Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хавханд орсон Ш.Сарантуяагийн асуудал хүүхдүүдийн эрх ашгийг хохироосоор

А.ЦАГААН

Нийслэлийн Сонгино­хайр­хан дүүргийн 62 дугаар сургуулийн багш нар өчигдрөөс хугацаагүй ажил хаяхаа мэдэгдлээ. Шалтгаан нь хуучин танил  Ш.Сарантуяа захиралтайгаа ахин хамтарч ажиллаж чадахгүй гэнэ. Гурван ч шатны шүүхээс шийдвэр гаргуулж, Шүүхийн шийдвэрийн дагуу тус сургуулийн захирлын албанд буцаан томилогдсон Ш.Сарантуяа хэл амтайхан ажлаа хүлээн авсан ч дахин багш нарынхаа эсэргүүцэлтэй ийнхүү нүүр туллаа. Өмнө нь багш нар нь түүнийг хүлээж авахгүй гэдгээ хэлж эсэргүүцэж тайван суулт хийж, нэг өдөр ажлаа хаяж байсан удаатай. Тэмцлийн хэлбэр нь нааштай үр дүн авчрахгүй албаныхан тодорхой хариу  өгөхгүй байгаа учраас тэмцлээ үргэлжлүүлнэ, үр дүнд хүрэхийн төлөө тууш­тай явах болно гэдгээ хатуухан мэдэгдсэн нь энэ. Татвар төлөгчдийн мөн­гөөр цалинждаг гэдгээ умартаж эцэг, эхэд нь “Хүүх­дүүдээ гэр гэрт нь анхаарал болгоомжтой харж хандаарай” гэж хэлэхийнхээ оронд “Хичээл хэзээ орохыг утсаар мэдэгдэнэ” гэж ирчи­хээд л хүүхдүүдээ тараачихдаг багш нараас юун түрүүнд ёс зүй шаардах л ёстой. 

Тэдний ийм увай­гүй үйлдлээс болж хөөр­хийлөлттэй татвар бүрдүүлэгч эцэг, эхчүүд нь арга ядахдаа хүүхдээ гэрт нь цоожлоод ажил руугаа явсан биз. Өнөөдөр олон мянган хүүхэд харж асрах хүнгүй гэр орондоо хараа хяналт муутай орхигдсоноос болж ямар нэгэн асуудалтай тулгарвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Тэр дундаа төгсөх ангийн хүүхдүүд хохирч үлдэж буйд багш нар нь ямар бодолтой явдаг юм бол. Энэхүү ажил хаялтаар боловсролын үйл­чилгээ үзүүлэгчид, боловс­ролын үйлчилгээний хэрэг­лэгч хүүхдүүд, тэдний эцэг, эх гэр бүл гээд олон талд хамааралтай асуудал болчихоод байгааг багш нар маань яагаад олж харахгүй байна вэ. Энэ мэтээр олон асуултын хариуг нэхэхээр бид дараахь хүмүүстээ холбогдож тодруулга авлаа.

 

Түвшинбат: Ямар ч үндэслэлгүйгээр ажил хаяж байна гэдгийг нь хэлсэн

/Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга/

-62 дугаар сургуулийн багш нар дахиад л ажил хаяжээ. Энэ талаараа та нарт мэдэгдсэн үү?

-Ажил хаях гэж байгаа тухайгаа бидэнд бичгээр мэдэгдсэн. Бидний зүгээс олон хүүхдийн эрх ашгийг хохироож, ажил хаяж болохгүй гэж хариу бичиг илгээсэн. Мөн та нарын ажил хаялт ямар ч үндэслэлгүй юм байна гэдгийг ч хэлсэн. Тухайн дүүргийнх нь боловсролын газар ч ажил хаяж болохгүй гэх утгагүй бичиг хүргүүлсэн байна билээ.

-Үүнээс болж хүүхдүүд тэр дундаа төгсөх ангийн сурагчид хохирч болохгүй биз дээ. Танай байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авах гэж байна вэ?

-Үдээс хойш манай мэргэжилтнүүд тус сургууль дээр очиж ажил хаясан багш нартай уулзаж ярилцана. Төгсөх ангиудын хичээлийг тасалдуулахгүй байх шаардлага тавина. Ямар ч байсан бидэнд ирсэн мэдээллээр хоёр, тав, есдүгээр ангиудын хичээл хэвийн явж байгаа юм билээ.

-Ажил хаяж буй нь анхны тохиолдол биш. Цаашдаа энэ байдлаараа олон дахин ажил хаяад байвал яах болж байна вэ?

