Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэдээж би бүгдийг нь хөнөөсөн


-Америкийн саятан эр үйлдсэн хүн амины хэргээ телевизийн нэвтрүүлгээр илчлэв-

Хэрэг хуучирдаггүй гэдэг үгийг батлах нэг жишээг америкчууд нүдээрээ харлаа. Үл хөдлөх хөрөнгийн худалдаачин Роберт Дарстыг өнгөрсөн амралтын өдөр баривчилснаар 30-аад жилийн өмнө гарсан хэргийн ээдрээ сая нэг тайлагдаж магадгүй болоод байна. Этгээд хачин амьдралтай гэдгээр нь олон мэддэг, хоёр гурван ч удаа хүн амины хэрэгт холбогдож байсан ч нотлох баримтгүйн улмаас өдийг хүртэл эрх чөлөөтэй явсан асар туршлагатай гэмээр алуурчин эцэстээ хайхрамжгүй алдаанаасаа болоод хамаг хэргээ илчилж орхив бололтой. Роберт Дарстын үйлдсэн байж болох гэмт хэргийг цагдаа хүчнийхэн илрүүлж чадаагүй ч түүний тухай баримтат кино хийсэн уран бүтээлчид “санамсаргүйгээр” гэм буруутай гэдгийг нь өөрөөр нь хэлүүлж чаджээ.

Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын HBO телевизээр “Роберт Дарстын амьдрал, үхэл” хэмээх баримтат кино­ны сүүлчийн хэсэг үзэгч­дэд хүрсэн юм. Энэ бол давтан хүн амины хэргийн сэжигтэн өнөөх баян эрийн амьдралын тухай өгүүлсэн нэвтрүүлэг юм. Найруулагч Эндрью Жарекигийн хийсэн энэ нэвтрүүлэгт зориулж Роберт Дарст өөрөө дэлгэрэнгүй ярилцлага өгөхийг зөвшөөрчээ. Мэдээж ярилцлагын үеэр түүнийг сэжиглэдэг гэмт хэргүүдийн тухай, ялангуяа дотны найз Сьюзан Берманы үхэлд холбоотой эсэхийг сэтгүүлч тодруулж асуусан байна. Роберт Дарст урьдын адил өөрийгөө ямар ч гэм буруугүй гэж камерын өмнө хариулсан ч хөшигний цаана орохдоо харин ам алдаж, өөрийгөө алуурчин гэдгийг зарлаж орхижээ. Тэрээр ярилцлага дууссаны дараа энгэрт зүүсэн микрофоноо авахаа мартаад ариун цэврийн өрөөнд орчихоод сэжиг бүхий дараах үгсийг хэлснийг нэвтрүүлгийн багийнхан алдалгүй бичиж авчээ. “Ийм л байна. Чи баригдчихлаа. Би ер нь юу гээчийн зүйл хийчих вэ. Мэдээж, би тэднийг бүгдийг нь алсан” гэж Роберт Дарст ариун цэврийн өрөөнд өөрөө өөртэйгөө ярих мэт хэлсэн аж. Бүх гэм буруугаа хүлээсэн эдгээр үгсийг нь нэвтрүүлгийн багийнхан бичиж аваад, баримт киноныхоо төгсгөл хэсэгт оруулж өгчээ.

Олон нийтийн хувьд цочир сонин энэ нэвтрүүлэг өнгөрсөн ням гарагийн орой үзэгчдэд хүрсэн ч телевизээр цацагдахаас өмнө буюу бямба гарагт нь Роберт Дарстыг Холбооны мөрдөх товчооныхон баривчилсан байна. Тэгэхээр түүний үйлдсэн байж болох гурван хэргийг нэвтрүүлгийн уран бүтээлчид илрүүлж, баримт нотолгоо олсноор хууль шүүхийн өмнө авчирлаа гэж хэвлэлүүд бичиж байна. Тэрээр дараах гурван хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.

Роберт Дарст холбоотой байж болох, гэхдээ түүнийг хэзээ ч сэжигтнээр татаагүй эхний хэрэг 1980-аад оны эхээр гарчээ. Түүний эхнэр Кэтлин Маккормак 1982 оны нэгдүгээр сарын 31-нээс хойш сураггүй алга болсон юм. Эхнэрээ алга болох үеэр Роберт Дарст өөр эмэгтэйтэй тусдаа амьдарч байсан бөгөөд Кэтлиний сураггүй болсныг цагдаад өөрөө мэдэгдсэн аж. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд энэ хэрэгтэй холбоотой ямар ч сураг гараагүйн дээр эхнэрийнх нь цогцос ч олдоогүй юм. Энэ хэрэгт Роберт Дарст холбоотой байх гэж гэр бүлийнхэн болоод найз нөхөд нь сэжиглэдэг ч цагдаагийнхан түүнийг шалгаж үзээгүй аж.

Харин түүний холбогдсон хоёр дахь хэрэг бол 2000 онд гарсан Сьюзан Берманы хүн амины хэрэг юм. Зохиолч Сьюзан Берман Р.Дарстын сайн найз байсан бөгөөд тухайн үед түүний хэвлэлийн төлөөлөгчөөр ажилладаг байж. Тэр үед цагдаагийнхан Р.Дарстын алга болсон эхнэрийн хэргийг дахин сөхөж, энэ талаар Сьюзанаас байцаалт авах гэж байжээ. Гэтэл цагдаагийнхан Сьюзантай уулзахын өмнөхөн түүнийг Беверли Хиллс дэх гэртээ толгойн тус газраа буудуулан нас барсан байхыг олсон юм. Энэ хэргийн тухай нэрээ нууцалсан нэгэн хүн цагдаад захидал илгээн мэдэгдэж, Сьюзаны гэрийн хаягийг зааж өгсөн байдаг. Энэ бол алуурчин өөрөө илгээсэн захидал гэж мөрдөгчид үздэг. Үүнийг нотлох баримт гэж үзэж болохгүй ч сэжиг төрүүлэх нэг сонирхолтой баримт байдаг нь Р.Дарстын өмнө нь Сьюзан руу илгээж байсан зурвас болон цагдаад илгээсэн захидал хоёрын бичгийн хэв туйлын адилхан байдаг аж. Тэр ч бүү хэл хоёр зурвас дээр “Beverley” гэж яг ижилхэн үг үсгийн алдаатай бичсэн нь анхаарал татдаг юм. Үүн дээрээс үндэслэн Р.Дарстыг хэрэгт холбоотой байж болзошгүй гэж сэжиглэж байсан ч хангалттай нотлох баримт олж чадаагүй аж. Баримтат киноны үеэр ч сэтгүүлч энэ тухай асуусан бөгөөд Р.Дарст цагдаад илгээсэн захидал бол алуурчны өөрөө илгээсэн зурвас мөн гэж үздэгээ хэлсэн боловч өөрийгөө гэм буруугүй гэж хариулсаар байжээ.

Р.Дарст найзынхаа үхэлд сэжиглэгдсэний дараа Техас руу нүүж, нэг хэсэг хэнд ч үл анзаарагдам амьдарч байсан юм. Гэвч жилийн дараа тэр дахиад л хүн амины хэрэгт холбогдсон. Энэ удаа түүний хөрш, настай эр хохирогч болжээ. Хохирогчийн хэдэн хэсэг тасдуулсан цогцос голд хөвж явахыг олсны дараа Р.Дарстыг сэжиглэн баривчлах гэсэн боловч тэр цагдаагийнхнаас зугтааж, хэсэг хугацаанд алга болжээ. Гэхдээ тэр удалгүй Пенсильвани мужид дэлгүүрээс сэндвич, сонин хулгайлсан хэргээр баригдсан гэдэг. Хачирхалтай нь, түүнийг баривчлах үед халаасанд нь бэлэн 500 ам.доллар, машинд нь 37 мянган ам.доллар, хоёр гар буу, марихуан байсан гэнэ.  Ингээд шүүхийн өмнө ирсэн Р.Дарст хөршөө хөнөөсөн нь тогтоогдсон боловч түүнийг аргагүй хамгаалалт хийж, бусдын аминд хүрсэн гэж өмгөөлөгчид нь эцсээ хүртэл хамгаалж, хөнгөн ял сонссон аж. Ингээд ял эдэлж байгаад 2005 онд суллагдсан ч түүний тарьсан жижиг сажиг хэрэг үргэлжилсээр байж.

Мэдээж энэ хооронд Дарстын гэр бүлийнхэн Робер­тоос зайгаа авч, түүнд гэр бүлийнхээ дөрвөн тэрбум ам.дол­лараар үнэлэгдэх хөрөнгөнөөс нэг удаа 65 сая ам.доллар олгоод, холбоо харилцаагаа тасалжээ. Р.Дарст ч мөнгөөр дутагддаггүй байсан бөгөөд 2014 онд үл хөдлөх хөрөнгийн хоёр ч том унцтай наймаа хийсэн байна.

Одоо 70 гарсан үл хөдлөх хөрөнгийн худалдаачин олон арван жилийн турш нууцалсаар ирсэн гэмт хэрэгтний багаа энэ удаа шүүхийн өмнө хуулж хаяхаас өөр аргагүй гэж олон нийт хүлээж байна. Түүнийг баривчилсанд Дарстын гэр бүлийнхэн баяртай байна гээд эртнээс хойш холбоотой гэж сэжиглэсээр ирсэн нууцлаг хэрэг удахгүй шийдэгдэх нь гэж мэдэгджээ. Гэхдээ санамсаргүй хэлсэн үгс шүүхээс түүнийг яллах хэмжээний нотлох баримт болж чадах эсэх нь эргэлзээтэй гэж мэргэжлийн экспертүүд, хуульчид хүртэл хэлж байна. Нэгдүгээрт, түүний хэлсэн үгийг бичиж авсан микрофон болон бусад төхөөрөмж нь хуулийн байгууллагынх биш, хоёрдугаарт түүний хэлсэн үгийг өмгөөлөгчид нь ямар ч агуулга сэдлээр тайлбарлаж, хамгаалах боломжтой юм. Тиймээс Роберт Дарст алуурчин мөн эсэх, түүнд ял хүлээлгэж чадах эсэхийг шүүх хурлын үйл явц л харуулах үлдлээ.

0 Сэтгэгдэл
Tov aimgiin mordond 7 honuulchih.
Хамгийн их уншсан