Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шашны зөрчил, баялаг орд газар, эрх мэдлийн төлөөх ээлжит дайны босгон дээр

Хэдхэн хоногийн өмнө Саудын Аравийн байлдааны онгоцууд Йемений босогчдын байрлалд агаараас цохилт өгснөөр олон улсын оролцоотой бас нэгэн халуун цэгтэй болов. Олон улсын гэдгийг тодруулбал Персийн булангийн Саудын Арави, Бахрейн, Катар, Куйвет дээр нь Пакистан, Египет, Иордан, Марокко, Судан бас мэдээж АНУ нэг талаас ба нөгөө талаас Йемений босогчид.

Байлдааны ажиллагаа явуулахад хүргэсэн шалтаг нь Йемений  Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадигаас Саудын Арави тэргүүтэй арабын орнуудад хандан гаргасан хүсэлт.  Абд Раббу Мансур Хади ба түүний талынхан хусид босогчдын “Аллах ансар” бүлэглэлийн зэвсэгт дайчдад  ялагдан улсынхаа дийлэнхийг алдаад зугатан Саудын Арави руу гарсан. Тэрээр Арабын улсуудад хандан Йемений хууль ёсны Засгийн газрыг эргүүлэн “залахад” туслахыг хүссэн юм. Энэ хүсэлтийг нь Саудын Арави хүлээн авч хусит босогчдын эсрэг байлдааны ажиллагаа явуулж байгаа нь энэ.

Өнгөц харахад эдгээр улс нь алан хядагч босогчдын түлхэн унагасан Ерөнхийлөгчийг эргүүлэн суудалд нь залах гэсэн шударга зүйл хийж байна гэж бодогдохоор. Олон хүн ч үүнтэй санал нийлж байгаа. Гэвч энэ байлдааны ажиллагааны бодит шалтгааныг огт өөрөөр тайлбарлах шинжээчид олон байна. Тэдний үзэж байгаагаар хусит босогчдын эсрэг ингэж олон улс оролцсон байлдааны ажиллагаа явуулах болсон гол шалтгаан нь газрын тос ба шатдаг хийн орд газрууд, тэдгээрийг тээвэрлэдэг далайн тээврийн замын хяналт.
Ойлгомжтой болгохын тулд юуны өмнө хуситууд гэж хэн болох талаар тайлбар хийх хэрэгтэй. Лалын шашин нь сунна ба шиа гэсэн хоёр урсгалтай. Энэхүү хоёр урсгалыг дагагчид хоорондоо дайтаж өс зангидсан олон зуун жилийн түүхтэй. Энэхүү ажиллагаанд оролцож байгаа улс болгонд  суннит ба шиитүүд бий.  Гэхдээ энэ бүх улсад суннит буюу суннаг дагагчид нь дандаа эрх мэдлийг гартаа атгасан, илүү эрхтэй, илүү баян байдаг. Ялангуяа газрын тос, шатдаг хийгээр баялаг Саудын Арави, Бахрейн, Катар, Куйветэд суннитууд нийгмийн дээд давхарга байдаг бол шиитүүд нь ямагт дарлагдаж, дорд үзэгдсээр ирсэн хоёрдугаар зэрэглэлийнхэн. Бахрейнд гэхэд л хүн амын дийлэнх нь шиитүүд, суннитууд цөөнх атлаа бүх эрх мэдлийг атгаж, баялгийг зарцуулдаг. Катар мөн адил. Саудын Аравид хүн амын 25 орчим хувь нь шиит Йеменд хүн амын 50 гаруй хувь нь шиит.

Хамгийн гол нь аль улсад байгаагаас үл хамаараад шиитүүдийн амьдарч ирсэн түүхэн нутаг нь газрын тос ба шатдаг хийгээр хамгийн баялаг. Учир нь Персийн булангийн газрын тос, шатдаг хийгээр баяжиж нөлөөтэй болсон орнуудын бүх л том орд газрууд нь шиитүүдийн уугуул нутагт байрласан. Хэрэв одоо Йеменд шиитүүд бүх эрх мэдлийг атгаад авбал цаашид эдгээр улсууд дахь хавчигдаж шахагдсан бусад шиитүүд үлгэр дуурайлал авч газар нутгаас нь олборлож байгаа газрын тос, шатдаг хийн наймаанаас илүү хувь авах эх, улмаар улс төрийн илүү эрх мэдэл шаардаж магадгүй гэж суннитууд эмээж байгаа нь илэрхий. Одоо ч шаардаж буй  ч Йемен шиг зэвсэг барьж тэмцэл хийн эрх мэдлийг гартаа атгасан нь үгүй. Хэрэв зэвсэг бариад тэмцээд эхэлвэл олборлолт багасч газрын тосны үнэ хаданд гарах нь АНУ, Европын холбооны эдийн засагт хүндээр тусна.

Европ нь арга буюу Оросоос илүү их газрын тос, шатдаг хий авч таарна. Ингэвэл эдийн засгийн хориг арга хэмжээ авах замаар дуулгавартай болгохыг хичээж байгаа Орост бэлэг барьсантай адил. Оросын эдийн засаг сэргээд байр суурь нь бэхжвэл АНУ ба Европын нөлөө буурна.
Дараагийн нэг зүйл нь Саудын Арави, Катар, Бахрейн, Куйветэд олборлосон газрын тос, шатдаг хийг Европ руу далайгаар зөөдөг зам. Йемен нь баруун өмнөд хэсэгтээ Баб эль-Мандебийн хоолойтой хиллэдэг. Газрын тос, шатдаг хий ачсан усан онгоцууд Суэцийн сувгаар Газрын дундад тэнгист гарч Европыг чиглэхийн өмнө ердөө 30 км өргөнтэй энэ хоолойгоор дамждаг.  Хэрэв шиитүүд Йеменд эрх мэдлийг гартаа оруулбал Европын орнууд тэдэнтэй хэлэлцээр хийх замаар ойлголцох, зарим тал дээр буулт хийх гэх мэт алхам хийх шаардлагатай тулгарна. Ингэвэл бүс нутаг дахь шиитүүдийн байр суурь улам бэхжиж, суннитуудын захирдаг орнуудын нөлөө багасна.

Өөр нэг чухал зүйл нь Ираны байр суурь. Шиитүүд хүн амын дийлэнх олонх, бүх эрх мэдлийг атгаж байдаг цорын ганц улс нь Иран. Тиймээс бүс нутаг дахь шиитүүдийн гол санхүүжүүлэгч, дэмжигч нь Иран. Бүс нутагт шиитүүдийн байр суурь бэхжих тусам дагаад Ираны нөлөө, эрх мэдэл өснө. Гэтэл Америк, Европын холбоо нь Ираны нөлөөг багасгах, илүү дуулгавартай болгох, цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах гэж асар их чармайлт гаргаж байгаа тул шиитүүд бүс нутагт илүү нөлөөтэй, эрх мэдэлтэй болох нь тэдэнд ашиггүй. Тэгээд ч эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас хүнд байдалд орсон ч Иран нь иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сири, Ирак болон Ливанд нөлөөтэй хэвээр.  Саудын Арави нь бүс нутгийнхаа шийдвэр гаргагч гол улс байхыг хичээж байгаа ийм үед Иранд давуу тал олгоно гэдэг АНУ, Европын хувьд гол холбоотноосоо урвасан хэрэг болно.

Ийм ч учраас Йемений босогчдын эсрэг байлдааны ажиллагааг АНУ, Европын холбоо дэмжиж байгаа гэсэн бодолтой шинжээч олон байна.
Харин энэ Йемений босогчдын эсрэг явуулж байгаа байлдааны ажиллагаанд газрын тос, шатдаг хийгээр баян биш Пакистан, Египет, Марокко гэх мэт улс ямар хамаатай юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Хариулт нь тун энгийн. Пакистан, Египет гэх мэт улсуудын эрх баригчдад Саудын Арави нь жил болгон тэрбумаар тоологдох буцалтгүй тусламж үзүүлэн тэтгэж байдаг. Ийм эгзэгтэй үед гол ивээн тэтгэгчээ дэмжихгүй бол ахиад олон тэрбумын тусламж авч чадахаа больж, улмаар эдийн засаг нь доройтож, үүнийг дагаад нийгмийн бухимдал нэмэгдэн бас зэвсэгт бослого, үймээн самуун гарах нь гарцаагүй болно.

Одоогоор дээр нэр гарсан орнууд зөвхөн агаараас бөмбөгдөж, пуужин харван цохилт өгснөөр хязгаарлагдаж байгаа. Гэхдээ Йемений хилийн дагуу Саудын Аравийн 100 мянга гаруй хүнтэй хуурай замын бүлэглэл тушаал хүлээн бэлэн байдалд байна. Хэдхэн өдрийн өмнө Йемений Ерөнхийлөгч Саудын Аравид хандан хуурай замын ажиллагаа эхлүүлэхийг хүссэн. Саудын Арави ёсоор болговол бүс нутагт Сири ба Иракт “Лалын улс” бүлэглэлийн эсрэг хийж байгаа дайнаас хол илүү гарсан маш том, бүрэн хэмжээний дайн эхэлнэ.  Дан ганц бөмбөгдөж, пуужингаар харваснаар ялалт байгуулна гэдэг боломжгүй. Тэр тусам ялагдсан тохиолдолд хэлмэгдүүлэлт, хядлага гэж юу байдгийг бодитоор амсах нь гарцаагүй болсон, ухрах газаргүй шиитүүдийг бөмбөгдөөд ялна гэдэг боломжгүй. Иймд хуурай замын ажиллагаа явагдах нь бараг гарцаагүй гэж үзэж болно.

Ингээд газрын тос ба шатдаг хийн орд газар, хүргэх зам ба бүс нутаг дахь эрх  мэдлийн төлөөх ээлжит дайн эхлэх боллоо. Яг л Украйнд дэгдсэнтэй адил, гэхдээ хамаагүй илүү цус урсгасан дайн болно. Украйн ба Йеменд болж байгаа үйл явдалд төстэй зүйл их. Өрнөдийнхөн өөрсдийг нь газрын тос, шатдаг хийгээр хангадаг арилжааны замыг хамгаалахын тулд бүгдийг хийж байна. Оросын шатдаг хийг Европ руу дамжуулдаг хоолойн дийлэнх нь Украйнаар дайрдаг тул энэ улсад хяналтаа тогтоож, өөрийн талын хүмүүсийг байлгана гэдэг арилжааны замыг хянаж, Оросын эдийн засгийн гол тэжээлийн судсан дээр хутга барьсантай адил. Йеменд Ираныг байр суурийг сулруулах, дуулгавартай болгох гэж байгаа бол Украйнд Оросыг номхруулж, дуулгавартай болгох гэж байна. Йемений босогчдыг Иран дэмжиж байгаа бол Украйны салан тусгаарлагчдыг Орос дэмжиж нөгөө талд нь АНУ ба Европын холбооны улс төрийн дэмжлэгийг авсан улс орнууд байна.

АНУ, Европын холбооны дэмжлэг, зөвшөөрлийг аваагүй бол энэ хоёр үйл явдал эхлэхгүй байлаа.
Гэхдээ Украйнаас ялгаатай хэд хэдэн зүйл байна.  Йеменд хууль бусаар түлхэн унагагдсан Ерөнхийлөгчид эрх мэдлийг нь эргүүлэн өгөх гэсэн шалтгаар дайн эхэлж Америк, Европ нь Ерөнхийлөгчийн талынхныг дэмжиж байна. Харин Украйнд төрийн эргэлт хийж эрх мэдлийг гартаа оруулсан босогчдыг Америк, Европ зүйл бүрээр дэмжиж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан