Их Британийн ханхүү Харри ирэх зургадугаар сард армийг орхиж, амьдралдаа шинэ хуудас нээнэ гэж Кенсингтоны ордноос зарлалаа. 10 жил армид алба хаахдаа дэлхийн халуун цэг Афганистанд хоёр ч удаа үүрэг гүйцэтгэсэн ханхүү ирэх сард Австралийн батлан хамгаалах хүчинд дөрвөн долоо хоногийн хугацаатай туршлага солилцож ажилласны дараа армийн үүрэгт ажлаа албан ёсоор өгөх юм байна.
Армийг орхино гэдэг ханхүүгийн хувьд маш хүнд шийдвэр байжээ. Тэрээр салаа замын уулзварт шийдвэр гаргах гэж нэлээд бодсоны эцэст 10 жил зүтгэсэн цэргийн албаа эцэслэхээр шийдсэн гэж мэдэгдэлд дурдсан байна. Гэхдээ ханхүү цаашид ямар ажил голчлон хийхээ хараахан шийдээгүй байгаа аж. Ямартай ч сүүлийн жилүүдэд хийсээр ирсэн Африк дахь сайн дурын ажил болон шархдаж бэртсэн цэргүүдэд туслах сайн санааны хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байх гэнэ.
Тэрээр 2004 онд армид шалгалт өгч тэнцсэний дараа 2005 оны тавдугаар сараас бусад цэргийн нэгэн адил улсынхаа зэвсэгт хүчинд зүтгэж эхэлсэн. Британийн цэргийн академид харьяалагддаг тэрээр 2007 онд Афганистанд 10 долоо хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн боловч тэнд байгааг нь хэвлэлийнхэн олж мэдсэний дараа нутаг буцахаас өөр аргагүй болсон юм. Ингээд тэрээр 2009 оноос Армийн агаарын корпуст нисгэгчээр суралцаж эхэлсэн бөгөөд 2012 оны хоёрдугаар сараас “Apache” байлдааны нисдэг тэрэгний нисгэгч болсон. Тэр жилийнхээ сүүлчээр Афганистанд болсон ажиллагаанд ханхүү оролцсон юм.