“Apple” компанийн одоогийн захирал Тим Күүк компанийнхаа үндэслэгч, тухайн үеийн босс Стив Жобсыг хүндээр өвдөх үед түүнд элгээ өгч, донор болохыг хүсч байжээ. 2004 онд нойр булчирхайн хорт хавдраар өвчилсний улмаас 2009 он гэхэд бие нь бүр дордож элэгний донор хайж байсан Стив Жобс хамтрагчийнхаа энэ саналаас маш ууртайгаар татгалзсан гэнэ. Олон жил хамт ажиллахдаа тоотой хэдэн удаа л хоорондоо маргалдсаны нэг нь энэ байж. Бараг өдөр хоногоо хүлээж буй мэт шаналгаатай хүнд үеийг туулж байх үед нь Тим Күүк Стив Жобстой ижил бүлгийн цустай гэдгээ мэдээд элэгний донор болж чадах эсэхээ мэдэхээр нарийн шинжилгээ хүртэл хийлгэсэн байна. Түүний бүх зүйл донор болоход тохирно гэсэн хариу гарч, энэ талаар Тим Күүк хамтрагчдаа дуулгахад Стив Жобс маш их уурлаж “Би чамаар хэзээ ч ийм зүйл хийлгэхгүй. Хэзээ ч үгүй” гэж хашгирсан гэнэ. Энэ тухай “Becoming Steve Jobs” хэмээх энэ сард худалдаанд гарах шинэ номонд өгүүлжээ. Дээрх номонд Стив Жобс болоод түүний компанийнхаа ирээдүйг даатгаж үлдээсэн Тим Күүкийн хоорондын харилцааны тухай нэлээн дэлгэрэнгүй өгүүлснээрээ дэлхийн хамгийн хүчирхэг технологийн компанийн дотоод амьдрал руу өнгийж харах боломжийг уншигчдад олгосон гэнэ.
Стив Жобс 2009 оны гуравдугаар сард элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсний дараа хэсэг хугацаанд эмчилгээ хийлгээд буцаад компанийн ажилдаа орсон.
Гэвч түүний бие төдий л сайжралгүй 2011 оны наймдугаар сард захирлын суудлаа Тим Күүкт шилжүүлээд, тэр жилийнхээ аравдугаар сард нь 56 насандаа хорвоог орхисон билээ.