Жинхэнэ энтрепренер хүн гэж Ричард Брэнсоныг л хэлэх биз ээ. Тэр 1972 онд 22 настайдаа одоогийн аварга том “Virgin” группээ үндэслэж байсан юм. Түүний эцэс төгсгөлгүй бүтээлч санаанаас 400 гаруй компани цэцэглэн хөгжиж, хөдөлмөрийн үр шим нь түүнийг тэрбумтан болгосон билээ.
16 настайдаа “Оюутан” хэмээх сэтгүүл гаргаж, бизнест хөл тавьж байсан түүний “Virgin” группт багтдаг “Virgin Atlantic” авиа компани, “Virgin Records” дуу бичлэгийн компани хамгийн амжилттай ажиллаж яваа. Одоо 65 настай, Их Британийн хамгийн баян хүмүүсийн нэг тэрээр “The Virgin Way: Everything I Know About Leadership” хэмээх бизнесийг хэрхэн яаж хийх тухай бизнесмэнүүдийн гарын авлага болохоор ном өнгөрсөн жил гаргасан юм. Энэ номоор дамжуулан залуу бизнесмэнүүд, залуу удирдагчдад хүргэх гэсэн түүний үгийг ярилцлага болгон буулгасан байна.
-Одоо дөнгөж сургуулиа төгсч байгаа, 20 гаруйхан настай, карьераа дөнгөж эхэлж байгаа залуусын хувьд юу хамгийн чухал вэ?
-Хүн ганц л удаа амьдарна. Тэгэхээр үнэхээр сонирхол хүслийг чинь татдаг зүйлээ л хийх нь хамгийн чухал. Дуртай зүйлдээ л амьдралаа зориулбал эцэстээ сэтгэл хангалуун байх болно. Хэрэв чамд бизнесийн маш сайхан санаа байгаа бол, тэр санаа нь бусдын аж амьдралыг илүү сайхан болгож чадахаар бол оролдоод үз. Хэрэв чи энтрепренер хүн биш бол өөрт таалагдах мэргэжил эзэмшээд, түүгээрээ ажиллаад явах хэрэгтэй. Түүнээс биш мөнгө их олдог гээд өөрт таарахгүй, дургүй ажил мэргэжил сонгох хэрэггүй. Тэгвэл аймшигтай алдаа болно.
-Залуучуудыг ажиглаад байхад аливаа зүйлийг эхлэх гэж өмнө нь маш их зүйл төлөвлөдөг. Ийм, ийм зүйл хийж, эсвэл тийм мастерын зэрэгтэй болсны дараа, ийм хэмжээний мөнгөтэй болсны дараа жинхэнэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлнэ гэж хүлээдэг. Ер нь, аливаа зүйлийн цаг нь болсныг яаж мэдэх вэ? Жишээлбэл, та “Virgin” компанийг маш залуудаа байгуулсан шүү дээ.
-Хэрвээ бизнес хийх гэж байгаа бол сурахад тийм олон жил зарцуулах хэрэггүй л болов уу гэж би боддог. Харин түүний оронд бизнесээ эхлээд явж байхдаа түүнээсээ суралцах хэрэгтэй.
Хэрэв зөвхөн боловсролд л анхаарах юм бол дараа нь ажилтай болоход илүү хэцүү байх болно. Бизнес хэрхэн хийдгийг сурах гэж тав зургаан жил суралцахын оронд бизнесээ эхлээд явж байвал тэр оюутнуудаас дор хаяж тав, зургаан жилийн өмнө алхана гэсэн үг шүү дээ. Ингэж ажилласан нь ч илүү давуу талтай. Хэрэв энтрепренер болохыг хүсч байгаа бол эрсдэлтэй алхам хийж сурах хэрэгтэй. Жишээ нь, би залуудаа нэг авиа компаниар үйлчлүүлээд тэдний үйлчилгээ нь таалагдаагүй учир өөрөө энэ салбарт хүч сориод үзье гэж шийдээд хуучин Бойнг 747 онгоц нэгийг аваад “Virgin Atlantic”-аа байгуулж байлаа.
-Тэгвэл бизнесийн маш гоё санаа олсон боловч түүнийгээ бусдад хэрхэн худалдаж, хөрөнгө оруулалт татахаа мэдэхгүй байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч?
-Гол нь юу хэлэх гээд байгаагаа энгийн, ойлгомжтойгоор бусдад тайлбарлаж ойлгуулж чаддаг байх ёстой. Хэрэв та санаагаа хоёр гурван өгүүлбэрт багтаагаад хэлж чадахгүй, түүгээрээ бусдыг татаж чадахгүй бол тэр тийм ч сайн санаа биш байх.
Харин санаагаа бусдад худалдах тухайд хэрэв сонссон хүн бүр таны санааг ойшоож үзэхгүй өнгөрөөгөөд байвал магадгүй сайн санаа биш байх. Гэхдээ л та гайхамшигтай санаа олсон гэж өөртөө итгэлтэй байвал яагаад ойшоохгүй байгааг нь асуух хэрэгтэй. Учир нь, “Сайхан санаа байна” гэж хэлдэг хүн тун ховор байдаг. Яагаад гэвэл хүн бүр энтрепренер сэтгэлгээтэй байдаггүй юм. Тэгэхээр хэрэв чи өөртөө үнэхээр итгэж байвал хийгээд л үзэх хэрэгтэй.
-За бизнесээ эхлээд, компаниа байгууллаа гэж бодъё. Багаа хэрхэн бүрүүлэх, хэнийг ажилд авч, хэнд итгэх вэ. Энэ ухаанд яаж суралцах вэ?
-Хэрвээ хувийн бизнесээ эхлүүлж байгаа бол олон арван жил найзалж нөхөрлөж буй хүмүүстээ итгэл үзүүлэх нь хамгийн зөв байдаг. Анх би ч бас бизнесээ эхлүүлэхдээ хоёр гурван найзтайгаа хамтран ажиллаж байсан нь одоо ч сайхан санагддаг. Тэгээд мэдээж ажилд авах ярилцлага хийхдээ чиний хийж буй ажлыг чам шиг дур сонирхолтойгоор хийж чадах эсэхийг нь харах хэрэгтэй. Чиний юу хийхийг, юунд хүрэхийг тэмүүлж байгааг ойлгож, яг чам шиг ажиллаж чадах хүнээр хүрээлүүлбэл багаа бүрдүүлж чадлаа гэсэн үг.
-Таныг бизнесийн тухай ном ерөөсөө уншдаггүй гэж хэлэхийг хоёр ч удаа сонссон юм байна. Харин та саяхан өөрөө нэгийг бичсэн байх юм.
-Тийм ээ, би бизнесийн талаарх ном ер уншдаггүй. Ганц хоёрыг л гүйлгэж харсан байх. Бизнесийн тухай уншвал зохих номын жагсаалт гэж хэтэрхий урт зүйл байдаг. Тэр жагсаалтыг богиносгож, аль болох уншууртай, үнэн түүхийг өгүүлж чадах бизнесийн ном бичье гэж бодсон юм. Хүмүүс тэр бодит түүхээс бизнест суралцаж болно.
-Залуу энтрепренерүүдийн гаргадаг хамгийн том алдаа юу вэ?
-Залуу энтрепренерүүдийг хараад байхад бүх зүйлд оролцож, бүгдийг өөрөө хийх гэж оролддог. Ингэж ажиллавал тун удалгүй өөрийнхөө хүч, нөөц бололцоог бүгдийг нь шавхаж дуусна. Тэгэхээр өөрийгөө ялих шалихгүй ажлаас чөлөөлж, бусдаар хийлгээд, бизнесээ илүү томоор харах, ирээдүйгээ төлөвлөхөд л цаг заваа зориулах хэрэгтэй.
-Тийм ээ, залуу удирдагчдын хувьд яг ийм алдаа гардаг. Тэд яг л менежер шиг жижиг асуудалд оролцох гээд байдаг талтай. Тэгэхээр яаж ажилтнууддаа итгэж, “За үүнийг чамд найдлаа” гэж хэлж чаддаг болох вэ?
-Хэрвээ бусдад итгэж л байгаа бол өөрсдөө хийх эрх чөлөө, цаг завыг нь олгох хэрэгтэй. Магадгүй тэд зарим талаар бодсоноос чинь дутуу хийж болно. Заримдаа бүр илүү ч хийж болно. Хэрвээ буруу хийлээ гэхэд дараа нь өөрөө засч залруулаад өгч болно. Гэхдээ зөв хүнээ сонгосон бол тэд үргэлж сэтгэл дундуур байлгана гэж байхгүй.