Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Миний ээж хорт хавдраар өөд болсон гэж хүүхдүүд минь хэзээ ч хэлэхээргүй болсон


Б.СЭВЖИДМАА

Манай дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгдэж яв­сан газар орон бүртээ ол­ны харцыг унагаж байдаг Холли­вудын жүжигчин Анжелина Жоли хоёр жилийн өмнө цочир сонин мэдэгдэл хийж, хоёр хөхөө авахуулсан тухай олон нийтэд зарласан билээ. Тэрээр чухам яагаад ийм мэс засал хийлгэхэд хүрснээ “New York Times” сонинд бичсэн захидлаараа олонд тайлбарлаж байсан. Хөхний хорт хавдраас урдчилан сэргийлэхийн тулд мэс заслын ширээн дээр хэвтсэн тэрээр хоёр жилийн дараа дахиад л нэг хүнд шийдвэрийн өмнө тулгарч ирсэн нь өөр нэг хорт хавдраас хэрхэн сэргийлэх ямар арга зам сонгох тухайд байв. Энэ удаа тэрээр ээжийнх нь амийг авч одсон өндгөвчний хорт хавдраас сэргийлэхийн тулд өндгөвчөө, үрийн сувагтай хамт авахуулах мэс засал хийлгэхээр шийдээд, хоёр долоо хоногийн өмнө хагалгаанд оржээ.

Гэр бүлийнх нь эмэгтэйчүүд бүгд хорт хавдраар хорвоог орхисон болохоор энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухайд тэрээр олон жил судалж явсан бөгөөд энэ аймшигт өвчнөөс болж хагацал зовлон үзэх гэр бүл цөөн байгаасай гэсэндээ өөрийн амьдралаар, өөрийн жишээгээр олон нийтэд мэдээлэл түгээх гэж “New York Times” сонинд дахин нэг удаа өвчний түүхээ өгүүлжээ.
Түүн шиг нэр алдартай хүний хувьд энэ бол маш зоригтой, том алхам төдийгүй цаашид нийтийн эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөө нь ч асар их байна гэж хорт хавдрын мэргэжилтнүүд хэлж байна.

2013 онд А.Жоли анхны мэс заслаа хийлгэсний дараа хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжуудын талаар сониноор дамжуулан уншигчдад мэдээлэл хүргэснээр түүн шиг хорт хавдрын удамшил агуулдаг BRCA хэмээх гентэй эсэхээ мэдэх гэсэн хүмүүсийн тоо нэлээд олширчээ. Долоо хоногт 350 хүн BRCA генийн шинжилгээ өгдөг байсан бол А.Жолигийн мэдэгдлийн дараа 500 болж нэмэгдсэн байна. Үүнийг эмч мэргэжилтнүүд “Анжелинагийн эффект” гэж хүртэл нэрлэсэн.  Өөрөөр хэлбэл, тэрээр хорт хавдар тусах магадлалтай эсэхээ урьдчилан мэдэх, хэрэв тийм эрсдэл байгаа бол сэргийлэх арга зам байдаг шүү гэдгийг хүмүүст таниулж мэдүүлснээрээ олон хүнд амьдрал хайрласан гэсэн үг юм.

Энэ удаагийн мэдэгдлийн дараа ч өндгөвчний хорт хавдраас урьдчилан сэргийлэх аргын талаар илүү олон эмэгтэй мэдлэг мэдээлэлтэй болж авна гэж мэргэжилтнүүд найдаж байна. Хамгийн гол нь, айж эмээж суухын оронд урьдчилан сэргийлэх аргын талаар олж мэдээд, гэр бүл ойр дотныхонтойгоо ярилцаад, шийдвэр гаргах боломж байгааг Анжелина дэлхийн сая сая эмэгтэйд сануулснаараа үнэлж баршгүй тустай үйл хэрэг хийлээ гэж эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд талархаж байгаа юм. Түүний жишээгээр илүү олон эмэгтэй үзлэг шинжилгээнд хамрагдаж, магадгүй түүн шиг мэс засал хийлгэвэл хорт хавдар тусах эрсдлийг 3-4 хувь хүртэл нь бууруулах боломжтой аж.
Ингээд Анжелина Жолигийн “New York Times” сонинд нийтлүүлсэн “Мэс заслын өдрийн тэмдэглэл” хэмээх ил захидлыг уншигчдад хүргэж байна.

