Дэлхийн бөмбөрцгийн хуурай газрын бараг талыг нь холбосон хурдны зам барих маш том амбицтай төлөвлөгөөг Оросын Шинжлэх ухааны академийнхан гаргажээ. Ерөнхийлөгч В.Путинд саяхан танилцуулсан энэ төлөвлөгөө хэрэв амьдрал дээр бодит биеллээ олбол Их Британиас Аляск хүртэл үргэлжилсэн 12400 миль буюу бараг 20 мянган километр урттай Европ, Ази, Америк тивийг холбосон зам тавих аж. Өөрөөр хэлбэл Их Британиас АНУ хүртэл өндөр хурдны замаар давхих боломжийг энэ зам олгох юм байна. Уг замын хажуугаар Транс-Сибирийн төмөр зам тавигдахаас гадна газрын тос, байгалийн хий дамжуулах хоолой ч тавихаар төлөвлөжээ.
Зардал төсвийг нь хараахан тооцоогүй “Транс-Евроазийн бүсийн хөгжил” нэртэй энэ нүсэр төлөвлөгөө гаргах ажлыг Оросын Шинжлэх ухааны академийн тэргүүн Владимир Фортов толгойлон ажилласан байна. Ямартай ч тэрбумаас даваад хэдэн их наяд ам.доллараар р босох нь дамжиггүй шинэ замыг тавьж чадвал үр ашгийг нь тооцож баршгүй их байх болно гэж төсөл бичигчид Ерөнхийлөгчдөө танилцуулжээ. Төслийг В.Путинд танилцуулах үеэр Оросын төмөр замын дарга В.Якунин хамт байлцсан гэнэ.
Одоогоор дэлхийн хамгийн урт зам нь Австралийн Нэгдүгээр хурдны зам бөгөөд улсаа бүхэлд нь хэрсэн энэ зам 9000 миль буюу 14 мянган км үргэлжилдэг юм.