Ираны цөмийн хэлэлцээрийн талаар шийдвэр гаргах хугацаа өнөөдөр дуусахаас урьтаж олон улсын шийдвэр гаргагчид Швейцарьт цугларан, маш их ачаалалтай хурал уулзалт зохион байгуулж байна. АНУ, Герман, Франц, Их Британи, Хятад, Орос гэсэн зургаан улсын Гадаад хэргийн сайдууд Ираны цөмийн хөтөлбөрийн талаар тус улсын Гадаад хэргийн сайдтай нүүр тулан уулзаж, яриа хэлэлцээр эхлүүлээд байгаа юм. Олон улсын зүгээс Ираныг хамгийн багадаа 10 жил уран баяжуулах хөтөлбөрөө зогсоох шаардлага тавьж байгаа бөгөөд хариуд нь Иран эдийн засгийн хоригийг суллахыг хүсч буй. Гэхдээ Ираны төлөөлөгч Хамид Байдинежад “15 жил гэж байж болохгүй. Гэхдээ 10 жил байж болох эсэх дээр хэлэлцэж байна” гэж мэдэгдсэн юм. Уран баяжуулах хугацаанаас гадна хэдий хэмжээний центрифигур хадгалж болох тухайд хоёр талын байр суурь зөрж байгаа аж. Ираныг 6000 центрифигур ашиглахыг Вашингтон зөвшөөрнө гэж мэдэгдсэн ч Ираны тал үүнийг 6500-7000 болгох гэж хичээж байгаа гэнэ. Энэ мэтчилэн байр суурийн зөрүүгээ арилгаж, товлосон хугацаанаас өмнө нэг шийдэлд хүрэх гэсэн зургаан талт хэлэлцээр Швейцарьт болж байна.