Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бурхныг бодоод хаалгаа онгойлго гэж нэгдүгээр нисгэгч нь хашгирч байжээ

Өнгөрсөн долоо хоногт Францын Альпийн нуруунд осолдсон Германы “Germanwings” компанийн 9525 нислэгийн онгоцны хар хайрцагны бичлэг задарчээ. Хар хайрцаг буюу онгоцны кабинд болсон бүх үйл явц, дуу чимээг бичиж авдаг энэ дуу хураагчийн бичлэг уг нь олон нийтэд задрах ёсгүй юм. Хар хайрцагт бичигдсэн нисэгчдийн ярианы бичлэгийг зөвхөн бүх шалгалт дууссаны дараа хавтаст материалд хавсаргаж үлдээдэг бөгөөд хэзээ ч ил гаргадаггүй аж. Гэвч Германы “Bild” сонин онгоцны хар хайрцагт үлдсэн нэг цаг гаруй үргэлжилсэн аудио бичлэгээс сүйрэхийн өмнөх эгзэгтэй агшныг өгүүлсэн яриа, дууны бичлэг зэргийг цаг минуттайгаар нь текстээр буулгаж, уншигчдад хүргэсэн байна.

Хуваарьт цагаасаа 20 минут хоцорч хөөрсөн онгоцны ахмад Патрик Сонденхаймер нислэг эхлэхээс өмнө ариун цэврийн өрөө орж амжаагүйгээ хоёрдугаар нисгэгч Андреас Любицэд  хэлж байжээ. Харин Любиц түүнийг хүссэн цагтаа гарч болно шүү гэж хэлсэн байна. Онгоц өндрөө авч, бүх зүйл хэвийн болсны дараа ахмад Сондонхаймер Любицийг газардахад бэлтгэхийг хүсчээ. Харин Любиц бэлтгэлээ хийгээд дуусмагцаа ахмадыг хүссэн үедээ ариун цэврийн өрөө ороорой гэж давтан хэлсэн нь бичлэгт үлджээ. Ингээд ахмадын суудал хойшлох чимээ гарч, удирдлагыг хоёрдугаар нисгэгчдээ өгөөд бүхээгээс гарсан байна.

Ахмад бүхээгийг орхисноос хойш бүх зүйл эхэлсэн бөгөөд 10:29 минутын орчимд онгоц өндрөө алдан доошилж байгаа нь радарт мэдэгдэж эхэлжээ. Тиймээс гурван минутын дараа агаарын хөдөлгөөн хяналтын төвөөс онгоцтой холбоо барих гэж оролдсон боловч ямар ч хариу өгөөгүй байна. Энэ үед бүхээг дэх түгшүүрийн дохио унтарч, онгоц унаж байна гэсэн сануулга өгч эхэлжээ. Үүний дараа хаалга нүдэх чимээ гарч эхэлжээ. Сонденхаймер бүхээг рүү оруулахыг Любицээс янз бүрээр гуйсан байна. Онгоц нь өндрөө алдаж байгааг мэдсэн ахмад “хараал идсэн хаалгаа онгойлго” гэж А.Любицээс шаардаж нэг үзэж, эцэстээ “бурханыг бодоод хаалгаа онгойлгооч” гэж гуйж хүртэл үзэж, хаалгыг хамаг хүчээрээ онгойлгох гэж оролджээ. Энэ үед зорчигчид ч орилж хашгирч эхэлсэн нь бичлэгт үлдсэн байна.  Ингээд гурван минут өнгөрөхөд хүнд төмөр зүйлээр цохих чимээ сонсогдсон байна. Энэ үед онгоц  агаарт 7000 метрийн өндөрт явсан байна. 10:38 минутын үед онгоц 4000 метрийн өндөрт байхад Любиц бүхээгийн гадна ахмад нь хаалга онгойлгохыг шаардан цохиж нүдэж байхыг үл тоон, тайван гэгч нь амьсгалж байгаа нь бичлэгт тод үлджээ. Ингээд нэг минут хагасын дараа гэхэд онгоц 2000 метр хүртлээ доошилсон бөгөөд “Газар-Өндрөө ав” гэсэн автомат дохио өгч эхэлжээ. Үүнээс хоёр минутын дараа онгоцны баруун жигүүр уулын орой шүргэх их чимээг дагаад зорчигчдын орилж хашгирах чимээ сонсогдоод л бичлэг тасалджээ.

Ийнхүү онгоцны хоёр хар хайрцагны нэг болох бүхээгийн дуу хураагчид үлдсэн бичлэгээс ослын шалтгаан, дүр зураг ерөнхийдөө тодорхой болж ирсэн. Одоо үүн дээр нислэгийн мэдээлэл хадгалагч буюу онгоцны техник үзүүлэлт ямар байсныг харуулах хоёр дахь хар хайрцгийг олчихвол шинжээчид бүрэн дүүрэн дүгнэлт гаргахад ойртох юм. Гэвч 150 хүний аминд хүрсэн энэ осол хоёрдугаар нисгэгчийн санаатай үйлдэл байсан нь тодорхой болоод байгаа. Сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл бус байсан нь илрээд буй түүний эрүүл мэндийн нөхцөл байдал тухайн үед ямар байсныг, ямар эмчилгээ хийлгэж байсныг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгасаар байна. Ослоор амь үрэгдсэн зорчигчдын цогцост ДНК-гийн шинжилгээ хийж, 78 хүний цогцсыг таньсан байна.

0 Сэтгэгдэл
зөвхөн онгоцны ахмад гаднаас нь нээдэг цоожтой болмоор юм байна даа,нисгэгч нэгэндээ итгэх арга алга
Хамгийн их уншсан