ бид бүтээх нь чухал биш. Зүгээр л хүүхдүүдийн ертөнцийг тань. Хүүхэд чинь юу зурж байгааг харах хэрэгтэй. Зурган дээр нь таван өгүүлбэр тавихад л бүтээл болчихно. Хүүхдийн уран зохиол бол хүүхдээс өөрөөс нь л төрдөг. Зохиолч бүрийг хүүхдийн зохиол бич гэж шахаад, бичихгүй байна гэж шүүмжлээд болсон болоогүй юм хийгээд, тэр нь хүүхдүүдийн сэтгэлд хүрэхгүй, оюун санаанд нь амьдрахгүй бол хэцүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан