Гэрэл зургийн аппаратыг буу гэж эмээсэндээ гараа өргөх айдас хургасан нүдтэй бяцхан охины зүрх шимшрүүлэм энэ зураг өнгөрсөн долоо хоногоос олон нийтийн сүлжээгээр тарж, үгээр илэрхийлж чадамгүй өрөвдөж хайрлах мэдрэмжийг хүн бүрт төрүүлсээр байна. Бяцхан сири охины зураг интернэтээр олон сая хүнд хүрсэн ч чухам хэзээ авсан, хэн гэдэг зурагчны гэрэл зураг болох, зураг авах үед юу болсон зэрэг нь тодорхойгүй байсан. Тэгвэл BBC–гээс гэрэл зургийн эзнийг эрж сурагласаар Туркийн Осман Сагирли хэмээх зурагчин өнгөрсөн жил авсан болохыг олж мэджээ. Осман Сагирли өнгөрсөн арванхоёдугаар сард Туркийн хилээс 10 гаруй километрийн зайд байрлаж буй Сирийн дүрвэгсдийн лагерьт очихдоо охины зургийг авжээ.
Түүнийг Хадеа гэдэг, дөрвөн настай гэнэ. Охин ээж, хоёр ах эгчтэйгээ хамт Хама хэмээх хотоос дүрвэн ирсэн байж. О.Сагирли охины зургийг авахаар дурангаа гаргаж ирэхэд Хадеа түүнийг буу гэж бодсон бололтой тэр даруй хоёр гараа толгой дээрээ өргөөд, амаа жимийгээд зогсчихсон гэнэ. “Уг нь, жирийн хүүхэд бол ийм үед шууд гүйгээд явчих юм уу нүүрээ нуух, эсвэл камер руу харж инээмсэглэдэг. Гэвч дайны хар сүүдэр ийм жаахан хүүхдүүдийг яаж орхисон нь эндээс харагдаж байгаа юм. Дүрвэгсдийн лагерьт толгой хоргодож буй том хүмүүсээр ч зогсохгүй гэмгүй бяцхан хүүхдүүд ч сэтгэлийн хүнд дарамт дор амьдарч байна” гэж охины хөргийг гэрэл зурагт буулгасан Осман Сагирли ярьжээ.
Охины зураг өнгөрсөн нэгдүгээр сард анх Туркийн сонинд нийтлэгдсэн бөгөөд тухайн үедээ тус улсын олон нийтийн сүлжээгээр мөн л шуугиан тарьж байжээ. Харин өнгөрсөн долоо хоногт барууны орнуудын олон нийтийн сүлжээгээр зураг дахин тарж, Сирийн дайн жирийн ард иргэдийн амьдралд хэрхэн сүүдрээ тусгаж байгааг дэлхий нийтэд дахин нэг сануулсан юм.
Өнгөрсөн мягмар гарагт энэ зургийг твиттерт нийтэлсэн гэрэл зурагчин Надиа Абу Шабаны постыг 11 мянган удаа дахин жиргэжээ.