Нийслэлийн СХД-ийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн багш нар тус сургуулийн захирлаар томилогдсон Ш.Сарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардан ажил хаяад найм хонож байна. Тэдний ийн эсэргүүцэх болсон шалтгаан нь Ш.Сарантуяа өмнө нь тус сургуулийн захирлаар гурван жил ажиллахдаа ажлын байрны дарамт байнга үзүүлдэг байсан гэх. Тиймээс захирлаа эсэргүүцсэн багш нар хэвлэлийнхэнд удаа дараа хандаж буй. Өчигдөр ч мөн энэ асуудлаар хэвлэлийн хурал зарлав. Залуу багш нар сард нэг болдог хурал дээр ямар арга хэмжээ авхуулах бол, хэнийг цоллох бол гэсэн байнгын айдастай байснаа хурлын үеэр ярив.
62 дугаар сургууль нь 164 багш ажилчинтай. Тэдний ихэнх нь буюу 120 гаруй нь ажил хаялтад оролцож буй. Гэтэл тус сургууль 3000 гаруй сурагчтай. Багш нарын ажил хаялтаас үүдээд одоогоор 300 гаруй сурагч хичээллэж байгаа гэнэ. Эсэргүүцлийн үр дүнд сурагчдаа хохироохгүй гэсэндээ зарим багш нь хичээлээ зааж байгаа аж.
Хэвлэлийн хуралд ирсэн багш нар “Ш.Сарантуяа л биш бол өөр хүнтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэв. Хичээл нь орохгүй байгаад сурагч нар ч гомдолтой байгаа бололтой. Энэ талаар тус сургуулийн бага ангийн багш Ц.Дарьсүрэн “Сурагчид маань хэзээ хичээл орох вэ, шийдвэр нь хэзээ гарах юм бол гэсэн хүлээлттэй ангийн багшаасаа байнга лавлаж байгаа” гэлээ.
Харин бага ангийн багш Б.Ганчимэг “Бидний ажил хаялтыг улс төржсөн аль нэг намыг, захирлыг дэмжиж байна гэх зэргээр буруу тайлбарласан ташаа мэдээлэл гарч байна. Бид аль нэг намыг, захирлыг дэмжээгүй. Ердөө л энэ Сарантуяа гэх ёс зүйгүй захиралтай цаашид хамтарч ажиллахгүй гэсэн байр сууриа илэрхийлж байна” гэсэн.
Уг нь, тус сургуулийн захирал Ш.Сарантуяа ажил хаялт зарласан багш нартай уулзжээ. Уулзалтын үеэр “Би иргэний зориг гаргаж чадахгүй. Энэ сургуульд ажиллана. Та нар надтай хамтарч ажиллаач. Би хувь хүн талаасаа өөрчлөгдсөн. Өөртөө дүгнэлт хийсэн” хэмээн ярьсан аж. Гэсэн ч багш нар түүнтэй дахин хамтран ажиллаж чадахгүй гэдгээ хэлсэн байна.
З.Мягмарсүрэн багш “Сарантуяа 62 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 75 багшид сахилгын арга хэмжээ авсан. Мөн амаржсаныхаа дараа ажилдаа орохоор ирсэн багшийг заавал нэг жил болсны дараа ажилдаа ир гэсэн дарамт үзүүлдэг байсан. Арав гаруй багшийг нэр төрд халдсан гэж СХД-ийн цагдаад өгсөн. Багш нараа ингэж цагдаад өгчихөөд яаж хамтарч ажиллах гээд байгааг нь ойлгохгүй байна. Энэ сургуулийн сурагчид болоод багш нарын эрх ашгийг Сарантуяа захирал зөрчсөн хэрнээ ажлын байраа тавьж өгч чадахгүй, иргэний хариуцлага гаргаж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай байна” гэв.
Хөдөлмөрийн тухай хуулиараа тус сургуулийн багш нарын ажил хаялт нь хууль бус. Харамсалтай нь, багш нар захиралтайгаа ойлголцохгүй байгаагаас хүүхдүүд олон хоногоор хичээлдээ сууж чадахгүй ийнхүү хохирч байна. Гэвч багш нарын хандлагаас харахад тэд өөрсдийн эрх ашгийг нэн түрүүнд тавьж буй бололтой.