Энэтхэгчүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байсан Мэдээллийн технологийн хуулийн 66-гийн А хэмээх заалтыг Дээд шүүхээс нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, хүчингүй болгосон байна. Энэ заалтаар бол олон нийтийн сүлжээ, интернэт сайт, ер нь онлайн орчинд хэн нэгний дургүйцлийг төрүүлсэн коммент бичсэн, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн хүнийг баривчилж, гурав хүртэл жилээр хорихыг хуулиар хүлээн зөвшөөрсөн байсан юм. Энэ ч дагуу олон арван хүн зөвхөн Facebook, Twitter-т бичсэн комментоосоо болж баривчлагдаж, торны цаана суусан. Тухайлбал, энэ сарын 17-нд өсвөр насны нэг хүү Уттар Прадеш мужийн сайдыг Facebook хуудсандаа шүүмжлэн бичсэнээсээ болж хоригдсон бол 2012 оны аравдугаар сард нэгэн бизнесмэн эр Сангийн сайдын хүүг мөн л шүүмжилснээсээ болоод шоронд орж байв. Түүнчлэн нэгэн сайдын шог зургийг найз руугаа и-мэйлээр илгээсэн багш хүртэл баригдаж байсан удаатай.
Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний үндсэн эрхийг хааж боомилсон энэ хуулийг олон нийт эсэргүүцэж байсан ч хуулийн сургуулийн хоёр оюутан Үндсэн хуулийн шүүхэд хандах хүртэл ямар нэг арга хэмжээ авч чадахгүй байсан юм. Хуулийн мэргэжлээр суралцаж буй хоёр оюутан хүний үндсэн эрхийг зөрчсөн энэ хуулийн заалтыг Үндсэн хуулинд нийцэж байгаа эсэхийг шалгуулахаар гомдол гаргасны дараа 66-гийн А гэж алдаршсан онлайн эрх чөлөөг хааж боомилсон хууль хүчингүй болжээ.