Анжелина Жоли Питт: Мэс заслын өдрийн тэмдэглэл

Хоёр жилийн өмнө хорт хавдраас сэргийлж, хоёр хөхөө авахуулсан тухайгаа би энд бичиж байсан билээ. Ердийн л нэг цусны шинжилгээгээр миний ген хорт хавдар үүсгэх аюултай BRCA1 хэмээх генийн мутаци агуулж байгааг илрүүлсэн юм. Энэ генээс болоод надад хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл 87 хувь, өндгөвчний хорт хавдар тусах магадлал 50 хувьтай байгааг тогтоосон юм. Яг энэ хорт хавдар гэдэг өвчнөөр би ээжийгээ, эмээгээ, бас нагац эгчээ алдаж байсан хүн.

Тиймээс бусад эмэгтэй­чүүдэд сонголт бас боломж байдаг юм шүү гэдгийг мэдүүлэхийг л хүссэн юм. Эмэгтэйчүүдийн хорт хавдрын өвчний талаар шинэ сэргэг гэсэн бүх мэдээллийг, тэр дундаа саяхан миний хийлгэсэн өндгөвч болон үрийн суваг авахуулах мэс заслын тухай мэдээллийг алдалгүй авч байхаар би өөртөө аль эрт амласан.

Энэ мэс заслыг хийлгэнэ гэж нэлээн дээрээс төлөвлөж байлаа. Хөх авахуулах мэс заслыг бодвол энэ нь тийм ч хүнд хагалгаа биш ч гэлээ цаашид гарах үр дагавар нь илүү ноцтой. Энэ мэс заслыг хийлгэсэн эмэгтэйчүүд шууд цэвэршиж эхэлдэг. Тийм ч учраас бие болоод сэтгэл санааны хувьд би өөрийгөө бэлтгэсээр ирсэн ч хажуугаар нь өөр ямар боломж, арга чарга байж болохыг хайж, энэ тухай эмч нартайгаа зөвлөлддөг байсан юм. Надад энэ мэс заслыг хийлгэх эсэхээ шийдэхэд дахиад хэдэн сарын хугацаа бий гэж итгэж байлаа.

Гэтэл хоёр долоо хо­ногийн өмнө цусны шин­жилгээний ха­риу гарсан та­лаар эмч маань над руу залга­лаа. “Чиний СА-125 хэвийн хэмжээнд байна” гэж түүнийг хэлэхэд сэтгэл уужрах шиг болж, нэг сайхан амьсгаа авлаа. Цусанд байдаг СА-125 хэмээх энэ уургийн хэмжээгээр өндгөвчний хорт хавдрын эрсдэлийг хянадаг юм. Гэр бүлийнхэн маань хорт хавдраар хорвоог орхисноос хойш энэ шинжилгээг би жил бүр хийлгэдэг болсон билээ. 

Гэхдээ түүний ярих зүйл үүгээр дууссангүй. “Хэд хэдэн үрэвслийн шинж тэмдэг байна. Тэр бүгдийг хамтад нь харвал хорт хавдрын эхэн үеийн шинж тэмдэг ч байж болох юм” гэлээ. Би хэсэг сааталд оров. “СА-125-аас харвал өнд­гөвчний хорт хавд­рын эхэн үеэс ангид байх магад­лал 50-75 хувьтай байна” гэж тэр хэллээ. Тэгээд намайг да­руйхан мэс засалчид үзүү­лэхийг зөвлөв.

Яг тэрхэн зуурт хорт хав­дар гэсэн онош сонссон хэдэн арван мянган эмэг­тэй чухам юу мэдэрснийг би өөрийн биеэр туулах шиг болсон. Тайван байх хэрэгтэй, хүчтэй бай гэж өөртөө хэлж, хүүхдүүдийнхээ өсч томрохыг, тэднийхээ үр хүүхдийг харахгүй байх шалтгаан надад огт байхгүй гэж би өөрөө өөртөө сануулж байлаа.

Нөхөр рүүгээ ч ярилаа. Тэр энэ мэдээг сонсоод Францаас хэдхэн цагийн дотор наашаа нисч ирсэн юм. Амьдралын ийм нэг үед юу нь хамгийн сайхан гээч. Чи хэний төлөө, юуны төлөө амьдарч байгаагаа, чиний хувьд юу хамгийн чухал вэ гэдгийг хэзээ хэзээнээс илүү мэдэж, мэдэрдэгт л байгаа юм.

Тэр өдрөө би мэс заслын эмч дээр очлоо. Ээжийг маань эмчилж байсан хүн л дээ. Ээж минь амьсгал хураасан тэр өдрөөс хойш түүнтэй огт уулзаагүй юм. Тэр над руу нэг харж нулимс унагаснаа “Чи яг л ээж шигээ харагдаж байна” гэлээ. Үүнийг сонсоод би ч бас хямарчихав. Гэсэн ч бид хоёулаа удалгүй инээмсэглэхтэйгээ болж, ямар ч асуудал тулгар­сан давж туулаад гарна шүү гэж нэг нэгэндээ амласан юм.

Хэт авиан шин­жил­гээнээс би тэгт­лээ айсангүй. Хэрвээ хорт хавдартай байлаа ч эхэн үедээ л байх ёстой гэж бодож байсан учраас сэтгэл маань тайван байсан юм. Хэрвээ өөр бусад эрхтэнд хорт хавдар байлаа гэхэд би тав хоногийн дотор тэр тухай олж мэдэх байлаа. Тэр тав хоногийн хуга­цаанд хүүхдүүдийнхээ хөлбөм­бөгийн тэмцээнийг үзэх, ажлаа үргэлжлүүлж хийх зэргээр аль болох тайван байх гэж хичээж, хэ­рэндээ өөрийгөө завгүй байлгав.

Шинжилгээний хариу ч гарлаа. Хорт хавдрын шин­жилгээ сөрөг гарчээ. Аз жарга­лаар бялхсан би гэдэг хүн бушуухан хүүхдүүдтэйгээ баяр хөөрөө хуваалцмаар байвч шинжилгээ хийх үед биед үлдсэн радио идэвхт бодисын ул мөрөөс болоод тэднийгээ тэвэрч чадсангүй. Хэдийгээр эхэн үеийн хорт хавдар тусах магадлал байгаа ч тэр нь цаашид үсэрхийлж томрох хэмжээний хавдрын хажууд харь­цуулашгүй жижигхэн байсан юм. Санаа амарч тайвширсан ч  өндгөвч, үрийн сувгаа авахуулах уу үгүй юу гэсэн өнөөх сонголт аанай л надад үлдлээ. Тэгээд ч би авахуулахаар шийдсэн юм. 

Би хорт хавдрын BRCA1 гэдэг гентэйдээ ч биш, ерөөс энэ тухай бусад эмэгтэйчүүд дуулж мэдээсэй гэж хүссэндээ энэ мэс заслыг хийлгэхээр шийдсэн. BRCA1 гентэй байх нь шууд л мэс засал хийлгэ гэсэн үг хараахан биш ээ. Би олон ч эмч, мэс засалч, ардын анагаах ухааны мэргэжилтнүүдтэй энэ тухай уулзаж, зөвлөгөө авч байлаа. Өөр сонголт ч бий. Зарим эмэгтэй жирэмслэлтээс хамгаалах эм ууж байхад зарим нь өөр төрлийн эмийн эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдаж байх жишээтэй. Ер нь, аливаа эрүүл асуудлыг шийдэх арга зам нэгээр зогсохгүй байж л байдаг. Хамгийн гол нь, ямар боломж нөхцөл байна, түүнээс өөртөө аль тохирохыг сонгох нь чухал юм.

Миний хувьд, өрнийн, дорнын эмч нарын аль аль нь өндгөвчөө үрийн хоолойтой нь хамт авахуулах нь хамгийн зөв гэж зөвлөж байсан. Учир нь, BRCA генийн түвшин маш өндөр, манай гэр бүлийн гурван эмэгтэй хорт хавдраар нас барсан болохоор мэс засал л хамгийн зөв гарц байв. Ингэхдээ манай гэр бүлийн эмэгтэйчүүдийн хорт хавдраар өвчилж байсан наснаас 10 орчим жилийн өмнө урьдчилан сэргийлэх мэс заслаа хийлгэх нь дээр гэж эмч нар зөвлөсөн юм. Миний ээж 49 насандаа өндгөвчний хорт хавдартай гэдэг нь оношлогдсон. Харин би одоо 39-тэй.

Өнгөрсөн долоо хоногт би тэр мэс заслыг хийлгэсэн. Нэг өндгөвчин дээр жижиг хоргүй хавдар байсныг эмч нар сүүлд надад хэлсэн. Гэхдээ үүнд хортой хавдрын ямар ч шинж тэмдэг байгаагүй гэлээ. Мэс засал хийлгэхдээ дааврын тэнцвэрийг хадгалж байх үүрэгтэй жижиг ерөндгийг үтрээнд байрлуулсан юм. Энэ нь үтрээний хорт хавдраас сэргийлэх давхар үүрэгтэй ч манай гэр бүлийн түүхэнд ийм өвчин туссан тохиолдол байхгүй учраас би санаа зовохгүй байгаа. Мэдээж, хорт хавдрын бүх эрсдлийг арилгаж, үгүй хийх боломжгүй. Би одоо ч хорт хавдар тусах эрсдэлтэй хүний тоонд орсон хэвээр байгаа. Тиймээс биеийн дархлаагаа сайжруулах байгалийн энгийн арга замуудыг эрэлхийлж байна. Өөрийгөө эмэгтэй хүн шүү гэж мэдэрч, хийсэн сонголтондоо, өөртөө, гэр бүлдээ итгэлтэй, бат суурьтай амьдрах гэж хичээж байна. Ямартай ч хүүхдүүд минь “Миний ээж өндгөвчний хорт хавдраар өөд болсон” гэж хэзээ ч хэлэхээргүй болсон гэдгийг мэдэж байна.

Даавар орлуулах эмчилгээ хийлгэж байгаа ч би одоо цэвэршиж буй. Дахин хүүхэд тээж төрүүлэх боломжгүй гэсэн үг. Бас биед маань нэлээд өөрчлөлт гарах байх. Гэхдээ ирээдүйд юу ч болсон би амар тайван байж чадахаар болсон. Энэ нь би сэтгэлийн тэнхээтэй, хүчтэйдээ ч тэгсэн хэрэг биш. Энэ зүгээр л амьдралын нэг хэсэг, айх зүйл огтхон ч байхгүй гэсэн миний бодол  юм л даа.
Харин ийм зүйлтэй залуу насандаа, үр хүүхэдтэй болохоосоо ч өмнө учирч буй эмэгтэйчүүдийн төлөө би илүү санаа зовдог. Тэд надаас ч хүнд хэцүүг туулж байгаа шүү дээ. Миний судалж мэдсэнээр ийм бүсгүйчүүд үрийн сувгаа авахуулаад өндгөвчөө үлдээж болдог бөгөөд ингэснээр наснаасаа эрт цэвэршихгүйгээрээ хүүхэд тээж төрүүлэх боломжтой хэвээр үлддэг юм билээ. Тэд энэ тухай олж мэдсэн байх гэж найдна.

Ийм шийдвэр гаргахад амаргүй гэдгийг би мэднэ. Гэхдээ эрүүл мэндийн ямар ч асуудлыг хянаж, шийдэж болдог юм шүү. Та бүхэн эмч мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, боломжит хувилбаруудыг мэдэж, тэндээсээ сонголт хийж болно. Эцсийн эцэст, мэдлэг бол хүч шүү дээ.

1 Сэтгэгдэл
Эмч нарын үгээр ингэж биеээ сийчүүллээ гээд Жоли одоо сайжраагүй л бна.Яс арьс болтлоо турсан хараглаж бна лээ.Өндгөвчөө авахуулсанаар харин механик хүчтэй цэвэршилтэнд орсоноор ааш авир нь маш муухай болж хажууд нь хүн байхын аргагүй болсон гнэлээ.Сүүлдээ нөхөр Брэд Питт нь хүртэл салчихлаа шүү дээ.Шинжлэх ухааны туршилт болж болохгүй.
Хамгийн их уншсан