Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойн баярыг БНХАУ ирэх есдүгээр сард нийслэл Бээжин хотдоо тэмдэглэхээр зэхэж буй. Олон улсын өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийг оролцуулахаар төлөвлөж буй энэ баяртаа Японы Ерөнхий сайдыг ч урьсан байна. Тус улс Ялалтын баярын урилгаа дэлхийн томоохон гүрний төр засгийн тэргүүнүүдэд илгээснээс Оросын Ерөнхийлөгч В.Путин хүлээн авснаа мэдэгдээд байгаа юм. Харин Японы тал эл урилгыг хүлээн авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Дэлхийн II дайны үеийн түүхээс болж одоо хүртэл харилцаа нь үе үе хүйтэрдэг хоёр улсын хувьд энэ баярт оролцох эсэх нь олон зүйлийн дохио болох юм. Харин ОХУ-ын нийслэл Москвад алдарт Улаан талбайд зохион байгуулдаг уламжлалт Ялалтын баярын тухайд Кремль ч бас олон улс орны төр засгийн тэргүүнүүдэд урилга илгээгээд буй. Тэр дундаас Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Ялалтын баярт оролцоно, түүнтэй уулзахаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе ч Москвад хүрэлцэн ирнэ гэсэн сонирхолтой яриа гараад байгаа ч хараахан батлагдаагүй юм.