-Очиж уулзаад дахин ажил хаяулахгүй талаас нь ярина. Багш нарт хариуцлага тооцох асуудал Хөдөлмөрийн хуулиараа л зохицуулагдана. Мөн Шүүхээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэж ийнхүү ажил хаяж байгаа болохоор Сарантуяа захирал Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэ маягаар л асуудлыг шийдвэрлэнэ дээ.

Ш.Сарантуяа: Бүгд ажил хаяагүй

/62 дугаар сургуулийн захирал/

-Танай багш нар дахиад ажил хаясан гэв үү?

-Тийм ээ. Гэхдээ бүгд биш. Зарим нь ажлаа хэвийн хийж байна. Тухайлбал, бага ангиудын хичээл орж байгаа. Ахлах ангиудаас ганц нэг нь хичээллэсэн.

-Тэгэхээр ахлах ангийн багш нар  ажлаа хаясан гэж ойлгож болох нь ээ?

-Ажил хаяж буй нөхдүүд хичээлийн нэгдүгээр байрны хаалгыг барьчихаад хүүхдүүдийг оруулахгүй байгаа юм.

-Нийслэлийн боловсролын газраас ажлаа хаяж болохгүй гэсэн бичиг хүргүүлсэн гэсэн.  Гэтэл дур мэдэн ийм үйлдэл гаргасан багш нарт та хууль ёсны  захирлын хувиар ямар хариуцлага тооцох гэж байна вэ?

-Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.

Ж.Сэржмядаг: Ш.Сарантуяа залуу багш нарын толгойг эргүүлж байна

/Математикийн багш/

Хэчнээн багш энэ удаад ажил хаяхаа мэдэгдэв?

-142 багш, ажилтан байна. Сарантуяа даргатай хамтарч ажиллах ямар ч боломжгүй учир ийнхүү ажил хаяж буйг ойлгох хэрэгтэй.

-Ш.Сарантуяа захирал ажлаа хүлээж аваад нэлээд хэд хоносон. Энэ хугацаанд асуудлыг эергээр шийдвэрлэх боломж та нарт байсангүй юу?

-Ажлаа авсныхаа дараа багш нарыг нэг нэгээр нь өрөөндөө дуудаж уулзсан л даа. Нэг жил ажилгүй байсан зэргээр хувийн амьдралаа ярьж багш нарт өөртэйгөө хамтарч ажиллах шахалт хүртэл үзүүлсэн байна билээ. Ямарсайндаа манай залуу багш нар захирлыг өрөвдөөд байна, аль талд нь зогсохоо мэдэхгүй байна гэж байхав дээ. Энэ мэтчилэн залуу багш нарын толгойг эргүүлж байна. Бидний хувьд ямар ч гэсэн энэ захиралтай гар нийлж ажиллаж чадахгүй.

-Нийслэлийн боловсролын газраас та нарт ажил хаяж болохгүй гэх утгатай бичиг илгээсэн гэсэн?

-Хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалаарай, бодолцож үзээрэй гэсэн утгатай байсан шүү дээ. Тэрнээс биш та ажил хаяж болохгүй гэж бичсэн зүйл байхгүй.

-142 багш, ажилтан ажил хаясан гэлээ. Гэтэл Ш.Сарантуяа захирал бага ангиуд хэвийн хичээллэж байгаа гэсэн мэдээлэл өгсөн.  Энэ асуудлаас болж төгсөх ангийн хүүхдүүд л нэлээд хохирол амсах нь дээ?

-Дөрөв, таван багш л хичээлээ заасан. Бидний зүгээс төгсөх ангийн хүүхдүүдээ хохироохгүйг хичээж байна. Тиймдээ ч өнөөдөр монгол хэлний шалгалтын давтлагыг нь өгсөн.

-Цаашид энэ хэвээр ажлаа хаях уу, хэдий хүртэл үргэлжлэх вэ?

-Бидний шаардлагыг хэдийд биелүүл­нэ тэр цагт л ажлаа хэвийн үргэлжлүүлж хийх болно.

Үнэндээ ажил хаялтын хамгийн гол золиос нь хүүхдүүд болж амжилттай сурах, амьдралд бэлтгэгдэх эрх нь бүдүүлгээр зөрчигдөж буй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэгчээр энэ нийгмийн хамгийн оюунлаг хүмүүс болох багш нар ийнхүү ёсгүй аашлах нь хэр зохимжтой вэ. Багш нараас гадна даргын суудал ч бас хүүхдийн эрх ашгийг зөрчиж буйг мэдрэх л хэрэгтэй баймаар. Зөвхөн өөрсдийнхөө шаардлагыг л урьтал болгож байсхийгээд л ажил хаяна гэж айлгаж, сүрдүүлж ирсэн тус сургуулийн багш нарт хариуцлага тоо­цож чадах эрхтэн дархтан гэж байна уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан